Гадаад хэргийн дэд сайд нар зөвлөлдөв
2014-04-11

 

Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-ны өдөр Москва хотноо болжээ. Зөвлөлдөх уулзалтад хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлсэн байна.

Уулзалтын үеэр  Улаанбаатар хотноо болсон өмнөх зөвлөлдөх уулзалтаар ярилцсан асуудлуудын хэрэгжилтийн явц, түүнээс хойш хийсэн ажлууд, яам хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн талаар санал солилцож, ойрын үед хийх ёстой тулгамдсан асуудлуудын талаар авч хэлэлцжээ.

Мөн уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалуудыг зохион байгуулах, Халх голын хамтын ялалтын 75 жилийн ойг хамтран тэмдэглэх, Улаанбаатар хотноо болох Засгийн газар хоорондын комиссийн дараагийн  хуралдаан, Бүс нутаг болон хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссийн ээлжит хуралдааны зохион байгуулалтай холбогдсон асуудлууд болон хоёр улсын олон улсын хийгээд бүс нутгийн хэмжээн дэх хамтын ажиллагаатай холбогдсон өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож ярилцжээ.

,

Д.Цэцэг

Shuud.mn
Сонин хачин