Залуу эзэгтэй нарт өгөх зөвлөгөө
2015-02-21

Монгол цай нь сүүтэй цай ба хар цай гэсэн үндсэн хоёр ангилалд хуваагдах боловч орц найрлага, хийх аргаар нь ердийн цай, хийцтэй цай, тостой цай, аяганы хийцтэй буюу махны орцтой цай, эмийн өвс, ургамлын цай, эмчилгээний цай гэхчилэн хэд хэдэн бүлэгт ангилан үзэж болно.

сө

Хэдийгээр монгол түмэн цай хэмээх энэ гайхамшигт ундааг нийтлэг хэрэглэдэг ч бас ястан үндэстэн, газар газрын онцлог ялгаа бий. Тухайлбал, Өмнөговь аймагт цагаан будаагаар хийцэлж дотор нь тэмээний махан борц хийж чанасан цай уудаг бол Дундговийнхон цайгаа буцалмагц шаарыг нь шүүж сүлээд дахин буцалгаж үүндээ нимгэн зүссэн мах, хонины сүүл хийж уух дуртай аж.

б

Харин Ховд нутгийнхан цай чанахдаа эхлээд тогоогоо тосолж халаасны дараа сүүгээ хийж цайны идээ нэмж зөөлөн галаар буцалгасны дараа ус нэмж хужир, давс, тосоор амт тохируулан олон дахин самарч буцалгадаг. Тэд ингэж хийсэн аагтай шаргал цайндаа боорцог хийж ууж заншжээ.

бб

Харин Архангай нутгийнхан цайгаа чанаж бэлэн болгоод тосонд хуурсан мэхээрээр хийцэлж амт тохируулан уудаг. Үүнийг мэхээртэй цай гэнэ. Манай орны дорнод хэсэгт амьдардаг ардууд хэрлэн цай гэж нэрлэдэг нэгэн цай хийж уудаг.. Үүнийг ердийн сүүтэй цай чанаж шүүгээд дотор нь хэрчсэн мах, сүүл хийж дахин буцалгаж хийнэ. Харин Төв аймагт цайг гол төлөв хийцэлж уудаг. Ингэхдээ хонины сэмж, сүүлийг хайлуулж шар будаагаар хийцэлсэн цайндаа цагаан тос, ээзгий, хорхой ааруул дэвтээж уух дуртай аж. Түүнчлэн шар будаагаар хийцэлж дотор нь хонины нэг үе сүүл, дунд чөмөгний таллаж ташсан яс хийгээд зөөлөн галаар буцалгаж хийсэн цай алжаал ядаргаа тайлдаг хэмээн энэ нутгийн хөгшчүүл хуучилдаг.

МОНГОЛ ЦАЙНЫ ХОЛЬЦ

ө

Монголчууд цайг ихэвчлэн малын сүүгээр сүлж зарим нутагт шар тос, хужир, давс нэмж, аль болох тосорхог, тэжээллэг хийдгээрээ бусад үндэстний хэрэглэдэг цайны төрлөөс өвөрмөц ялгаатай бөгөөд ингэж чанасан цай зөвхөн ундааны төдийгүй хоолны үүрэг гүйцэтгэх тал ч бий. Монгол цайны түгээмэл хольц нь:

- Сүү, ус

- Цайны хатаасан ургамал, цайны навч

- Өрөм, шар, цагаан тос, айргийн тос, түүхий сүүний цөцгий зэрэг цагаан идээ, тосны зүйл

- Сүүлний өөх, борц, бог малын хатааж хуршаасан хавирга, эсвэл гургалдай, хонины хуйхалж хярвасласан годон сүүл, эсвэл шийр, борви тойгны яс,  чөмөг, хонины толгойн яс,

- Давс, хужир

- Шар, цагаан будаа, чангаамал, хуурай гурил, арвайн гурил

- Цулхир, мэхээр, загасгал, цагаан гаа, гоньд, нохойн хошуу, сөд, өрөл, улаагана, бударгана, боролзгоно зэрэг ургамал

- Аяганы хийц, чимхсэн банш, чанаж хөшиглөсөн мах, өвчүү, сүүл, элдэж тасалсан гурил, шар тосонд хуурсан гурил

ЦАЙ ЧАНАХ, ЦАЙЛАХ ЁС

Монголчуудын цай чанах арга  нь дэлхийн  бусад улсаас ялгаатай бөгөөд буцалж байгаа усанд цайны ургамлаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг  нэмж чанасны  дараа хэд хэдэн удаа  самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Хичнээн олон самрах тутам  цай төдий чинээ  амттай болно.

-Цайгаа чанаж гүйцмэгц данханд, эсвэл халуун савандаа хийсний дараа аягална.

-Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягална.

-Хэрэв цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөдөг заншилтай бол эхлээд  дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Ер нь өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс бий.

-Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина.

-Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журам бий. Түүнчлэн ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ.

-Ирсэн зочиндоо асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монголчуудын уламжлалт сайхан заншил,  зочломтгой зангийн илэрхийлэл юм. “Асуухаар асга” гэсэн үг бий. Харин ирсэн зочноо цайгаар дайлаагүй айлыг “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьдаг нь дээрх монгол уламжлал, зан заншилтай холбоотой.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монгол хүн хар цай, хар зам гэж яридаггүй юм , бор цай засмал зам гэж эерүүлж ярьдаг.
2015-02-23
үүүлннн:
монгол хүн хар цай хар зам гэж яридаггүй юм за , бор цай засмал зам гэдгийн за
2015-02-22
үүүлннн:
монгол хүн хар цай хар зам гэж яридаггүй юм за , бор цай засмал зам гэдгийн за
2015-02-22
зочин:
аагтай шаргал цай алжаал ядаргаа тайлдаг сайхан умдаа шүү одоогийн хүүхдүүд сайхан цай чанаж чадахаа больсон дөө
2015-02-21
зочин:
аагтай шаргал цай алжаал ядаргаа тайлдаг сайхан умдаа шүү одоогийн хүүхдүүд сайхан цай чанаж чадахаа больсон дөө
2015-02-21