Ц.Даваацэрэн: Эрдэнэт үйлдвэр бол уул уурхайн жишиг хөрөнгө оруулалт
2014-07-01

Монгол Улсын эдийн засгийн хамгийн том түшиг тулгуур бол Эрдэнэт үйлдвэр. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нь 1978 онд анх Монгол-Оросын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-ны орд газарт байгуулагдсанаас хойш өдгөө 36 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал, Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Даваацэрэн өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, ашиг орлого, бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм.

ы

Тэрбээр хэлэхдээ “Өнгөрсөн жил 35 жилийнхээ ойг тэмдэглэсэн Эрдэнэт үйлдвэрийн Монгол Улсын эдийн засагт оруулсан хувь нэмрийг өндөрөөр үнэлэх хэрэгтэй. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Эрдэнэт үйлдвэр 4 сая тонн цэвэр зэс олборлон экспортод гаргаж, улсын төсөвт болон орон нутгийн төсөвт 4 их наяд гаруй төгрөгийн татвар хураамж, ноогдол ашгаа улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг. 2013 онд 520 тэрбум төгрөгийг орон нутгийн болоод улсын төсөвт төвлөрүүлж өгсөн. Ноогдол ашгаараа бол жилдээ 100 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ санаснаар байхгүй байна. 2011 онд зэсийн үнэ 9000 гаран ам.доллар байсан 2012 онд 8100 орчим байсан 2013 онд 7300 болж буурсан энэ жил 6700 болж бурсан. Энэ хэмжээгээр манай орлого буурна гэсэн үг. Эдийн засагт ч нөлөөлж байгаа. Гэхдээ өнгөрсөн онд нэг тонн цэвэр зэсийн үнийг бизнес төлөвлөгөөндөө 6625 ам.доллар байхаар тусгаж ажилласан.

ы

Өнгөрсөн онд зэсийн үнэ буурсантай холбоотойгоор үйлдвэр дотроо эдийн засгийн хэмнэлтийн бодлого боловсруулж ажилласан. Энэ бодлогын үр дүнд нэг тонн зэсийн өөрийн өртөг 5568 ам.доллар болж чадсан. Мөн импортоор авдаг бараа материалын үнийг бодит зах зээлтэй уялдуулж ажилласнаар 38 тэрбумаар сэлбэг авдаг үнийг буулгаж чадсан. Энэ бол том амжилт. Ингэснээр 34.9 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан. Өнгөрсөн жил цахилгааны үнэ 30 гаруй хувиар, төмөр замын тээвэрлэлт 10 гаруй хувиар нэмэгдсэн. Усны үнэ нэмэгдсэн зэрэг нь шууд зарлага нэмэгдэхэд нөлөөлсөн ч бид одоо үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрлэлийн хэсэгтээ өргөтгөл хийж байгаа. Өөрийн нунтаглах хэсэг дээр 2011 онд эхлүүлсэн 6 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай өргөтгөлийн ажлыг энэ онд дуусгана.

йы

Түүнчлэн Эмчилгээ оношлогооны төв гэсэн төсөл хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд Эрдэнэтийн төдийгүй Монголын баруун хойд бүсийн иргэдэд зориулсан эмчилгээ оношлогооны орчин үеийн том төв бий болно. Барилга нь бэлэн, одоо нарийн мэргэжлийн оношлогооны төвийн аппаратуудаа Япон улсад хийлгэж байгаа. Тус оношлогооны төвийг Япон улсын менежментээр хөгжүүлж ажиллуулах төлөвлөж байна. Зэс хайлуулах үйлдвэрийн чиглэлээр өмнө нь олон жил судалгаа хийж байсан бол бид өнгөрсөн жилээс металургийн хайлуулах технологийн техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээ, үзүүлэлтийг боловсруулсан. Энэ жилээс гадаадын компаниудтай хамтраад манай инженерүүд техник эдийн засгийн бүрэн үнэлгээгээ хийхээр ажиллаж байна.

ы

Мөн БНСУ-ын “Asia Holding” компанитай хамтарч бага оврын зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийгээд дуусч байгаа. Энэ үйлдвэр нь жилдээ 10 мянган тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар төлөвлөж байна” хэмээн танилцуулсан юм.

ц

Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

ы

-“Эрдэнэт” үйлдвэр эдийн засгийн хэмнэлтийн бодлогыг боловсруулан ажилласнаар 34.9 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан гэлээ. Энэ их хэмжээний мөнгийг хэрхэн хэмнэж чадсан бэ?

-Хэмнэлтийн бодлогын үр дүн буюу импортоор авдаг бараа материалын үнийг зах зээлийн дүнтэй нийцүүлж, хямдруулан худалдан авснаар зөвхөн бараа материалын үнийн зөрүүг арилгахад 38 тэрбум төгрөгөөр буулгаж чадсан. Ингээд нийт 34.9 тэрбум төгрөгийг хэмнэж чадлаа. Хэдийгээр цахилгааны үнэ 30 гаруй хувиар , төмөр замын тариф 10 хувиар өсч, усны үнэ нэмэгдсэн ч үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогоо сайн барьж ажилласны үр дүнд ийнхүү хэмнэсэн.

ы

-“Эрдэнэт” үйлдвэрийн ажилтан, ажиллагсдын 70 хувь нь ОХУ-ын ажиллах хүчин байсан цаг саяхан. Харин одоо монгол ажиллагсад дийлэнх нь болжээ.

-Нийт 6000 ажилтан, ажиллагсдын 95 орчим хувь нь манай улсын иргэд байгаа. Үүнээс гол технологийн бодлогыг монгол инженерүүд авч явж байна. Энэ нь өнгөрсөн 35 жилд манай боловсон хүчин хэрхэн өсч өндийснийг, монголд оруулсан хөрөнгө оруулалт ямар үр өгөөжтэй байгааг харуулж байгаа юм. Иймээс бид ОХУ-ын ард иргэдэд баярлаж явах ёстой юм.

ы

-“Эрдэнэт” үйлдвэрийн цөөнгүй инженер “Оюутолгой” руу явсан гэх мэдээлэл байна. Үнэхээр бэлтгэгдсэн ажилтнуудаа өндөр цалинтай газруудад алдаад байна уу?

-Манайд бэлтгэгдэж байсан сайн инженерүүд буюу ойролцоогоор 30-аад инженер техникийн ажилтан явсан нь үнэн. Гэхдээ “Оюутолгой” болон манай үйлдвэр хоёр асар их ялгаатай шүү дээ. “Оюутолгой” хэдийгээр өндөр цалинтай ч хуарангийн системээр ажиллаж, 45 хоног гэр бүлээс нь хол ажиллуулдаг. Харин “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтнууд гэр бүлтэйгээ хамт байж, ажиллаж амьдардаг. Иймээс тийшээ явсан зарим инженер эхнээсээ буцаад ирж байна. Хүний амьдралд тогтвор суурьшилтай ажиллана гэдэг хамгийн чухал юм. Хэрэв арван жил ажиллавал 5-6 жилийг гэр бүлээсээ хол өнгөрүүлнэ гэсэн үг. Энэ хооронд гэр бүл, үр хүүхдээ хэрхэн авч явах вэ гээд цөөнгүй асуудал гарна. Тиймээс би цаашид ажилтнуудаа алдана гэж айхгүй байна. Нөгөө талаар оросуудад Эрдэнэт үйлдвэрийг байгуулж өгсөнд талархаж явах учиртай. Уул уурхайн хамгийн зөв хөрөнгө оруулалтын жишиг болсноос гадна ажиллагсадын нийгмийн асуудлыг шийдэж, 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотыг байгуулж өгсөн. Өнөөдөр ажиллагсадын дундаж цалин 1 сая 800 мянган төгрөг байна. Ажлаа хийгээд, гэртээ сайхан харьж амраад, гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт байх боломжоор хангагдана гэдэг чинь аз жаргал шүү дээ.

ы

-Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд улс төрийн томилгоогоор сонгогдож ирсэн. Таны хувьд энэ албан тушаалд хэрхэн сонгогдсон бэ?

-Миний хувьд Төрийн өмчийн хорооноос “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилогдсон. Би 1986 онд Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг инженер механик мэргэжлээр төгссөн. 1986-1997 онд Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт ажилчин, инженер, цехийн дарга, “Бэрх”-ийн уурхайн захирал, Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан. 2009 оноос Ашигт малтмалын газарт Уул уурхайн асуудал хариуцсан газрын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн онд энэ албан тушаалд очсон. 

өы

-Та ажлаа аваад удаагүй байхдаа “Эрдэнэт”-д 8.6 тэрбумын “үхмэл” хөрөнгө байна, үүнийг худалдан авсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж байсан. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Манай агуулахад 3-4 сар хэрэглэх сэлбэг материал байх ёстой. Нийт 140 тэрбумын үлдэгдэл байсныг 109 тэрбум болгож бууруулаад байна. Үүнээс 8.6 тэрбумын “үхмэл” хөрөнгө байснаас акталж, худалдаалж, шилжүүлсээр зургаан тэрбум болгон бууруулсан.

й

-Эрдэнэт үйлдвэрийн агуулахад “бэлгэвч”дарагдаатай байгаа тухай мэдээлэл нэг хэсэг гарсан. Тэр мэдээлэл үнэн юм уу эсвэл ташаа мэдээлэл юм уу?

-Манай үйлдвэрийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг хэт олноор нь хадгалсанаас агуулахад үхмэл хөрөнгө болон хэвтэж байгааг сэтгүүлч “бэлгэвч” гэж ёжилсныг нь зарим хэвлэл мэдээлэл шууд утгаар нь ойлгоод олон нийтэд мэдээлсэн байна лээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бэлгэвч огтхон ч хэрэг болохгүй шүү дээ. Бид харин агуулахад дарагдаатай бараа бүтээгдэхүүнүүдийг хамгийн боломжид хувилбараар эргүүлэн худалдах ажлыг зохион байгуулж байгаа.

й

-“Эрдэнэт” үйлдвэрт өртэй 105 байгууллага, аж ахуй нэгжийг зарласан. Эдгээр байгууллагууд өрөө барагдуулсан уу?

-Өртэй нийт 105 компаниас 64 компанитай өр барагдуулах гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Харин 20 шахам компанийг хуулийг байгууллагад өгсөн. Заримтай нь асуудлаа шүүхээр шийдвэрлүүлсэн. Намайг ажил авах үед 240 тэрбум төгрөгийн авлага байсан бол одоо 170 тэрбум төгрөг болж буураад байгаа. Авлагаа нэлээд сайн барагдуулсан гэж ойлгож болно.

ы

-Үйлдвэрийн ажилтнууд гурван бодлого есөн чиглэл барьж ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Үйлдвэр дээрээ менежментийн бодлогын хувьд өөрчлөлт хийхээр зорьж байна.  Тодруулбал, ил тод байх, ангид байх, тодорхой байх гэсэн бодлогын хүрээнд санхүү эдийн засаг, худалдан авалтын бодлого, хүний нөөцийн бодлогыг ил тод болгосон. “Эрдэнэт” үйлдвэрт дарга нарын хүүхдүүд, хамаатан саданг ажилд авдаг гэх хардлага сэрдлэг байнга л байсан. Үүнийг шийдвэрлэх үүднээс ажилд авах журам, хэрхэн ажилд шалгаруулж авсан талаарх мэдээллийг ил тод болгосон. Мөн 2013 оны орлого, зарлагын тайланг бүх ажилчдын өмнө нээлттэй тайлагнасан. Өөрөөр хэлбэл, ажилчдын өмнө алдаа дутагдал, ололт амжилтыг хэлэлцсэн гэсэн үг юм. Хангамж худалдан авалтын бодлогыг ил тод болгосноор багагүй мөнгийг хэмнэж, 50 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй бараа материал, сэлбэг төхөөрөмжийг орон нутгийн үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниудаас авч байгаа.

1

-Дээрхи гурван бодлогын хүрээнд хар данс нээсэн гэсэн. Ямар компаниудыг хар дансанд оруулж байгаа вэ?

-Хуучин бол үйлдвэрээс урьдчилгаа мөнгө аваад алга болчихсон компаниуд цөөнгүй байсан. Энэ асуудлыг зогсоох үүднээс төлбөрийг урьдчилан олгодог байсныг бүрэн зогсоосон. Мөн хар данс нээж манайхаас урьдчилгаа аваад “алга болсон” 105 гаруй компанийг ил тод зарласан. Ийнхүү нийтэд ил зарласан нь олон компанид хүнд туссан байх. Гэхдээ компаниудыг хариуцлагатай болгох үүднээс ийнхүү илчилсэн юм.

ы

-Шинээр маркетингийн товчоо ажиллуулж эхэлсэн гэсэн.

-Хуучин бол хангамжийнхан өөрсдөө гэрээ хийгээд өөрсдөө нийлүүлээд худалдан авдаг байсан. Одоо бол маркетинийн товчоо энэ бүхнийг хянаж, зах зээлийн үнэтэй уялдсан эсэхийг ямар нэгэн “но” орсон эсэхийг шалгаж, нягталж байгаа.

ы

-Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж эхэлсэн нь авлигаас ангид байх зорилготой юу?

-Авлигаас ангид хамт олон болох уриа гаргаад ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах гэрээ байгуулж авлигад өртөж болзошгүй албан тушаалтнуудын ажлын байрны жагсаалтыг гаргаж Хөрөнгө орлогыг нь мэдүүлдэг болсон. Үйлдвэр бол улс төрийн байгууллага биш. Энд ажиллаж байгаа ажилчид маань улс төрийн үзэл бодлоор талцан хуваагдахгүй байх нь чухал юм. Мэдээж сонгох, сонгогдох эрх нь сонгуулийн үеэр нээлттэй байна.

й

-Эрдэнэт үйлдвэр дэргэдээ телевизтэй. Төрийн өмчийн байгууллага телевизтэй байж болохгүй гээд байгаа шүү дээ. Энэ асуудалд хэрхэн хандаж байна?

-Төрийн өмчийн компани гэдэг утгаараа болохгүй байж болох ч хоёр орны хамтын хөдөлмөрөөр хийгдэж байгаа ажил учраас бид телевизээрээ бүх мэдээллийг ажиллагсаддаа өгдөг. Гэхдээ УИХ-аар энэ асуудлыг хэрхэн шийдэгдэхийг хүлээж байна. Мэдээж хуулиа дагана.

ы

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин