Такси № 87
2014-06-20

За уржигдар орой урвайж шаналсан залуутай шөнөжин явж хувийн “мөрдлөг” бас илрүүлэлт ажиллагаанд оролцсон талаараа энэ удаа нэлээн урт бас нэлээн адармаатай адал явдлын тэмдэглэл бууж байна. Оршилд мэдээ дуулгахад өвөө эмнэлгээс гарсан. За тэгээд дансны хуулгаа авчихжээ. Хуулгыг харвал  Наранцацралт Надмид 30.000, Лхагвасүрэн Сэнгэдорж 10.000 төгрөг хандив гэсэн байна. ЮмҮз-ийн мөнгөтэй энэ мөнгөө нийлүүлээд маш их мөнгө авсандаа баярласнаа өвөөгийн гэр бүл хэлж байна лээ. Мэдээж хөөрхий бас хүнээс зүгээр юм аваад гэж санаа нь зовж байгаагаа ч хэлсэн.

6

За тэгээд баяртай гээд саллаа. Маргааш нь буюу өчигдөр дахиад залгалаа. Дуулгах сонин байна. Завтай бол нэг ороод гараарай гээд ойр ойрхон залгаад... Оройхон орлоо. Өө, тэгсэн байшингаа пүнхийтэл галлачихаж. “Манайх янзын дулаахан байна уу, айн ккк” гэсээр эмээ инээж угтлаа. Дуудсан учрыг асуувал “өдөр нэг залуу зочилж ирээд ээ, чиний л нөгөө юмыг уншдаг хүн шиг байна” гэж өвгөн яриа эхлүүллээ. Ярьсныг товчилбол, өчигдөр нэг хүн яриад “Такси” нийтлэлийн уншигч болохоо хэлж гэрт нь зочильё гэсэн гэнэ. Тэгээд маргааш  өдөр нь утсаар хаягийг нь асуусаар иржээ. Ирсэн зочин залуу маань бага ачийг нь их л өхөөрдөн интернэтээс зургийг нь харсан, их хөөрхөн мярайтай юм байна гэж өхөөрдсөн гэнэ. Сайхь залуу маань хоёр ихэр хүүтэй ба тэд нар нь бас нялх, Н.Болорсайхан охинтой нь сар яг чацуу буюу нэг өдрийн өмнө төрсөн гэж хуучилжээ. Зочин залуу гэр орны байдлыг нь ажиглаад “танайх нэлээн сэрүүн байна шүү, охин чинь ажил хйигээгүй байгаа юу” гэх зэргээр яриа хөөрөө хийж байгаад жоохондоо памперс сүү авч өгөөрэй гээд мөнгө өгөөд “Зуслан явлаа” гээд гарч. Эмээгийн ярих нь мөнгийг атгаж үлдээд зочноо үдэж гаргасны дараа тоолсон чинь аймаар их мөнгө буюу 200 мянган төгрөг байж. Тэгээд бурзайсан хэд маань  гарч мод түлээний зээл 65 мяган төгрөг, гурил будаа тамхины зэрэг бас зээл 80-аад мянгын өрөө дараад, зочин залуугийн захисны дагуу гэрээ дулаан байлгахаар дахин нүүрс модыг 40 мянган төгрөгт авч. Үлдсэнээр нь сүү памперс энэ тэр авсан талаараа ярилаа. Зочин залуу нэрийн хуудсаа үлдээснийг надад үзүүллээ. “Очир-Эрин” ХХК-ийн захирал Н.Батжаргал гэжээ. Явахдаа “хоёр ихэртэй өгдөг хүүхдийн их сайн витаминаасаа зээд чинь өгүүлье. Хоовонд хэлээд надтай яриулаад авахуулчихаарай” гэсэн байна. Би ярьж байгаад тэр витаминыг авнаа хөө. Баярлалаа, та бүхэнд Н.Батжаргал, Наранцацралт, Надмид, Лхагвасүрэн Сэнгэдорж , Юмүз нар болон сэтгэлээрээ дэм тус урам өгч байгаа бүх хүнд нэгэн гэр бүлийн талархлыг ахин дамжуулья. Хэсэг тасраад байсан өвөөгийн зуухны гал асч гэр нь дулаахан тохьтой болсон байна лээ. Та бүхний сэтгэл бүр шар тос болог. 

6

За ингээд нэгэн шөнийн адал явдалд хөтөлсөн залууд юу тохиолдсон талаар дор өгүүллээ. Дээр Такси №8-д бичигдсэн билүү. Сэлэнгийн нэг залууд хань болж дайлуулж бааранд суудаг чинь. Тэрний бараг л ойн дээр нэг шөнийн турш л юм боллоо.  

6

Би чамайг хуурмааргүй байна

6

Залуу гадаад оронд 4 жил болоод ирсэн гэнэ. Гэхдээ монголдоо ирж очдог л юм байна л даа. Ер нэг ч удаа гэрлэж байгаагүй. Эмэгтэй хүнтэй дотно харилцаа холбоо тогтоохдоо тун эв дүйгүй гэж өөрийгөө товч тодорхойлж байсан залуу 26 настай юм байна. Намхавтар хэрнээ царайлаг нэлээн нухацтай зан төрхтэй байрын залуу Модны 2-ын замаас гар өргөсөн юм.

6

“Жоохон явж байгаад түр зогсчихдоо. Тэгээд та өөрөө мэдээд нэг бөглөө багатай газар түр зогсчихгүй юу” гэж найрсгаар хэлсэн залуутай эндээс эхлээд шөнөжин хамт аялна гэж би яаж таах. Залуу эхэндээ нэлээн хүнд бодол тээж байгаа бололтой хөмсөг зангидан утсаа гартаа эргэлдүүлж хэсэг суулаа. Машины хөгжмөөр Ариунаагийн “Чи минь амьдрал минь билээ” гээд дуу явж таарлаа. Манай хүн нэг чангалж дагаж аялж сууснаа хаачихав. Тэгснээ над руу тулж харж байгаад “За ах ийм үед эр хүн яасан дээр үү” гэж цочир асуулт тавилаа.

6

Х -Юу болоов дүү. Асуудал гараа юу?

З/залуу/ -Асуудалсаад байх ч юу байхав л дээ.../амандаа исгэрэв/. Дүү нь сая хамар дороо хулхидуулчихлаа. Найз хүүхэндээ. Найз хүүхэн гэх үү. Сүйт хүүхэндээ гэх үү. Суух гэж байсан хүүхэн байхгүй юу даа.

Х -хн

З -За ...танаас нэг юм гуйя тэгэх үү. Дүү нь сууж байя. Бодох хэрэгтэй байнаа. Та нэг тамхи олоод өгөөч. Энэ таван мянга. Хариултыг нь та аваарай.

Х -Энэ хавиар чинь хаа гэж тамхи хайх вэ ах нь?

З -Тэр, тэр харагдаж байгаа дэлгүүрт зардаг юм. Дүү нь энэ хавийнх. Манай найз дандаа эндээс авдгийн. Та ороод шууд мөнгөө өгөөд л нэг тамхи гээд авчих.

Х -Ямар тамхи авахын бэ?

З -Өө, юу ч яахав ээ, та мэдээд авчих. Та татдаг биз дээ. Дүү нь мэдэхгүй ш тээ.

Би буугаад гүйлээ. Заасан дэлгүүрт ороход хоёр залуухан хос чихэр жимс бичүүлж байна. Би ч авсан заавар ёсоор нэг эссэ өгчих гэвэл худалдагч бор хүүхэн шууд л мөнгийг авч мянган төгрөгийн хариултын хамт тамхийг гартаа атган гулгууллаа. Би ч мэдрэмжтэй загнаж гараас гарт тамхийг шилжүүлж аваад гарлаа. Буцаад ирэхэд манай залуу ганцаараа тавгүйтсэн хэвээр сууж байв.

З -Өө, нарийн тамхи авсан юм уу. За нэг сороодхоё. Алив танд гал... асаагуур нь энэ билүү. Би ч тийм сайн тамхичин биш л дээ. Австраличууд чинь бүх юманд тооцоотой жинхэнэ эдийн засагч хүмүүс шүү дээ. Би тэнд очоод татахаа больсон.

Х -Өө чи гадгаадад байсан юм уу, удсан уу?

З -Бараг 3 жил. Тэгэхдээ ирж байсаан. Тэгээд энэ хүүхэнтэй танилцаж дурлаад ойр ойрхон гурван ч удаа ирээд сая бүүр ирчихсэн. Өчигдөр ирээд. Буугаад л хайртай хүүхэн рүүгээ залгаад л. Тэгтэл хайр маань гайхаад тэгснээ завгүй гэдэг дээ. Сүүлийн үед би новш болжээ. Ууж ч чадахгүй. Өчигдөр жоохон стресдээд тал “Жонни” уугаад тас.

Х -Замдаа ядраад тэгээд тасарч дээ. Онгоцонд удаан явах чинь бас л их ядраадаг гэсэн биз дээ.

З -Өө би чинь тийм юм байхгүй. Хүүхэнтэйгээ уулзаж учрах гээд зүгээр бөөн догдлол нислээ ш тээ.

Х -Ирж байгаагаа хүүхэндээ хэлсэн юм байгаа биз дээ.

З -Хэлсэн. Гэхдээ яг өчигдөр наашаа онгоцонд сууснаа хэлээгүй байхгүй юу. Сөүлд манай хоёр найз байдаг юм. Бас удчихсан. Хоёр гай намайг уруу татаад хэд хоночих. Солонгосын тоглолтыг цуг үзчихээд явья гээд. Санаа хоёрдуулаад. Кореачууд чинь сүртэй баг нь тоглохоор гадаа төв талбайдаа хэдэн мянгаараа гарч үзээд сонин ш тээ. Би зургаан оны world cup-ийг Сөүлд үзэж байлаа. Даанч  баг нь ганц хожлуу яалаа тэгээд яваагүй.

Х -Чи тэгээд уг нь Сөүлд хэд хонох гэж байж тэ?

З -Тнх. Тэгсэн сэтгэл тогтдоггүй ээ. Гэнэт шийдээд хайрдаа сюрприз барих гээд билетээ урагшлуулаад нисчихгүй юу. Тэгсэн ккк өөрөө сюрприздүүлээд. Хайрт маань залгангуут байна уу ирчихсэн юм уу, эргээд залгая гэснээ утсаа салгачихдаг даа.

Х -Айн, яаж байгаан бол?

З -Тнх, тэгээд ганцаараа хөл бөмбөг үзэж байгаад тасарваа. Манай агаар бас л байна шүү ах. Ёстой нам унтсан шүү. Та тамхил л даа. Би их татахгүй хэд сороод л хаячихдаг юм.

Х -Тэгээд хүүхэнтэйгээ уулзаагүй л яваа юм уу ккк?

З -Сая уулзлаа л даа. Өнөөдөх чинь өдөр өөрөө залгаад хайр майр болоод тэгээд бид хоёр сая энд сууж байлаа ш тээ.

Х -Чи сая ганцаараа л зогсож харагдсан даа.

З -Харин тнх. Бид хоёр ганц вино уугаад жаал ярьж сууж байсан гэнэт нэг ажил гарлаа гээд гарсан. Ирдэггүй. Сая бараг цаг гаруй ганцаараа бааранд домбойж суулаа. Тэгээд нэг залгасан утсаа салгачихаж. Тэгэхээр нь гараад л ирлээ.

Х -Өө хөөрхий, нэг л “но” байна даа тэ?

З -Тнх. Гэхдээ яагаа ч үгүй л байх л даа.

Х -Одоо хоёулаа яах билээ. Чи нэг шийд гаргана байгаа.

З -За тийн харин. Одоо 22 цаг гэдэг чинь... За би нэг найз руугаа залгаадхья... бас салчихаж. Эндээ байхгүй удахаар чинь найз нөхөд ч цөөрөөд явчих юм аа. /утас нь дуугарлаа/

5

... Аан за өө гадуур хүн хартай уулзаад л. Маргааш л яг очьё. Тийн... хөл бөмбөг үзэж байна уу. Танайх чинь ямар кабелтай билээ. Ухрааж үзэж болдог биз дээ.... Тийн унтчихвал тэгээд л ухраагаад үзчихгүй тийн ккк. За маргааш яг за... Залуу  утсаа салгад овоо сэргэсэн нүдээр над руу харж “...энэ манай эгч гэртээ ирж мах идэж хөл бөмбөг үзэж хонохгүй юм уу” гэнээ. Дүү нь ганц эгчтэй. Аав ээж жоохонд залуудаа өөд болсон. Хайртай дүү нь гадаадаас ирсэн байдаг. Ирдэггүй ээ. Уг нь энийгээ дагуулаад гоё очьё, танилцуулья гэж бодож байсан юм гэлээ.

5

Х -Эгч дээрээ очсон дээр биш үү дүү?

З -Тнх. За нэг ганц утаа гаргачихаад шийднэ ээ. Ах оройдоо хэдийг хийдгийн.

Х -Өө янз бүр 15 ч хийнэ 20 ч хийнэ. Би өдөр нь ажил ихтэй болохоор ядраад шөнө их явдаггүй юм аа.

З -Тиймүү ккк. Шөнө л явбал мөнгө хийнэ биз дээ. Тэгэхээр дүү нь 20 цаас өгье. Хоёулаа нэг хоёр цаг хүртэл хамт явчихья тэгэх үү.

Х -Гол нь хаагуур явах билээ. Дүү бараг нэг газар жоохон суувал шулуун юм биш үү?

З -Ганцаараа суугаад байхаар ч одоо хаашаа ч юм тиймээ.

Х -За за өөрөө л мэд дээ.

Залуу цонхоор энэ тэрийг харан гар утсаа гартаа эргүүлэн сууснаа гэнэт “хөөш ах хоёулаа нэг газар очоод нэг шалгалт хийгээдэх үү” гэж хэлэхдээ нэгийг санав бололтой нүд нь очтоод ирлээ. Намайг хариулт хэлэхийг ч хүлээсэнгүй “Ерөөсөө тэгье. 10-р хороолол явчих гэлээ.

Зүгээр суугаад байхгүй, хөдлөх болсондоо урамшсан би ч бушуухан хөдөллөө. Манай залуу замчилсаар авчирсан газар бол 10-р хорооллын урд зам дагуу байх зочид буудлын байрны зогсоол байлаа.

З -За жоохон зайтай зогсчихьё. Энд аанхан.

Х -За хоёулаа энд яах билээ.

З -Энэ сонс доо, ийм байхгүй ах. Би танаас юугаа нуухав. Манай найз хүүхэн бид хоёр хааяа уулзахаар энэ буудалд ирдэг юм. Намайг бол ресепшн нь бараг мэднэ. Манай Сараа анх энд намайг дагуулж авчирсан. Энэ л их гоё тохитой гээд л байдаг байхгүй юу...

Х -За ????

З -Цаадах чинь энд л байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Түрүүн цуг сууж байхдаа нэг хүнтэй яриад тэгсэн “10-т уу” гэх шиг болсон. Тэгээд гараад удалгүй утсаа салгачихсан ш тээ. Гэхдээ тэр нь эмэгтэй хүн байх шиг байсан л даа. ...тэгэхээр энд байж магадгүй. Нэг л совинтойд байна. Та ороод нэг аргалаад асуучих.

Х -Юу гэж асуух гэж?

З -Харин... за байз. Манай менежер энд байгаа юм гээд. Цаадах чинь замын компанийн менежер байхгүй юу. Бас жолоочтой юм шиг билээ. Тэгээд бичиг баримт аваад ир гэсэн гээд. Өрөөний номерийг нь хэд гэлээ би мартчихжээ... тэгээд  утас нь салчихаж гээд тэ.

Х -Тэгээд байна гэвэл ах нь орох юм уу ккк?

З -Үгүй ээ, та зүгээр өрөө рүү нь утсаар л яриулчих гээд хэлчих. Тэгээд хэрвээ байвал залгана ш тээ. Тэгээд л мэдэгдэнэ. Энэ их гайгүй буудал утсаар бол залгаад л өгнө.

Х -ккк чи ямар итгэлтэй байнаа, байгаа юу тэгээд.

З -За яахав дээ ах. Мухарлья л даа. Энэ чинь л өнөө шөнийн бид хоёрын ажил шүү дээ ккк гэж залуу маань итгэл муутайхан инээвхийллээ. Би ч хайртаа алдаж царай нь урвайсан залууг өрөвдөж дотогшоо ороод үзэхээр шийдлээ.

Буудлын үүдний заал нэг их том биш гэхдээ цэвэрхэн юм. Нэг шилтэй 30 орчим насны айхтар цагаан царайтай хүүхэн “оройн мэнд” гээд асуусан харцаар харлаа.

Би “Аан ах нь өрөө авахгүй. Ажлынхаа хүнд түлхүүр өгөх гэж яваа юм. Дөхөөд залгаарай гэсэн утас нь салчихжээ. Танай буудалд л гэсэн дээ. Өрөө рүү нь залгаад өгвөл ирчихлээ гэдгээ мэдэгдмээр байна. Манай менежер байхгүй юу” гэж заллаа.

Р/ресепшн/ ...Аан тийм үү. За байз өрөөг нь мэдэхгүй ээ... за байз . Хэн гэж хүн юм бэ?

Х -Саран менежер. Буудал нь бол танайхыг л ....... буудал гэж хэлсэн дээ.

Р -...Саран... /доош харж хүмүүсийн бичиг баримт тавьсан дэвтрийг зэрвэсхэн гүйлгэж харав /.... та юу хийдэг гэлээ.

Х -Ах нь жолоочоо, ажлаас нь дайраад түлхүүр өгчихөөрэй гэсэн юм. Байна уу тэ, миний дүү?

З -Саран....  гэж байна л даа.

Х -Аан тэд нар Сараа л гээд байдаг юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй ш тээ.

Р -Мөн байх л даа. Менежер гэхээр. Гэхдээ өрөөг нь тэгж хамаагүй хэлж өгөхгүй ш тээ ахаа. Та гар утас руу нь залгаад холбогдчихгүй юу.

Х -Аан харин утас нь салчихсан байна лээ. За яахав ах нь жоохон явж байгаад залгачихья...

 “Тийм байна, салчихсан байна” гээд залгаж буй утсаа чанга яригч дээр нь тавьж сонсгосон ресепшн хүүхэн төгсгөлд ам алдаж “Нямаа ах бас утсаа авахгүй юм” гэлээ.... Өрөө рүү нь  гээд хэдэн тоо дарлаа. Утас “дүүд” гээд дуудангуут “За” гэх өөртөө итгэлтэй баргил уцаартайдуу эрэгтэй хүний дуу гарлаа.

Р -Өө, би дороос ярьж байна аа. Сараа менежерт түлхүүр өгөх гэсэн гээд нэг ... гэснээ над руу харж “Та жолооч нь гэл үү” гэлээ. Бантсан би толгой дохимор болов. ...жолооч нь гээд хүн ирсэн байна. За... гээд хүүхэн утсаа барин хэсэг дуугүй зогсов. Аан за ... ойлголоо. Уучлаарай.... гээд утсаа тавьж царай нь нэлээн барайж хувирсан ресепшн над руу нухацтай харж “Жолооч дуудаагүй, мэдэхгүй гэж байна гэнэ. Та буудлыг нь андуурсан байх аа” гэв.

Хүүхэн энд байгаа нь бараг тодорхой боллоо. Гэхдээ Нямаа гэх хүнтэй байгаа бололтой. Дандаа энд ирдэг нь ч үнэн болоодох шиг болов. Би ч энэ бүхнийг хангалттай гэж үзэн “за ах нь явж байгаад ярьчихья” гээд яаран хаалга руу эргэлээ. Машин хүрэх замдаа жоохон шийрэгнэв. Байна гэж хэлэх үү болих уу. Мэдээд давхиж ороод бөөн юм болдог юм болов уу. Алга аа л гэх үү. Шаналж явахад нь бас худлаа хэлэх хэцүү. Тэгээд шийдэлд хүрч чадахгүй машинд дөхөж ирэхэд залуу машины цонхоор толгойгоо гаргачихсан “За яасан ах. Байгаа биз дээ” гэлээ.

Х -Мэдэхгүй ээ. Танай Сараа мөн юм уу, биш юм уу. Саран орсон нэртэй хүүхэн байх нь байгаа юм шиг байна. Өрөөг нь хэлж өгөхгүй гэж байна даа.

З -Байгаа даа. Та хэн гэж асуусан Сараа л гэсэн үү, тэгсэн байгаа гэж байна уу, өрөө рүү нь залгаж өгөхгүй гэж байна уу... гэж залуу намайг асуултаар буллаа.

Х -Сараа л гэж асуулаа. Байгаа өрөөг нь хэлж болдоггүй, залгаж өгөхгүй гэж байна. Бүү мэд.

З -Тэгэхээр байгаа л даа. Эндэхийнхэн сайн таниад байдаг юм. Хэлж өгөхгүй л дээ. Аягүй бол дээд люксэд л орсон юм байна л даа. Энэ яг хүнтэй байна тэ. Аймаар аан. За байз...

Х -Байсан ч одоо чамайг оруулахгүй байхаа. Маргааш уулзаад түс тас яриач. Ер нь хүнтэй болчихсон юм биш үү.

З -Тнх. Ай Сараа Сараа чи минь яаж байна даа.... яаж байна... Яг энд байгаа л даа.

Х -Одоо гарч ирнэ гэж байх уу?

З -Зам барилга гээд хөдөө их явдаг. Өглөө л гарах байх л даа. Өө ингэе. Надад ээжийнх нь утас байгаа.... Харин хэнээр яриулах уу...

Айхтар залуу юм. Ийш тийш хараалж байснаа бууж зам дагуу алхах хүмүүсийг тослоо. Төдөлгүй оюутан бололтой хоёр охин дагуулаад ирэв. Хоорондоо ямар нэг зүйлийг ойлголцсон бололтой  “харин тийн, аан уун” гэж инээлдсээр машинд ирж ард суув.

З -кк энэ цовоо охидуудаар яриулья. Ах утсаа өгчих тэгэх үү. За за дүү утаснаасаа л залгачих ах нь та хоёрт нэгжний мөнгө өгье. Май энэ 3000 болно биз дээ....Энэ хараа, энэ 88.... энэ дугаар луу залгаад Сараа эгч байна уу. Ажлынх нь хүүхэд байна аа. Яаралтай асуух юм гараад гээд ярьчих.

О/охин/ -ккк, ах ямар ажил 3000 мянгаар хийлгэх гээд байна аа ккк. Тэгээд байна гээд Сараа эгч маань яривал яах билээ?

З -Тэгвэл ОК ш тээ, ах нь ярьчих байхгүй юу...

Охидууд залгалаа. Бид утсанд ойртон чагнацгаалаа. Нэлээн дуудсаны эцэст утсанд “байна уу” гэх настайвтар эмэгтэй хүний хариу дуу гарлаа.

О -Өө уучлаарай та. Би Сараа эгчийн ажлын охин байна аа. Яаралтай асуух юм гараад утас нь салчихаж. Гэртээ байвал та нэг яриулаад өгөөч.

Э/ээж/ -...Сараа алга аа. Хөдөө явна гэсэн ш тээ.

...Цовоо охидууд 3000 төгрөгтэй инээд алдан бууж, барайж хачин болсон царайтай залуутайгаа би машиндаа үлдлээ.

З -Яг энд байна тэ. Ккк зэвүүн байна аа. Надтай хааяа хонохоороо бас хөдөө явлаа гээд л гэрээсээ гардаг байхгүй юу. Ээж нь том болсон гэхгүй аймаар барина. Араас нь залгаад л байдаг юм. Шөнө ч хамаагүй.

Х -Угаасаа чамтай уулзаж хононо гэж бодоод гарсан байлгүй дээ. Харин яагаад бултчихав аа тэ. Та хоёр ер нь сууна барина  гэж ярьсан юм уу. Хэр гүнзгийрсэн хоёр вэ?

З -Сууна, нийлнээ гээд л би чинь тэнд Австрали дахь хамаг юмаа хаяад ирчихээд байна ш тээ. Надтай танилцахаасаа өмнө нэг ахимаг гартай явдаг байсан юм шиг билээ. Тэгээд асуудалгүй салсан. Гэр бүлтэй хүнтэй заваарахгүй хоёулаа амьдарна аа л гэсэн хүндээ.

Х -За за маргааш учрыг нь олж дээ. 12 өнгөрлөө хоёулаа нэг шийд гаргах уу.

З -... Ах хөлбөмбөг хэр үздэг үү?

Х - Яахав дээ үзнэ ээ. Гэхдээ тийм фанат энэ тэр биш ээ.

З -Хоёулаа хамт хөлбөмбөг үзэж хонох уу. Энд Андуудын энд нэг байна лээ.

Х -Харин ээ, чи үзээд би амарвал...

З -Зүгээрээ тэгж байгаад та унтчихгүй юу. Өглөө эрт энүүгээр нэг эргэе тэгэх үү. Айн... Ингэхэд ахын нэр хэн билээ. Хоёулаа танилцаагүй л яваад байна ш тээ тэ. Намайг... таныг ...Хоовоон ккк нээрээ таны нэр юм уу Хоовон гэж за за...

6

Ингээд би залууд хань болж хөлбөмбөгийн фанатууд пивийг цөлж өгдөг фракцийн дунд ороод суучихлаа. Өө ороход Нидерланд Австрали хоёр үзээд харилцан зөрөлцөж хийлцээд хачин. Энийг л гайхамшиг гэхгүй бол юуг гайхамшиг гэхэв гэдэг нөгөө хэн билээ тэрний үг шиг л энд зааланд бас болж байна аа. Хөлбөмбөг үзэхээсээ илүүтэй өөр хоорондоо үг сөрөлцөх залуус их харагдлаа. Манай залуу ч сүрхий сэргэж “ойлгомжтой бид хоёрын баг Австрали шүү” гэж чангаар өгүүлээд пивоо шимлээ. Энэ үгийг сонссон нэлээн донхойсон залуу нөгөө ширээнээс над руу харснаа зальтай мушийн хуруугаа уруул дээрээ тавьж бөхийн надад “ах Австрали бол яагаад ч амжихгүй шүү, хэрэггүй шүү та хоёр” гэж нөхөрсгөөр сүрдүүллээ. Нормын хоёр пивоо уун хөлбөмбөг харах завсарт залуу надад хайрын түүхээ товч ярилаа. Австралид очсоны дараа ангийнхаа нэг охинтой байнга чатладаг байсан гэнэ. Тэгээд өнөөх нь нэг өдөр найзуудтайгаа ууланд гарсан талаараа гайхуулж хэдэн зураг тавьсных нь дотор өнөөх Сараа байсан гэнэ. Яагаад ч юм “нэг л зэвүүн имижтэй хүүхэн харагдаад” найз хүүхэндээ хэлтэл “нээрээ нөхөргүй ш тээ, яг чамтай адилхан гэрлэж байгаагүй” гэсэн нааштай зүйлийг хэлжээ. Төдөлгүй “В” төлөвлөгөө хэрэгжиж манай хоёр ангийн охины зуучлалаар эчнээ танилцаж чат майл захиа бололцож. Тэгээд алсаас харилцсаар дасаж татагдсан залуу нутаг руугаа шалтаг гарган ирж хайртайгаа нүүр тулан уулзсан гэнэ. Би хоёр пиво, нөгөөдөх маань нэлээд пиво ууснаар хэн хэний маань нүүр хагарч сэтгэл онгойтол ярилаа даа.

5

З -... /шивнэн/ Би ч бараг хүүхэн .... ингэж үзээгүй байсан ш тээ. Нэг үнсэлцсэнээс хэтрээгүй. Тэгээд Сараа бид хоёр уулзаад буудалд ингээд. Нөгөө буудалд. ... Ингэсэн, манай хүүхэн /эрхий хуруугаа гозойлгон/ ийм байгаа юм чинь. Би чинь хараагүй үзээгүй байж дурлаад байсан амьтан чинь ёстой тэ... арай гэж өөрийгөө албадаж, ёстой махаа зулгааж явуулсан муу эгчийгээ бодоод хүчилж байж нэг юм буцаж байгаа юм чинь. Сараа ч урдах өмнөх юмаа цэг тавьсан гээд бид хоёр чинь намайг ирэнгүүт амьдрая гээд... Секс хийснээс хойш би чинь аймаар татагдаад. Очоод санаж хагсарч бариад. Хэцүү юм билээ...ккк

Х -Тэгээд Сараа одоо яагаад байгаа юм бол доо?

З -Гайгүй байх оо. Чамайг ирэхээр хүүхдийг чинь гаргаж өгнө өө. Хайр майр гээд би чинь ёооё, ёстой хүү бол ийм тийм нэр өгнө гээд..ккк. Нөгөө “Би чамд хайртай” билүү тэрний Үрлээ шиг юм болсон кккк...

Х -Үгүй яахав дээ. Хайрлаж дурлах сайхан л байгаа биз дээ. Хүүхэдтэй болох бүүр сайхан. Ах нь тэрийг чинь дайраад л гарсан даа.

З -Хүүхэд хөөрхөн тэ?

Х -Ингэхэд чи хэдтэй вэ?

З -26-тай.

З -Сайхан нас.....

5

Ингэтэл хажууд ойр суусан залуу Австралийн багийн дэмжигч байж манай хүний яриаг хөлбөмбөгт татсан тул би хэсэг олныг дагаж доргих ажил хийв. Ингээд өглөө ажилтайгаа санаж Нидерландийн ялалтыг тэмдэглэж, Австралийн харамслыг тайлалцаж нормоо давуулж дахин нэг пиво ууж тооцоогоо өөрөө хийв. Тэгээд эзэн зорчигчоосоо машиндаа түр дугхийх зөвшөөрөл хүсээд гарлаа.

6

Жолооны ард суугаад л тас. Манай залуу нэг мэдсэн орж ирээд хажууд дугхийх шиг болсон. Зорилго тавьсан хүн болоод тэр үү өглөө 6 цаг гээд намайг чангааж “Ах хөдлөе, нөгөө буудлын гадаа очоод зогсчих, тэгээд та унтаж л бай” гэлээ.

6

Буудлын гадаа хоёр машин байна. Нам гүм. Би буцаад дуг хийлээ. Удсан үгүй залуу мөрнөөс татаж “ах гараад ирлээ тэр” гэлээ. Би ч ухасхийн босч харлаа. Нэлээн оффис маягийн юбка пиджак хослолтой намхавтар шар хүүхэн буудлын хаалганы гол шатан дээр зогсчихсон гар утсаа ч юм уу нэг зүйлийг оролдсоноо буудлын цонхонд тулгаж тавьсан Х-Трайл машины жолооч талд ороод суучихлаа. Манай залуу яг ан шүүрэх гэж байгаа мэт мяраасан байдалтай сууж хүүхний хөдөлгөөн бүрийг анхааралтай харж суулаа. Тэгье ингэе гэсэнгүй. Зүгээр л санаа алдлаа. Гэнэт залуугийн утас хангинаж отолтын байдалд байсан бид хоёр ёстой нэг цочих шиг болов. Залуу “над руу залгаж байна” гээд хэсэг утсаа ширтэж байгаад авлаа. Надаас ч яриаг нууцлах гэсэнгүй нүдээрээ дохин ойртон хамт чагнахыг дохив.

6

З -За ...

Э/эмэгтэй/ -...аан чи хаана байгаан.

З -Өө нэг газар, чи яав аа. Утас чинь салаад.

Э -Өө харин ажил энэ тэр гээд ... хүүхэн мэгшүүлэв. Ганаа чи чи, намайг уучлаарай. Би өчигдөр Нямаатай уулзчихсан... Би чамайг хуурмааргүй байна аа. Би биеэ үнэлэгч биш ш тээ. Хоёр хүнтэй зэрэг юм болоод байж чадахгүй... за за би өдөр ярья. Чи унт даа, за үнсье ... чи... сүүлийн үг сонсогдсонгүй....

З -...Сараа чи яг одоо хаана байгаа юм?

Э -За за би яримааргүй байна аа ... өдөр залгая. Босоод сайхан хоол хийж идээд  байгаарай за. /мэгших шиг болов / .... Эгчийндээ очсон уу?

З -Очоогүй ээ, хамт очьё гэсэн биз дээ.

Э -... Тийм... за за би өдөр заавал ярина аа за. Үнсье тасаллаа...

6

Утас тасарсанд залуу над руу яах уу гэсэн маягтай нэг харснаа шууд бууж өнөөх машиныг чиглэн алхаж очоод цонхыг нь тогшиж харагдлаа. Хүүхэн хаалгаа тайлсангүй толгой сэгсрээд уйлаад байгаа нь харагдлаа. Залуу тогшсоор хэсэг зогсоод эргэн над дээр ирж “За ах та харьж амрах уу даа. Баярласан шүү, Дүүгийнхээ дугаарыг авсан тэ. Ярьж байгаарай унаа хэрэг болбол дуудна шүү .. за за баярласан” гээд эргэж алхлаа. Хүүхэн жолооны ард уйлаад л байгаа харагдлаа.

6

Би хүүхнийг ч залууг ч өрөвдлөө. Одоо тэр нойтон хамуу Нямаа гуай гарч ирээд гурвуулаа учраа олоосой гэж ч хүний хэрэгт оролцож бодлоо.

6

Орой 21 цагаас үүр цайтал хамт байсан танил залуу маань нэг ч удаа хараалын үг хэлэхгүй байгааг би гэнэт анзаарсан юм. Тэгж сэтгэл санааны хүнд байдалд орсон байгаа гэхэд биеэ их сайн барьдаг, хүмүүжилтэй үлгэр жишээ залуу байх шиг санагдсан. Хайр дурлал нь бүтэх болтугай...

6

Үргэлжлэл бий .... Сайхан амраарай. Манайхаан.

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон Хөх

Shuud.mn
Сонин хачин
1111111111:
энэ дажгүй залуу сайн хүнтэй учраасай билээ. нэг ч удаа хараалын үг хэлээгүй, их тайван байсан гэхээр их л ухаалаг, уужуу тайван залуу бололтой. энэ эмэгтэй нь ч тохирох хүн биш бололтой.
2015-01-21
ээжийн сэтгэл:
ганц охиноо сэтгэл сайтай хүнтэй амьдраасай гэж боддог ээж байнаа би. хаяа янз бүрийн мэдээ сэлт нэтээр уншдаг юм. тэгж яваад л хоовонгийн тэмдэглэлийг олж уншаад, бүр шимтээд эхнээс нь бүгдийг нь уншсан шүү. энэ хөөрхөн хүүд сайн хань бурхан заяах байлгүй. хоовонд бас амжилт бас дахин амжилт...
2014-09-07
zochin:
urgeljlel yu bolov?
2014-07-19