“Хөдөлмөрийн хүндэт медаль” гардуулав
2015-01-16

Хилийн чанадад буй монгол иргэдийнхээ төлөө хийсэн ажил үйлсийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнийг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнасныг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн гардуулжээ. Гадаад хэргийн сайд шагнал гардуулах ёслолд хэлсэн үгэндээ хилийн чанадад ажиллаж амьдарч буй монгол иргэд, тэдний сайн дурын үүсгэл санаачилгын байгууллагууд нэгдэн зөвлөл байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлж буйд баяр хүргээд хилийн чанадад хөдөлмөрлөж, суралцаж, оршин сууж буй монгол иргэд рүүгээ хандсан бодлогыг өргөжүүлэх, хүүхдүүддээ монгол хэл, ёс заншлыг сурган өвлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, харьяатаас гарсан иргэд эх орондоо ирэх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, мөн монгол иргэдээрээ дамжуулан Монгол Улсыг хилийн чанадад сурталчлах “зөөлөн хүчний бодлого”-ыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлэв. Монголын нийгэм-эдийн засгийн шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулахад хилийн чанадад буй иргэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Одоо цагт тэд манай оюуны, мэдлэгийн тэргүүлэгчид болж байгааг дурдав. Монголчуудын холбоог цаашид хөгжүүлж олон улсын байгууллагын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх боломж байгааг судлан ажиллахыг зөвлөөд, тус зөвлөлийн цаашдын ажилд амжилт хүссэн байна.

Shuud.mn
Сонин хачин