Хөлөг живж, 29 цагаач амиа алджээ
2015-02-10

Италийн Лампедуза арлын эргийн орчимд цагаачдыг тээвэрлэж явсан “AF-20”гэх хөлөг живж, 29 хүн амиа алдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Энэхүү хөлөг өчигдөр өглөөний 10.00 цагийн орчимд живжээ. Хөлөг живэхээсээ өмнө ослын дохио өгсөн байна.  Ослын газар луу Италийн эргийн хамгаалалтын 11 хөлөг хөдөлсөн ч цаг агаарын таагүй байдлаас болж цаг алдсан байна. Сенегал улсаас ирсэн энэхүү хөлөгт 160 хүн зорчиж явжээ. Өнөөдрийг хүртэл 15 хүн сураггүй байгаа гэнэ. Оны эхэнд л Италийг чиглэн ирсэн цагаачдын 10 гаруй хөлөг живж, 180 гаруй хүн амиа алджээ. Хөлөг живж буйн гол шалтгаан нь даац хэтрүүлсэнтэй холбоотой юм.


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Дэвид Кен “Иргэний дайн болон дотоодын зөрчил мөргөлдөөний улмаас эх орноосоо дүрвэж буй цагаач иргэд барууны өндөр хөгжилтэй орнуудад очихын тулд амиа үл хайхарч, хол аялалд гардаг. Өнгөрсөн жил Африкийн орнуудаас нийтдээ таван сая хүн дүрвэсэн. Тэдний 1.2 сая нь европын орнуудад очихыг хүсч, зориулалтын бус хөлөгт мөнгө төлдөг зорчдог. Цагаачдыг тээвэрлэж яваа хөлгүүд ихэвчлэн даацаа 2-5 дахин хэтрүүлдэг учир замын голдоо осолдож, сүйрдэг. Өнгөрсөн жил 5400 цагаач амиа алдсан” гэж хэлжээ.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин