МАН-ын бүлгийн өргөн барьсан хуулийг хэлэлцдэггүй гэв
2014-06-09

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар ард түмний эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдийг яаралтай хэлэлцэн батлахын тулд УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй уулзаж тохиролцох ёстой гэсэн саналд байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол нар мэдээлэл өглөө.

1

Тэд энэ үеэр "МАН-ын бүлгийн зүгээс санаачлан өргөн барьсан олон хуулийн төслийг УИХ-д хүлээж авдаггүй, хүлээж авсан ч хуулийн төслүүдийг хэлэлцэлгүй уддаг. Тухайлбал, 2011 онд өргөн барьсан Бүсийн нэмэгдлийн тухай хууль, мөн 2011 онд өргөн барьсан Хувь хүний орлогын албан татварын тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэлэлцэхгүй байна. Хамгийн сүүлд өргөн баригдсан  Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, Малчдын нийгмийн даатгалын шитмгэлийг нөхөн төлүүлэх зэрэг хуулийн төслүүд одоог хүртэл хэлэлцэхгүй хүлээгдэж байгаа нь олонхийн бүлгийн нөлөөлөл хэмээн үзэж байна” гэлээ.

1

Түүнчлэн МАН-ын бүлгээс Засгийн газраас өргөн барьж байгаа хуулийн төслүүд нь УИХ-ын босго давахааргүй дутуу боловсруулагдсан хуулиуд байдаг гэсэн юм. Тухайлбал, Газрын тосны тухай хуулийн төсөл, Газрын тухай хуулийн төсөл зэргийг энд нэрлэсэн. Гэхдээ УИХ дахь нам эвслийн бүлгүүд харилцан ойлголцож чадвал Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг аль болох дэмжиж ажиллана. Ингэж чадвал УИХ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явах боломжтой гэдгээ МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм.

1

Харин Газрын тухай хуулинд МАН-ын бүлгийн зүгээс бэлчээрийн газрыг хувьчлах боломжгүй. Тиймээс малчдын дунд ихээхэн гардаг бэлчээрийн маргааны асуудлыг зохицуулахын тулд Бэлчээрийн тухай бие даасан хууль гаргах хэрэгтэй гэдгийг Д.Оюунхорол хэллээ.

МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж, дотоод асуудлаа хэлэлцэж байна.

1

П.Наран

Shuud.mn
Сонин хачин