Согтууруулах ундааг хураажээ
2015-03-16

Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран энэ сарын 1-ний өдөр архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжид шалгалт хийсэн байна. Мөн цаашид хамтран гэнэтийн шалгалт хийх төлөвлөгөө батлуулжээ.

ы

Өнгөрөгч шалгалтаар нийт 179 зөрчлийг илрүүлж, холбогдох арга хэмжээ авах ажиллагаа явагдаж байгаа аж. Мөн шалгалтын үеэр БЗД-ийн тавдугаар хороо Кино үйлдвэрийн автобусны буудал, БЗД-ийн зургаадугаар хороо ХААЯ-ны автобусны буудал, БГД-ийн 11 дүгээр хорооны хүнсний дэлгүүр, ГССҮТ-ийн автобусны буудал дээр архи, согтууруулах ундаа худалдаалж байсан иргэдийн хууль бус үйлдлийг таслан зогсоож, 60 шил согтууруулах ундааг хураан авсан байна.

ы

Эдгээр аж ахуй нэгж, иргэнд захиргааны хариуцлагын хуулийн дагуу арга хэмжээ авч, хураан авсан бүтээгдэхүүнийг улсын орлого болгожээ. Энэ мэтчилэн иргэдийн гар дээрээс худалдаалагдаж байсан бараа бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан эсэхийг мэргэжлийн хяналтын лабораторид шалгуулан тогтоодог. Өмнө нь архи, согтууруулах ундааны зүйлийг стандартын бус газар буюу гэртээ үйлдвэрлэж, гар дээрээс иргэдэд худалдаалсан зөрчил гарч байсан. Иймд иргэд та бүхнийг иргэдийн гар дээрээс стандартын шаардлага хангасан эсэх нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

ы

Б.Хүлэг

 

 
Shuud.mn
Сонин хачин