Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ
2011-12-08

Хүн худалдаалах гэмт хэргийн өнөөгийн байдал, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх  асуудлын талаар НХХЯ-наас дараах мэдээллийг өгч байна. 2006-2010 онд хүн худалдаалах 71 холбогдогч, 129 хохирогчтой 51 гэмт хэрэг, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах 92 холбогдогч, 59 хохирогчтой 82 гэмт хэрэг тус тус цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан байна. Шүүхээр сүүлийн 7 жилийн хугацаанд 8 хэргийг Эрүүгийн хуулийн 113-р зүйл (хүн худалдаалах)-ээр шийдвэрлэжээ. Хүн худалдаалах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын тухайд Засгийн газраас хүн худалдаалахтай тэмцэх зорилгоор 2005 оноос эхлэн “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих Үндэсний зөвлөлийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам ахалж энэ чиглэлийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах, үйл ажиллагааны давхардлыг арилгах, хөрөнгө нөөцийн хуваарилалт, ашиглалтыг сайжруулах, мөн гадаад орон, олон улсын байгууллагаас дэмжлэг авах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, түүнчлэн дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, хүн худалдаалах асуудлаар 30 гаруй төрийн бус байгууллага 12 хандивлагчийн тусламжтайгаар 1-5 жилийн хугацаатай 13 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд өнөөгийн байдлаар хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээг 2 байгууллага, хуулийн зөвлөгөө өгөх чиглэлээр 5 байгууллага, сэтгэл зүйн зөвлөлгөө өгөх чиглэлээр 4 байгууллага, сургалт явуулах, чадавхи бэхжүүлэх үйлчилгээг 10 байгууллага эрхэлж байгаа аж. Түүнчлэн 2009 онд төрийн болон ТББ-уудын хамтран боловсруулсан “Хохирогчийг хамгаалах байр, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” Монгол Улсын стандартыг баталснаар энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж байгаа байгуулагын үйл ажиллагаанд хяналт тавих боломжтой болсноос гадна хохирогчийн аюулгүй байдал дээшилж, улмаар  үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын үйлчилгээний нэр төрөл, чанар сайжрахад ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Мөн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийг хамгаалах, хүн худалдаалахтай тэмцэх асуудлыг тусгах  ажил хийгдэж байна. Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Хүний аюулгүй байдлын судалгааны төвийн хэрэгжүүлсэн төслийн дэмжлэгтэйгээр ЦЕГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн харъяанд Хүн худалдаалах болон зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх тасгийг ЦЕГ-ын даргын 2010 оны 394 дугаар тушаалаар байгуулсан нь Монгол Улсын хэмжээнд хүн худалдаалах гэмт хэргийн нөхцөл байдлыг даамжруулахгүйгээр хяналтандаа авах, хохирогчийн эрхийг хангах, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, урьдчилан сэргийлэхэд  чухал ач холбогдолтой арга хэмжээ болжээ. Мөн  Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах, хүлээсэн үүргээ биелүүлэх, хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх үндсэн эрх, эрх чөлөөнд халдсан ноцтой гэмт хэрэг-хүн худалдаалахтай тэмцэхэд чиглэсэн бие даасан хууль батлан мөрдүүлэх зайлшгүй шаардлагатайг харгалзан төрийн ба ТББ-уудаас бүрдсэн ажлын хэсэг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад  байна. Засгийн газраас хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байгаа хэдий ч энэ төрлийн гэмт хэрэг гарах нөхцөл шалтгаан байсаар байна. Хүн худалдаалах гэмт хэрэг нь нууцлагдмал, далд байдалд зохион байгуулалттайгаар явагддаг учраас хохирогч өөрөө хандаагүй тохиолдолд илрүүлэхэд хүндрэлтэй бөгөөд зарим тохиолдолд хууль, цагдаагийн байгууллагын ажилтнуудын мэдлэг, туршлага дутуугаас хохирогчийг буруутгах, гэмт этгээдийг цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох явдал гарч байна. Харин цаашид авах арга хэмжээний талаар НХХЯ-наас дараах зүйлсийг гаргаж байна. Бодлогын хүрээнд: Хүн худалдаалахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг эрх зүйн орчныг бий болгох, боловсронгуй болгох, хүчин төгөлдөр зарим хууль тогтоомжийг эргэн авч үзэх; Гадаад шилжих хөдөлгөөний хяналтын механизмыг боловсронгуй болгох, тухайлбал гадаадад зорчсон насанд хүрээгүй Монгол Улсын харъяат иргэнийг эх орондоо эргэж ирсэн эсэх, гадаадад насанд хүрээгүй хүүхэд дагуулан зорчиж байгаа иргэдээс тухайн хүүхдийн талаархи бодит мэдээллийг шаардах, хянах эрхийг Хил хамгаалах ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгох асуудлыг холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх; Хүн худалдаалах, хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт ашиглах зорилгоор интернэт, шинэ технологи ашиглахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиглэсэн тодорхой үйл ажиллагааг авч хэрэгжүүлэх, интернэт үйлчилгээ үзүүлэгч, үүрэн утасны компани хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашиглах, садар самуунд сурталчилахаас хамгаалах талаар хуулийн дагуу үүрэг хүлээдэг байх эрх зүйн орчин бий болгох; Эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр насныхныг бэлгийн мөлжлөгт ашиглах үйлдлээс урьдчилан сэргийлэх, гэмт этгээдийг илрүүлэх, яллан шийтгэх, хохирогчийг хамгаалах зорилгоор олон талт, бүсийн болон хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж ажиллах; 2005 онд батлагдсан “Хүн худалдах, ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг зөвхөн бэлгийн мөлжлөгөөр хязгаарлахгүйгээр хөдөлмөрийн мөлжлөгийн асуудыг тусган өргөжүүлэх, төсөв хөрөнгийг шийдвэрлүүлэх; зэрэг асуудал байна. Харин практик арга хэмжээг эрчимжүүлэх чиглэлээр: Хүн худалдаалахтай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, ОУБ-уудын судалгаа, зураглал гаргах, тэдний үйл ажиллагааг урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэх зэргээр төрөлжүүлэн, илүү бодитой, үр дүнд суурилсан бодлого, зохицуулалтад чиглүүлэх; Хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, нийгэмшүүлэхэд чиглэсэн үйлчилгээг Нийгмийн халамжийн хуулийн дагуу гэрээлэн үзүүлэх, холбогдох бусад талуудын оролцоог нэмэгдүүлэх; Олон нийтэд чиглэсэн урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах; шаардлагатай байна гэж үзжээ.        
Shuud.mn
Сонин хачин