Такси № 82
2014-06-04

Энэ удаа эхлээд хоёр хөөрхөн хөгжилтэй талдаа яриа хөөрөө тохиолдлыг орууллаа. Харин төгсгөлд хүнд л сэдэв буулаа даа. Өнөөх л гэр орноосоо дайжин биеэ үнэлдэг тэнэдэг охидын хэдтэй нь таарч нэгэн өвөрмөц отолтонд оролцчихсон тухайгаа бичлээ.  Мэргэн уншигчид үүнийг уншсаны эцэст бодол дүгнэлтээ үлдээх биз дээ. Үүгээр оршлоо товчильё

6

1. “Таанцчид”

Ард кино театрын харалдаа урдаас 50 орчим насны хоёр эмэгтэй суун Бөхийн өргөө явья гэлээ. Хол гүйсэн юм уу гэмээр хөлс нь чийхарсан, тун тааруухан хувцас хунартай байсан зэрэг нь анхаарал татсан тул яриаг нь анхааран сонслоо.

6

Э/эмэгтэй/ -Өө тэр нэгэн өвгөн намайг ёстой алж өгсөн, аймаар эргүүлээд.

Н/найз/ -Аль тэр үүдэнд зогсоод байсан өвгөн үү?

Э -Тийн ккк, бүгд л бид хоёрыг хараад байсан уу тэ?

Н -Гэхдээ тэр чинь бас давгүй бүжиглэчихдэг юм байна лээ ш тээ.

Э -Намайг ёстой алж өгсөн ингэж мэнгэж эргүүлээд ккк /гараа гозгонуулав./

Н -Маргаашнаас явах юм уу?

Э -Маргааш нэг юм үзэж харж амарчихаад тэгээд явандаа. Яв нь гэхээс үстэй толгой арзайж байна шүү.

Н -Явахаасаа өмнө дахиад нэг бүжгэнд орно шүү за юу.

Э -Намар нөгөө нэг юугаар ирж магадгүй ирэхгүй ч байж магадгүй. Гэхдээ эндэхийн бүжиг гоё болох юмаа.

Н -Зарим нь бүжиглэх гэж биш худлаа гайхуулах гэж ирдэг юм биш үү.

Э -Тэр нэг шар үстэй хүүхэн байсан даа. Тохойгоороо хүн хүн ёворч унагаачих гээд л. Гараараа дүүрэн шар шармал юм зүүчихсэн.

Н -Дээр намайг нэг ороход тэр чинь хэдэн авгай тойруулчихсан “аан ёстой 500 мянгаар шар алт аваад” гээд гайхуулаад байсан юм. 500-аар алтан бөгж авч харагдаач.

Э -Хотын таанцчид аймаар юмаа. Тэр өвөө л намайг ёстой сэнсрүүллээ шүү.

Н -Хөөш явахаасаа өмнө заавал нэг орно шүү...

6

Бүжиглэж нэлээн хөлөрсөн бололтой үс нь нэлээн эвгүй овоорсон хоёр найз авгай ийн хөөрөлдсөөр Баянзүрх захын уулзвар дээр буулаа. Тэр бүжгийн газарт нь нэг очиж хармаар санагдлаа.

6

2.Хүнд зааварлаад түлхүүр орхиулсан эхнэр

Өлгийтэй хүүхдээ тэвэрсэн дунд насны хос 3-р цахилгаан станцын арын уулзварын тэр хавьд нэг байшинд хүргүүллээ. Хүүхэд нь шөнөжин халуураад эмч домч болж яваад буцаж байгаа гэнэ.

Та хоёр тархийг нь эхлээд бариулсан дээр дээ. Халуураад гүйлгээд байгаа бол тархи байх шүү. Эмч нар чинь тархийг ханиадтай андуураад байдаг гэсэн шүү. Эхлээд хаширлаад нэг бариулчихад гэмгүй юм билээ дээ гэж би эцэг хүний хашир туршлагаасаа хуваалцлаа.

6

Э/эмэгтэй/ -Өклөө эрт толгойк нь базуулчихаад дараа нь эмнэлэгт явчихлаа ш тээ бид. Тэгсэн койлой барьсан  көкүүл каниад гэж байна. Эм л бөөнийг авлаа гэлээ.

Бид хэд явсаар мөнхийн үсэг компани руу ордогийн наахна эргэж хашаа даган сүлжсээр нэг нийтийн байртай төстэй улаан байшинд тулж ирлээ. Эхлээд цүнхэндээ мөнгөө нэлээн хайсан эхнэр дараа нь гэрийн түлхүүрээ хайж эхэллээ.

Э -Өө дүүрцэн тэнэг юм аа. Түрүүний машинд унагаснаас зайлаагүй боллоо. Аль чи кармандаа үзээдэх ээ. Алга уу.

Н/нөхөр/ -Өө өнөөдөр яасан бүтэлгүй төвөгтэй өдөр вэ. Одоо тэгээд яахын.

Э -Үкүй чиний түлкүүр яацийн.

Н -Надад юу гэж байх юм бэ. Чи хүнд зааварлаад түлхүүрээ орхи орхи гээ биз дээ.

Э -Үкүй чи юундаа уурлах. Олон түлкүүр хармайлж чамд төвөг л гэсэн...

5

Алга болсон түлкүүрийн эрэл нэлээн сунжирсан тул би оролцож “Суудлааараа сайн харав уу. Наад хавьд чинь унаагүй байгаа даа” гэлээ. Эхнэр нь “Үкүй чи буугаад энэ шалавч дэвсгэрээ нэг сайн шилгээгээд сэгсрээдхээч. Хий зааварлаад байцаагаад суухын” гэж намайг зөрүүлээд хангиналаа.

5

Би ч бууж хэлсэн ёсоор хойгуур шалавчаа хэд шилгээж сэгсрээд түлхүүр гарч ирсэнгүй. Нөгөө муу өлгийтэй жоохон нь уйллаа. Манай хоёр ч салан палангаа дуудалцаад дуу нь өндөрсөөд эхэллээ. Гэтэл нөхөр гэнэт сэтгэн “Хөөш хө, бид хоёрын тэр 119-ийн буудалд дээр буулгасан такси нэг хуушуурын гуаанзны гадаа зогсоод дотогшоо ороод үлдсэн. Тэндээ байгаа байх аа, буцаад давхиад хүрье, тэгэх үү” гэлээ.

6

Эхнэр хажуугаас “кэ тэр хүрээд эргээд ирэх таксины мөнгө чи бид хоёрт байх уу”  гэж бухимдлаа. Эхнэр хүүхдээ гадаа хөхүүлэн үлдэж бид хоёр буцаад давхилаа. Азтай, нөгөө жолооч нь яг сайхан амаа арчиж шүдээ чигчийлсээр Монгол хуушуур гэсэн хаягтай цайны газраас гараад ирлээ. Учраа хэлж машиных нь шалавч энэ тэрийг шилгээж сэгсэрч үзвэл шар гинжин оосортой цагаан түлхүүр олдлоо. Бид хоёр бөөн баяр болж, өнөө таксины жолооч ч маадгар “Би явчихсан бол та хоёр яана. Яг явах гэж байсан юм. Тэгээд жоохон зогсьё доо гээд байж байсийн” гэж бид хоёрын азтай байгаад өөрийн хувь нэмрээ тодотголоо.

6

Ингээд хүүхдээ уйлж үлдсэнд санаа зовсон аав суудалдаа олилзсоор би хэрдээ давхисаар буцаад байранд нь ирлээ. Замд аав болох залуу “Хоосон хоноод ч болсон нэг унаатай л больё. Таны энэ түрээсийнх үү... Түрээсийнх байсан ч яахав тэ. Хүн царайчилж явах гэж хэцүү” гэж гомдоллоо. Бид хоёрыг ирэхэд уйлсан хүүхдийн дуу, ээжийнх нь  мэнчийж хүрэнтсэн царай угтлаа.

6

Намайг хөдлөх гэхэд залуу “ах бид хоёрын мөнгө барагдсан. Та утсаа өгчих би тан руу 2000 төгрөгийн нэгж явуулчихья тэгэх үү” гэлээ.  Би ч “за зүгээр дээ. Дашваанжил компани  ахад нь үнэгүй Газ өгдөг юм” гэж ивээн тэтгэгчээ рекламдаад хөдөллөө. Залуу миний хэлснийг сайн ойлгоогүй бололтой “Ямар компанийн такси үнэгүй газ авдаг гэнээ” гэж асуух шиг болов. Би нэгэнт хөдөлсөн тул найрсаг гар дохилтоор мэндчилгээ илгээгээд замаа хөөлөө.

5

3.Отолт

Хүнсний 4-р дэлгүүрийн харалдаа уруудаж явтал 20-оод насны хүү охин хоёр итгэл муутайхан гар өргөх шиг болов. Би зогсож урд шилээ буулган “Хаа явахын” гэлээ.

6

Охин бодолхийлэн буцаж алхсанаа “ойрхон л доо... юу ч болсон суучих уу ахаа” гэлээ. Хэрэгт дурласан би “тэг ээ тэг” гэв. Охин цаана хойш чиглэн сажилж байсан бандийн араас “хөөе гүйгээрэй, суучих гэнэ ээ” гэж дуудлаа. Хүү ч нүд нь сэргэн гүйн ирж ард суулаа.

5

Урд суусан охин “за ... ахаа юу ч болсон баруун эргээд энэ хүүхдийн урлангийн энэ хавиас нэг хүүхэд авах юм. Хөдлөөд жоохон явчих” гэлээ. Тэгээд утсаар ярив. “Чи яг хаана байгаа юм. Урлангийн уу, аль талд би такситай яг урдуур нь явж байна ш тээ” гэснээ ийш тийш хараалснаа “аан за харлаа. За за ойрхон хараад зогсож байж за юу” гээд утсаа тасаллаа. Арын хүү “яасан ирж байна гэнэ үү” гэлээ.

5

О/охин/ -Ирж байна гэнээ. Сая найзуудаасаа салаад явж байна гэж хэлсэн гэнэ ээ.

Хүү -Бас хулхиднаа аягүй бол...

Х -Ингэхэд хоёр дүү яг яагаад байна. Ах нь завтай яваа хүлээнэ, явж өгнө. Харин ахдаа юу болоод хэнийг хүлээгээд байгаагаа хэлчих.

О -Аан... нэг их сүртэй юм бишээ. Нэг отолт л хийж байгаа юм. Манай нэг найз охин гэрээсээ л оргочихоод олдохгүй байсийн. Тэгсэн түрүүн энэ охин руу уулзья гээд залгасан байхгүй юу. Одоо ирж байна гэсэн.

Х -Аан чи найз нь юм уу. Тэгээд аав ээжид нь олж өгөх гээд байгаа юм уу?

О -Олоод өгвөл эгч нь мөнгө өгье гэсэн юмаа.

Х- Хэдийг вэ.

О -100-г авчихсан юм. Тэгээд эртээр байгаа газрыг нь олж очоод алдчихсан юмаа. Одоо бол яг барина, ирж байна гэсэн. Та жоохон хүлээчих тэгэх үү?

Х -за за...

5

Ингээд би отолтын нэг оролцогч болсон тул хамтран ажиллаж буй охиныг олж харж нүдэлж аваад хамт хүлээлээ. Бас л нэг арван долоо наймтай байрын жинсэн өмд пүүз өмссөн дээгүүрээ бараг л хөхөө гаргасан цагаан подволк өмссөн намхан жоохон охин байна. Түүний энэ энгэр заам задгай хувцаслалт зөрөн өнгөрсөн хүмүүсийн гярхай хараанаас гарахгүй байгаа бололтой. Охинтой ойрхон зөрсөн зарим нь цэхэлзэж, зарим нь жуумалзаж байх. Энэ үед бидний отоонд орох ёстой ороо охин ирж таарлаа. Жоохон давжаа биетэй охин нөгөө охин дээр ирж хоёул нэг зүйлийг зааж занган ярьсаар машины урдуур гарлаа. Тэгээд зам руу гарч такси барих мэт гараа дохиход нь би сигналдаж явах уу гэлээ. Нөгөө охин ч мэдрэмжтэй загнаж хойд хаалган дээр ирж өнөөх охиныг урдаа хийж  суучих гэлээ. Машинд өнөр олуулаа өөрийг нь хүлээж суугаад балмагдсан охин эргээд хойшоо цахлах гэхэд өнөөх охин хашиж “суучихаа Өөгий” гээд өөрөө хаалган талд нь суугаад авлаа.

6

Харин машин дотор охидын яриа миний төсөөлснөөс өөрөөр өрнөлөө.

Өнөөх толгойлогч охин маань /Оогий гэх/ “За Өөгий чи юу яриад байна аа. Отгоо мотгоотой юу болчихсон ярьчихсан юм бэ” гэлээ.

6

Ө/Өөгий/ -Би тэд нартай хэрэлдчихсэн ш тээ, юу ярихийн.

О/Оогий/ -За за гээд утсаар залгалаа.

Ялимгүй биеэ барьсан Өөгий охин “хөөе би өөрөө гэртээ оччихно гэрийнхнийг дуудаад хэрэггүй шүү” гэлээ.

О -Юу гэсэн үгийн?

Ө -Би зүгээр гэртээ хөлөөрөө оччихьё гээд утаснаас татлаа.

О -Байжийдаа. Би эхлээд Билгээ аниатай зүгээр яриадхья. Дуудах гээгүй байна... “Байна  уу, Билгээ аниа юу. Миний утасны цэнэг дуусаад. Та хаана явж байна... Өө ...  Өөгий, Байгалиа эд нартай ярив уу. Би яриагүй ээ. Нараатай л ярьсан байна лээ. Ирээгүй л байна. Би баривал танд хэлнэ ээ. Та энэ дугаар луу залгаарай. Би энэ дугаар дээр байна... гээд утсаа салгаж тун нухацтай харцаар өнөөх охин руу харж “За хэдүүлээ одоо яг яах уу” гэв.

Ө -Яах уу гэж юу гэж. Ойлгомжтой ярь л даа...

Арын банди “тэгвэл яг яаяа ккк” гэсэнд хэн ч дагаж инээсэнгүй тул чимээгүй болов.

О -Чамайг барьж өгөхгүй ээ Өөгий. Чи харин яахын.

Ө -Яах ёстой юм бэ. Яахын гэж.

Хүү -Автобус зогслоо ш тээ. Яахаа хурдан шийдье. Бид нар мөнгөгүй байгаа ш тээ.

О -Тэгээд яахын Өөгий. Чи нээрээ тэгээд орой харих юм уу. Очироо хаана байгаа юм. Та нар эртээр тэндээс хэдэн төгрөг авч бултсан бэ?

Ө -Юу яриад байгаа юм бэ. Би тэр Очироотой уулзья гээд цэнэг дуусаад тэгээд олж очиж чадаагүй ш тээ. Юу гэж бодоод байгаа юм. Мөнгө төгрөг аваа ч үгүй тэндээс.

О -...За чи чимээгүй байж байгаарай, би Билгээ аниа руу чинь залгаж байна...

Ө -Ээ яах гээд байгаа юм бэ, тасалчих аа, тэгээд буугаад ярья л даа...

О -Нээрээ тэгээд ярих юм уу. Мөнгө чинь байгаа юм уу?

Ө -Ийшээ орцонд орж байгаад ярья... Би өөрөө хөлөөрөө харьчихна гэж байна ш тээ... Хөөе чи залгахаа боль л доо, тэр цагааны орцонд Очироо эд нар байгаа даа. Наад утсаа салга л даа чи.

О -Яг энд байгаа юм уу. Очироо ч гэсэн үү... За за энэ жолооч ахад 2000 өгчих за. Тэгээд буугаад ир гээд өөрөө түрүүлж миний тал руу буулаа.

6

Би бас дуугай байсангүй цонхоороо толгойгоо гаргаж “хөөш чи тэгээд эгчийг нь дуудсан уу, гэрийнхэнд өгсөн нь дээрдээ. Миний утсаар эгч рүү нь яриад хэлэх юм уу” гэлээ. Өнөөх айхтар охин над руу яльгүй тонгойн хуруугаа уруул дээрээ хүргэж “дүү нь мэдэж  байгаа, зүгээр” гээд цааш эргэлээ.

6

Төгсгөлд. Өнөөх хэдийн араас нь хараалбал охиныг эхний отдог охин яс хөтөлсөн замаар авч гарч байгаа харагдлаа... Энэ үед нэг л таагүй сэтгэгдэл төрсөн тул нэгэнт оролцсоных гээд араас нь очиж харахаар шийдэн машинаа Метро малл-ийн зогсоол руу оруулж тавьчихаад охид бөөнөөр булан тойрсон замын урдах цагаан байр луу очлоо. 3 давхар байшин тул хэдэн орцыг самнахад  нэг их хэцүү байсангүй. Харамсалтай нь охид тэнд байсангүй. Өнөөх Өөгий охин эгчийнхээ гарт очсон уу, үл таних рекет охинд мөнгө өгөөд салсан уу бүү мэд боллоо. Хөөгөөд бодоод байсан өнөөх Билгээ эгч бас төрсөн тэлсэн эгч нь мөн байсан уу, охидыг өрөнд оруулж дарамталдаг үл бүтэх гар байсан уу бүү мэд. Бөөн асуулттай үлдлээ. Ер нь гадуур тэнэдэг охид их болсон бөгөөд өр ширэнд орж түүнээсээ болж биеэ үнэлээд байгаа нь ч их бололтой юм. Тэднийг жигших биш өрөвдөж татаж авах хэрэгтэй байх аа, манайхаан...     

6

 Үүгээр энэ удаагийн бичлэгийг өндөрлөе. Ирэх баасан хүртэл баяртай. Бүгдэд нь ажлын амжилт.

5

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх

Shuud.mn
Сонин хачин