Өнөөдөр өглөөний 11 цагийн орчимд Хятадын Гуанжоу хотын галт тэрэгний буудалд хутгаар зэвсэглэсэн этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 11 хүн гэмтсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
Цагдаагийн ажилчид халдлага үйлдсэн этгээдийн нэгийг буудаж аюулгүй болгосон байна. Гуанжоу хотын цагдаагийн дарга И Рюн хэвлэлийхэнд “Халдлага үйлдсэн гэмт этгээдүүд Шинжаан Уйгар үндэстэнүүд байх магадлалтай байна. Тэгэхдээ энэ бол ердөө таамаг” гэжээ.
Сэтгүүлчид И Рюнээс цагдаагийн ажилчид галт зэвсэг хэрэглэсэн тухай асуухад “Хутгаар зэвсэглэсэн этгээдүүд хүмүүс рүү халдсан. Цагдаагийн ажилчид хэрэгтнүүд хутгаа хая гэсэн ч тэдний шаардлагыг биелүүлээгүй учир гал нээсэн” хэмээжээ.
Энэ хэргээс гадна өнгөрсөн гуравдугаар сард Куньмин хотын галт тэрэгний буудалд хутга барьсан этгээдүүд иргэд рүү дайрсаны улмаас 29 хүн амиа алдаж, 130 хүн гэмтсэн билээ. Мөрдлөгийн явцад дээрх хэргийг Уйгар үндэстнүүд хийсэн нь илэрсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |