1.1 тэрбум төгрөгийн хохирлыг иргэдэд буцаан олгожээ
2014-11-05

Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан байдаг. Хэрэглэгчид дэлгүүр болон бусад үйлчилгээ авсан байгууллагадаа гомдол гаргахад тухайн байгууллага хохирлыг барагдуулахаас цааргалдаг  байдлыг халахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирсэн өргөдлийг үндэслэн иргэдийн өмнөөс гурван шатны шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаа гэж тус газрын дарга О.Магнай хэллээ. Үүний үр дүнд хэрэглэгчдэд учирсан хохирлыг барагдуулах ажил шинэ шатанд гарч, оны эхний есөн сарын дотор 1.1 тэрбум төгрөгийн хохирлыг иргэдэд буцаан олгожээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт  барилга, орон сууцны чанар, үнэтэй холбоотой  асуудал олон ирдэг.  Буцаан олгосон мөнгөний дийлэнх хувийг худалдаж авсан орон сууцны  ам метр талбайн зөрүүтэй холбоотой хохирол эзэлж байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжид 2014 онд 330 сая төгрөгийн торгууль ногдуулсан нь 2012 оныхтой харьцуулахад тав дахин буурчээ. Өнөөгийн эдийн засгийн сайнгүй байгаа нөхцөл байдалтай уялдуулан аж ахуйн нэгжүүдийг торгож шийтгэхээсээ илүү ойлгуулах, шаардлага хүргүүлэх замаар асуудлыг зохицуулж, эвлэрлийн гэрээ байгуулах журмаар шийдвэрлэж байна. 2011 онд тус газарт жилдээ 300 орчим өргөдөл ирдэг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 7000 гаруй өргөдөл ирсний 90 орчим хувийг шийдвэрлэжээ.

а

Мөн тус газарт барьцаалан зээлдүүлэх газраар үйлчлүүлээд хохирлоо гэсэн гомдол ихээр ирдэг бөгөөд энэ үйл ажиллагааг хянаж зохицуулах хууль байдаггүй.  Иймээс тус газраас  барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний  тухай хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн бариулсан гэж тус газрын дарга О.Магнай хэллээ. Уг хуулийн төсөлд ломбард нь үйл ажиллагааны талаар ташаа сурталчилгаа хийх, үл хөдлөх хөрөнгө барьцаалах, иргэний бүх төрлийн баримт бичиг, хуулийн этгээдийн үүсгэн байгуулахтай холбоотой баримт бичиг барьцаалах, насанд хүрээгүй хүнд зээл өгөх, барьцааны хөрөнгөнөөс шалтгаалан зээлийн хүүг ялгамжтай тогтоох, шөнийн цагаар ажиллахыг хориглосон зүйл заалтуудыг оруулж өгсөн гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин