“Дэлхийн яруу найргийн өдөр” маргааш тохионо
2014-03-20

 

ЮНЕСКО-гоос  жил бүрийн 03 дугаар сарын 21-ний өдрийг “Дэлхийн Яруу найргийн өдөр”  болгон тэмдэглэхийг 1999 онд дэлхий нийтэд уриалж тунхагласан. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Монголын Үндэсний Номын Сан хамтран зохион байгуулах “Дэлхийн яруу найргийн өдөрт:  Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.

 

Энэхүү дэлхийн өдрийг дэмжин сурталчлах хийгээд энэ талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх үүднээс дээрх гурван байгууллага хамтран шинэ үеийн уншигчдыг ахмад зохиолч, яруу найрагчидтай уулзуулах  уулзалт, хэлэлцүүлгийг маргааш 13.00 цагт Үндэсний Номын Сангийн “Их уншлагын танхим”-д зохион байгуулах юм байна.

   

Хөтөлбөр ёсоор “Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” илтгэлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын секторын эрхлэгч, доктор (Sc.D), профессор С.Байгальсайхан хэлэлцүүлнэ. Мөн Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Ш.Сүрэнжав, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Соёлын гавьяат зүтгэлтэн, судлаач Я.Ганбаатар, Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Хулан нар үг хэлж, шинэ үеийн уншигчидтай уулзах юм.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин