Тэтгэврийн санг үе шаттай мөнгөжүүлэх шаардлагатай
2015-03-10

“Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл ба тэтгэврийн зээл” сэдэвт уулзалт боллоо. 3 дугаар сарын 9-ний өдөр болсон энэхүү уулзалтад Монголбанк, тэтгэврийн зээл олгогч ХААН, Капитал, Төрийн банк, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ, Монголын ахмадын холбоо, Шударга хүү хөдөлгөөн зэрэг олон талын төлөөллүүд оролцсон юм. Талууд "Тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэл"-ийн асуудлыг өргөн хүрээнд харж, олон талаас нь ярилцаж, үндэсний хуримтлалын тогтолцоог шинэ шатанд хүргэх, "орлого нь дутдаг - зарлага нь давдаг" арга барилаа хэрхэн өөрчлөх талаар санал солилцжээ.



Инфляцийн түвшин зээлийн хүүтэй шууд хамааралтай


Монголбанк тэтгэврийн зээлийн хүү буурах үндсэн шалтгаан нь инфляци буурах явдал гэж онцолжээ. Инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах хамгийн чухал хүчин зүйлсэд үндэсний болон өрхийн хуримтлалын тогтолцоо багтдаг ба энэ нь эдийн засгийн огцом савалгааг багасгах, урт хугацаатай мөнгө, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх, санхүүгийн зах зээл хөгжих давхар боломж олгодог байна.


Иймд Монголбанк 2015 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлд "Эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх, баялгийн сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх" зорилт дэвшүүлэн, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой бодлогын түвшинд хамтран ажиллаж эхэлжээ.


Монголбанк 2013 оноос орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлсэн нь өдгөө 70 мянга орчим өрх хамрагдах, өрх гэрийн зардлын бүтэцэд хуримтлал-хөрөнгө оруулалт гэсэн санхүүгийн сахилга бат төлөвших бодит боломжийг бүрдүүлсэн байна.


УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ Монголбанк, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороо хамтраад шийдвэл дотоодын хуримтлалын тогтолцоог дэлхийн жишигт хүргэж, үе шаттай мөнгөжүүлэх арга хэмжээ авснаар инфляци зорилтот нам түвшинд байх эерэг хөрс бүрдэж, тэтгэврийн зээлийн хүү төдийгүй нийт зээлийн хүү богино хугацаанд буух боломжтой ажээ.



Ширээний ард суугаад шийдэж болдогүй асуудал гэж байдаг


Монгол Улсын хэмжээнд 340 мянган иргэн тэтгэвэр авдгаас 190 мянга нь тэтгэврийн зээлтэй буюу тэтгэврийн зээлийн нийт багц 355 тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлдэг банкуудад нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн үлдэгдэл хөрөнгийг зохистой байршуулж, хариуд нь тэтгэврийн зээлийн хүүг 15 хувьд хүргэх боломжтой гэж Монголын Ахмадын холбоо, Шударга хүү хөдөлгөөн үзэж байгаагаа дахин илэрхийлсэн.


Харин зарим банкны төлөөлөл тэтгэврийн зээлийн хүү нь бусад ижил төрлийн зээлийн хүүнээс бага буюу сарын 1.5 хувь, дээр нь шимтгэл, хураамж авдагүй болсон давуу талуудыг нь дурджээ. Мөн засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэрийг тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилгоор банкуудад байршуулсан тохиолдолд тус зээлийн хүүг бууруулж болох талаар саналаа илэрхийлсэн. Гэхдээ энэ нь асуудлыг шийдэх гэхээс илүүтэй бусад хэрэглээний зээл тэтгэврийн зээл рүү шилжиж, зээлийн багцыг өсгөж, эрсдлийг нэмэгдүүлэх тул эргээд банкны системээ эвдэх аюултайг санууллаа.  


Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан "тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал өнөөдөр яригдаж буй сэдэв биш, олон жилийн өмнөөс хөндөгдөж, энэ чиглэлээр банкууд ч ажилласан. Тухайлбал, 2008 онд тэтгэврийн зээлийн хүү сарын 2 хувь дээр нэмэх нь шимтгэл болон бусад зардлыг нэмбэл 3.35-3.45 хувийн хүүтэй байсан. 2011 онд 1.8 хувь болгож бууруулсан. Энэ хугацаанд47 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийн нийт хэмжээ өмнөхөөсөө 2.5 дахин нэмэгдсэн байна. Үргэлжлүүлэн 2012 онд тэтгэврийн зээлийн хүүг 1.5 хувь буулгаж, шимтгэлгүй болгосноорнийт зээлийн багц 355 тэрбум төгрөгт хүрч, гурав дахин өссөн байна. Иймд зөвхөн нэг талын эрх ашгийг хөндсөн асуудлаар ширээний ард суугаад, шийдэлд хүрч болдоггүй юм. Тиймээс тэтгэврийн зээлийн хүү бууруулах асуудлыг захиргааны аргаар бус зах зээлийн зарчимд нь үлдээж өгнө үү" хэмээн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчдөөс хүссэн юм.


Уулзалтын эцэст нийгмийн даатгал, тэтгэврийн санг үе шаттай мөнгөжүүлж, тогтолцооны шинэчлэл хийх нь ойрын хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой гэдэг дээр талууд санал нэгдсэн байна. 


Shuud.mn
Сонин хачин
зочин:
суудлын болоод сонгуулийн төлөө яваа эрхэмүүд чинь тоо мэдэхгүй тул сөхрүүлсний дараа ч ойлгохгүй, зөвхөн хашгирч л чадна.хэн сүйрэх нь тэдэнд огт хамаагүй.харин түүний төлөө бол хоолойгоо сөөтөл хашгирч төлбөр хийхийг үгүйсгэхгүй!
2015-03-10