Улаанхус суманд цахилгаан дамжуулах станц ашиглалтад орлоо
2015-01-16

Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус хоёр сумын Таван Богд уул хүртлэх нутгийг цахилгаанаар хангах боломжтой болжээ. 


Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 35 квт-ын хүчин чадалтай цахилгаан, эрчим хүч дамжуулах станц энэ сарын 15-нд ашиглалтанд оржээ. Уг станцийг “Му хас” компани БНХАУ-ын тоног төхөөрөмжөөр угсарсан байна. Уг ажлын гүйцэтгэх зардлын 50 хувийг тус компани гаргасан гэнэ. Харин үлдсэн зардлыг энэ онд улсын төсвөөр батлуулж, авахаар болжээ.


Цахилгаан станцын нээлтэд УИХ-ын гишүүн А.Бакей, А.Тлейхан, аймгийн засаг дарга Х.Дармен болон бусад холбогдох хүмүүс оролцсон байна. Энэ үеэр Цэнгэл сумд байрлах «СС Монголия» компанийн уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий инженер Т.Бахытжан Манай үйлдвэр бага хүчин чадалтай шугаманд холбогдож байсан үед дизель станц нэмж ажиллуулах зэргээр ихээхэн саатал учирч байснаа одоо бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэллээ” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн, энэ онд  Өлгий суманд трансформатор нэмж тавигдах байсан ч,  эдийн засгийн бэрхшээлээс шалтгаалан хойшлогдож магадгүй болоод байгааг дуулгасан байна.


Б.Одон


Shuud.mn
Сонин хачин