Шүүхийн ерөнхий зөвлөлийг задалмаар байна гэлээ
2011-01-27

Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулсан Шүүхийн тухай багц хуулийн төслийн талаар санал солилцох уулзалт ярилцлага  “Иргэний танхим”-д болж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагуудын болон эрдэмтэн судлаачид оролцон саналаа илэрхийллээ.  

Уулзалт ярилцлагад АНУ-ын  хуульч Самуэл Конти оролцон, ард иргэдийнхээ саналыг сонсдог иргэний танхимтай болсныг чухал үнэ цэнэтэй зүйл гэж хэлээд монголд шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүх засаглалын талаар олон нийтийн итгэл үнэмшлийг төрүүлэхэд анхаарч буйг  дурдсан юм. Тэрээр олон нийтийн дунд шүүх засаглалын талаарх итгэл үнэмшил нь дээшилбэл эерэг үр дүн өгнө гэдгийг онцлон тэмдэглэв.

Мөн ярилцлагад Монгол Улсын ерөнхий шүүгч Ц.Зориг, Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн Р.Бурмаа, Хууль зүйн сургуулийн тэнхимийн эрхлэгч, Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Р.Мэндсайхан, шүүгч О.Зандраа, УДШ-ийн шүүгч Б.Бат-Эрдэнэ, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, УИХ-ын гишүүн  Х.Тэмүүжин, Улсын Ерөнхий прокурорын туслах  Г.Эрдэнэбат , шүүгч  Ц.Цогт нарын хүмүүс үг хэлсэн юм.

Тэд бүгд шүүх эрх мэдлийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч  багц хуулийн төслүүдэд анхаарах зүйлийн талаар тодорхой саналууд хэлж байсан. Тухайлбал шүүн таслах ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдэд шүүхээр үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох, шүүхийн шийдвэр вэб сайтад тавигддаг байх, санхүү, эдийн засгийн хувьд бие даах нөхцлийг бүрдүүлэх, шүүх эрх мэдлийн байгууллагын тогтолцоог өөрчлөх асуудлуудыг багц хуулийн төсөлд тодорхой тусгах нь зүйтэй. Мөн шүүхийн бүтэц, хүн сонголт, шүүх арга ажиллагааг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа хяналтын шүүхээс дэндүү хариуцлагагүй байдал ажиглагддаг. Дээд шүүх хуулиас хэтэрхий давсан тайлбар гаргадгийг болиулмаар байна. Үйл баримтыг тогтоох асуудалд хөндлөнгийн шинжээч хэтэрхий оролцож байна. Хэргийн менежмент муугаас шүүхийн нэр хүнд унаж байна. Шүүхийн шийдвэр яаж гарч байгаа, үндэслэлээ хэрхэн нэгтгэж буй зэрэг нь ойлгомжгүй байна.

Шүүхийн давхардлыг арилгах, шүүх хоорондын хараат бус байдлыг чухалчлах, процессын хуулиудаар хэргийг шийддэг байх, хууль хоорондын уялдааг хангах, мэтгэлцээн өнөөгийн чиг хандлага болж  буйг анхаарах, шүүн таслах ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Шүүх эрх мэдлийн байгууллагуудын өнөөгийн бүтэц, эрх үүргийн хуваарь, шүүгч, өмгөөлөгч, прокуроруудын ажлын арга барил, хууль, нэр томьёоны хоцрогдол зэрэг нь шүүх засаглалын нэр хүндийг унахад нөлөөлж байна.

Шүүгчдийн хамтын нийгэмлэг мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага байх ёстой. Өөрөөр хэлбэл шүүгч, өмгөөлөгчидтэйгөө хариуцлага тооцоход энэ механизм үйлчлэх юм. Босоо тогтолцооноос болж, шүүгчдийн өөрийн нь хараат бус байдал алдагдаж байна. тойргийн системд оруулж ачааллыг зохицуулмаар байна. Тогтолцооны ухаалаг байдлыг бий болгож, иргэд, улс төрчдөд тайлбарлахад ойлгомжтой байлгая. Шүүх эрх мэдлийн шинэчлэл шүүхээс эхэлж байгаа ч энд хамрагдах бусад байгууллагыг хамруулах болно. Цагаатгах болон яллах тал эрх тэгш үг хэлдэг болмоор байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийг задалмаар байна. Шүүгчид нэр дэвшүүлэхэд өмнө нь шүүсэн хэргүүд, шийдвэр дээр дүгнэлт хийдэг болъё гэсэн саналууд гарлаа.

Shuud.mn
Сонин хачин