Багшийн эрхийн шалгалтын бүртгэл эхэлжээ
2015-02-06

Багшаар ажиллах эрхийн шалгалтын онлайн бүртгэл эхэллээ. БСШУЯ-аас энэ жилээс цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшлах хүсэлтэй төгсөгчдөөс ажиллах эрх олгох шалгалт авахаар болсон.

 Тодруулбал, багш мэргэжлээр төгсөгч нь эхлээд багшаар ажиллах эрхийн шалгалт өгч, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллах эрх авна. Улмаар нэг жил багшаар ажилласны дараа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж, багшлах эрхтэй болно.

Шалгалтын бүртгэл энэ сарын 4-нд эхэлсэн бөгөөд энэ сарын 28-ныг хүртэл www.itpd.mn цахим хуудсаар бүртгэх аж.

Харин шалгалтыг ирэх сарын 10-нд есөн дүүрэг, 21 аймагт байгаа 30 цэгээр авах юм байна.  Шалгуулагч тусгайлан бэлдсэн анги, компьютер дээр шалгалтаа онлайнаар өгөх аж.  Шалгалтыг боловсрол судлал, заах арга зүй, сэтгэл судлал, багшийн ёс зүй гэсэн чиглэлээр авахаар төлөвлөсөн байна.  Дүнг шалгалт авснаас хойш ажлын тав хоногт багтаан зарлах ажээ.

Багшлах эрхийн шалгалтыг цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэлтэй, их дээд сургууль төгсөөд анх удаа багшлах гэж буй, гурваас дээш жил ажиллаагүйн улмаас багшлах эрх нь цуцлагдсан иргэд өгөх боломжтой аж. Тэнцсэн хүмүүст тухайн мэргэжлээрээ нэг жил багшлах эрх олгох ажээ.  Энэ хугацаанд тэр хүний чадвар, ёс зүй, хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын арга зүй эзэмшсэн эсэх, багшаар ажиллаж чадах эсэхийг харах юм байна.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин