Ард түмний хайрыг даа
2011-01-24

НЭР ХУГАРАХААР ЯС ХУГАР! Миний бие алдар цуутай нэг ч тамирчинтай ойр танилцаж дотно нөхөрлөөгүй хэдий ч энэ бөмбөрцгийн хаа нэгтээ нутаг нэгтнийхээ гаргасан амжилтын тухай уншиж сэтгэл хөөрдөг бөгөөд онцолж хэлбэл хааяа зав зай гаргаад их аварга Дагвадоржийн барилдааныг шимтэн үзэж шийдвэрлэх барилдаандаа ялалт авчрах мөч бүрт нь цээж огшоод нүдийг минь өөрийн эрхгүй баярын шингэн бүрхээд ирдэг байж билээ. Бас болоогүй ээ, маргааш нь танидаг хүмүүстээ манай монгол залуу маань дахиад л нөгөө ниппончуудын аманд элс чихээд өглөө гээд сайрхаж өгнөө. За, тэгээд эндхийн Цюрих хотод болсон оюутан залуучуудийн шатрын дэлхийн аваргад багаараа манлайлж Орос, Хятад, Энэтхэгийн дээр нь сандайлж суусан, эмэгтэй шатарчин нь алт хүртсэн, нөгөө Гүндэгмаа цох буудаж унагаасан гэнэ *бай*гаа, ккк, боксчин хүү өрсөлдөгчөө далжийтал хуниад олимпийн тэнгэрт соёмбот далбаагаа мандуулж, түүнчлэн өсвөрийн шатарчдын дэлхийн аварга төрлөө гээд, мөн жудогоор жунгаа гүүняг илт давуу ялж дэлхийн аварга боллоо энэ тэр гээд дурдвал чамлахааргүй сайхан бахдам мэдээнүүд чих дэлсээд даралт ихэсгээд байдгиймаа. Гэсэн хэдий ч ард түмэн маань хайраа харамлахгүй өгч байхад хайрыг нь даагаад явчихаж чадахгүй увайгүйтэж байгаа заримыг сонсоод бас гутрахгүй байхын арга алга даа. Энд би баар саваар хэсэж агсам согтуу тавьдаг, барьсан зэвсгээрээ хүн хөнөөдөг, хүйсээ булуулсан нутгаасаа дайжиж хүний нутагт иргэн болсон, хөлсөө урсгахаас бэргэж хар ажилчин болцгоосон хэн нэгний тухай биш, харин ард түмнийхээ хайрийг хангалттай хүртчихээд түүнийгээ тээгээд явах тэнхэлгүй тэнэг зан гаргаж байгаа хэдхэн хүмүүсийг онцолмоор байна. Энд хэний тухай өгүүлэх гэж байгааг эрхбиш та гадарлаа биз дээ. Тиймээ, эд бол эрх мэдэлд дурлаагүй ч эд хөрөнгөнд толгойгоо гээж яваа тамирчин Түшээд билээ.

Тив дэлхийн өнцөг булан бүрт сая, сая үнэнч шүтэн бишрэгчтэй Бразилийн алдарт хөл бөмбөгчин Пеле зодгоо тайлаад удаагүй байсныхаа дараа би улс төрд хөл тавин, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө хэмээн нэгэнтээ мэдэгдэж олон хүнийг шооконд оруулж байсан юм. Энэ бол өөрийнхөө олсон нэр хүндэд бардаж залуу насныхаа аагаар гаргасан мэдэгдэл байсан бөгөөд үүний дараа түүнийг буруушаасан хэдэн зуун мянган захидлаар булуулсан бөгөөд удалгүй өөрийн олж авсан мэдлэг боловсрол маруухныг хүлээн зөвшөөрч буруугаа гэмшсэн юм. Гэхдээ тэрээр дэлхийд нэр хүндтэй ямар нэгэн дээд сургуулийн улс төрийн ангид элсэн суралцаад боловсрол эзэмшээд улс төрд орно гэж амалсан боловч ард түмнийхээ хайрийг дааж явья гэснүү аль эсвэл аль нэг сургуульд тэнцээгүй юу бүү мэд ахиж ерөнхийлөгч болно гэж дуугаараагүй юм даг. Швейцари улс жижиг хэдий ч гэлээ нэр алдар нь түгсэн уулын цаначингаар хэзээ ч тасардаггүй, дэлхийд дугаар нэгд тооцогдсон газрын тээнэсчин (теннис), хөнгөн атлээтийн (атлетик) гээд бас л ард түмнийхээ бахархалыг зүй ёсоор хүлээсэн олон арван тамирчидтай бөгөөд эдгээрээс хэн гуай ч улс төрд орно гэж ярьдаггүй нь ард түмнээ хүндэтгэдэг хэрэг биз дээ. Гэтэл одоо манай бөхчүүд урлагийнхан ард түмнээ доромжлоод байгаа юмуу аль эсвэл хахуульдаад байгаа юмуу, нэг л мэдэхэд гараад ирхиймаа, гайхмаараа. Хавсарсан нийлмэл өгүүлбэрийг өнгөрөн төгссөн цаг, ирээдүй цагтаа нь холбоод түгдрэлгүй хэлчихэж чадахгүй Баачка аваргыг төр түшилцээд хувь нэмрээ оруулж яваа гэдэгт итгэсэн больё доо. Хаа нэгтээ хүнээс далд газар сая саяар поокэрдож явна гэж л сонсогдсон. Автоматаар зачоотк нь бөглөгдөөд УБИС ийг дүүргэсэн диплом чинь байгаа болохоор дээд боловсролгүй гэж хэлкүү ээ. Гэхдээ биеийн тамирийн онолоор улс төр хөглөгддөггүйг эрхбиш би гадарлана. МАХН таны олсон алдар хүндийг чинь ашиглаад намдаа элсүүлж сонгуульд суудал авсан гэдгийг мэдэрдэг болов уу. Хар нялхаасаа шахуу хүний нутагт татааман дээр балбуулсны ачаар хүний зэрэгтэй болсон Батбаярыг хар. Эхнэр хүүхдийн бөөн проблээмтэй, эзэмшсэн мэргэжил ногоон нойл, энд тэндхийн шүүхийн зарлантай, идсэн ууснаа хааш нь шингээдгийм, эцэстээ бүүр эмзэг давхаргынх болох гээд хоосрох гэж байгаа ч гэх шиг. Араас чинь залгуулаад дараагийн сонгуульд оочор авч байгаа бусдын тухай сонсоод ард түмэн та нарыг хайрладаг гэлээ ч ач тустайгаараа та бүгдээс илүү нь зөндөө бий шүү гэж хэлмээр санагдчлаа. Төр засгийн бодлого, түүний мөн чанарыг тодорхойлоод хэлчих хангалттай боловсролгүй ийм хүмүүсийг сонгож байдаг, уужим юм даа дэндүү уужим юм монгол сэтгэл, монгол хүндэтгэл. Сонгогчдийг буруутгахгүй энд би, мэдээж хэн нь ч мэдэгдэхгүй нэр нь дэвшсэн хорчгор амьтнаас илүүтэй хаанаас нь ч харсан хав дөрвөлжин та нарыг сонгож байгааг ойлгож байнаа. Бүргэд шонхорын гараатай, бүчсэн олны уухайн доор дэнжийг донсолгож хонхор хотолзуулж хотол олноо баясган учраагаа өвдөг шороодуулах уран хийсэн ганц мэх чинь улс төрд улцайж суух дөрвөн жилээс чинь илүү шүү илүү. Сэтгэл догдлуулж магнай тэнийлгэдэг наадмын дэвжээндээ та нар од, сар, нар гэгэлзэж суудаг үзэгчдийнхээ өмнө сүр сүлд, хийморь жавхаа, харин улс төрд бол ухна ишиг, утаанд угаартсан бээвийсэн ялаа. Нэгэнтээ их хурлын депутаатаар сонгогдоод өнгөрсөн хойноо, хайран ч алдсан үнэт цаг минь хэмээн халаглаж байсан санагдана их хүмүүн Б.Лхагвасүрэн гуай. Хичнээн их бүтээл туурвих байсийм билээ нээрээ тэр хугацаанд. Ухаант хүний ухаан луу өнгийж , урт гэзэг, уранхай дээлнээс нь адис авцгаа. Нэг үеэ бодвол одоо сонгууль өгч сурч байгаа шүү ард түмэн, даанч луйвар булхиа л ороод будлиантуулаад байгаа болохоос биш. За ингээд хатуу үгээр дайрсан бол уучлаарай, бөх хүний хувьд чинь би та нарыгаа хүндэлдээг.

З.Өгөөмөр

Shuud.mn
Сонин хачин