Олсон гүүрээр наадах нь
2015-03-17

Америк мэтийн кинон дээр ихэнхдээ цагдаа нар нь их хоцорно. Заримдаа даанч дээ гэмээр удаан. Дандаа хэрэг төвөг болж дууссаны дараа сэрээ дохиогоо хангинуулан ар араасаа давхилдан ирдэг. Үүнд үзэгч бид бараг дассан. Үйл явдал яаж ч эвгүй өрнөж байсан цагдааг бус хэн нэгэн баатар ирж асуудлыг зохицуулахыг хүлээж кинондоо орж явчихсан байдаг. Манай энэ гол ус, газар шорооны төлөө тэмцдэг хэд маань заримдаа бас их оройтож гарч ирэх юм. Уул усыг нь хөндөх гээд шав тавиад, лиценз аваад, ах дүүгийнхээр нь орж гараад,  Иргэдийн хурал, Тамгын газраар нь эргэлдэж бэлэг сэлт өгч ханд хаяад яваад байхад нь чимээгүй суугаад байна. Анаад л байдаг бололтой. Тэгээд нэгэнт өндөр авч яам тамгаар асуудал нь орж зөвшөөрөгдөөд яг Их хурлаар хэлэлцэгдэх тэр мөчид л зэрэг хөдлөх юм. Энэ нь бас яг цаг дулаарах хавар цагт таарах нь ч их юм. Ноён уулынхан харин ид хүйтэнд ирээд цементэн дээр хэвтчихсэн нь дээдсийг нэлээн цочирдуулсан байх. Цаг хатуурч олигархууд улам хүчтэй, мөнгөтэй далд арга барилтай болж байхад Иргэний хөдөлгөөн ТББ-ууд зэрэгцээд том зорилттой, тодорхой асуудал дээр илүүрхэх хэтийн хөтөлбөртэй болохыг зорих нь нийгэмд тустай. Тэмцлийн хурц хэлбэрүүд, өлсгөлөнд найдах бус олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой санал төслөөрөө илүүрхдэг байх шаардлага иргэний төлөөллийн байгууллагуудын өмнө тулгарч байгаа юм. Иргэний дуу хоолой болон хүний эрх, байгаль орчныг хамгаалах зорилго бүхий байгууллагууд зөв явбал олон нийтийн өмнө байгуулах гавьяа их. Бусдын гар хөл болж голдрилоосоо гарвал тарих балаг нь бас тийм бага биш болж ирнэ. Эдгээр байгууллагын улс төржсөн, бусдын нөлөөнд автсан бодлогогүй үг үйлдэл их болбол наад зах нь дуу хоолойгоо нэгтгэн нөөц гарцаар эрх баригчдын шийдвэрт нөлөөлөхийг эрмэлзэх иргэдийн итгэл алдарна. Худал хуурмагийн өмнө хүчгүйдэх сэтгэлгээнд нийгмээрээ автана. Энэ бол маш хортой. Хөгжлийн шинэ шатанд гарсан цаг үед тэртээх онуудын гудамжны тэмцлээр дагнаж зөвхөн тэмцэгч байгаад байж таарахгүй. Ер нь бол сонгууль дөхөхөөр улс төр сонирхогч хэн бүхэнд ордны шат, гишүүний кноп ойрхон харагдаж алга нь загатнаж эхэлдэг байх. Энэ нөлөөнөөс хэн хол байж чин үнэн, олон нийтийн төлөө явна түүнд харин гишүүний кноп гар дор нь ирж магад.

1

Өнгөрсөн цагт хамаатуулан хэн нэг буруутныг нэмж зүхэх хэлэмгий доломгой лидерээр бид дутаагүй гэж би хувьдаа бодож байна. Зүгээр л биднийг баялгаа идэж баян амьдрахад дасгах бус, баялгийг бүтээж баян амьдрахад бусдын нөлөөгүй хөтлөх тийм лидер, хүчин үгүйлэгдэж байна. Болхи улстөрчид, хүчирхэг болсон олигархуудын нөлөөнөөс эвтэйхэн суларч, эв зангидаж хөгжилд хүргэх манлайлагч бидэнд хэрэгтэй л харагдана. Тэрнээс аргаа барж хөлгүй усанд хамраа хүртэл живчихээд хэн сарвайсанд нь гараа өгчихөөр ядарч, хийморь тэнгэр нь хаячихсан улс орон, ард олон энд байхгүй.

1

Иргэний хөдөлгөөн ТББ-ууд өнөөдөр байх газраа байж дуугарч эхэлж байгааг бид үнэлэх ёстой. Зарим нь ч ардаа эзэнтэй санхүүжүүлэгчтэй л гэдэг. Тэр нь хамаагүй л дээ. Гол нь иргэний дуу хоолой болж чадаж байх хэрэгтэй юм. Одоогийн идэвхитэй байгаа иргэний төлөөллийн байгууллагуудыг харахад зарим талаар тэд эрх баригч намууд, иргэд хоёрын дунд гарсан ангал дээгүүр олсон гүүр татаад, түүнийгээ савлуулж тоглоод байх шиг санагдана. Товчхондоо олонхид нь тавьж буй тухайн асуудалд дэвшүүлэх шинэ санаа, тавьж буй зорилтдоо хүрэх зангидсан бодлого, хэтийн хөтөлбөр алга. Зарим нь хэдэн гишүүнтэй хэн удирддаг нь ч бүрхэг. Зүгээр л салхи гарангуут гүүрээ савлуулан наадаж хоёр эргийнхнийг айлгаж буй мэт дүр зурагтай. Ер нь бол хөгжлийнхөө шатлалын эсрэг буюу улам бүр гудамжинд гарах хандлагатай байгаа нь харагдаж байгаа юм. Тэгэхээр манай иргэний болоод ТББ-ууд үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргаж засаглагчдын алдаатай шийдвэрийн араас нь нэхэх бус учрах аюул хор уршгийг урьдчилан харж олон нийтэд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлдэг үйл ажиллагааны шинэ сонгодог шатанд гарахыг зорих ёстой. Манай нөхцөлд олсон гүүрэн дээр удаан тэсэхгүйг ухаарах ёстой.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
undur:
teneg uls turchduus ichih yumdaa.yanadaa yana
2015-03-19
иргэн:
монголын “ашигт малтмалын тухай хууль” үнэнхүү хөлдүү. учир нь уг хуулинд “ төр ашигт малтмалын ордод 34-50 %-ийг эзэмшинэ” гэсэн дэндүү тэнэг, хөлдүү заалт бий. гэтэл олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ордыг ард түмэн 100 % өмчилж, төр 100 % эзэмшдэг. харин төр ашигт малтмалын ордод биш уг ордыг ашиглагч аж ахуйн нэгжид (уулын үйлдвэрт) буюу уурхайн үндсэн хөрөнгөд нь тодорхой хувь эзэмшиж болох юм. монголын улс төрчид ашигт малтмалын орд, ордыг ашиглагч аж ахуйн нэгж (уулын үйлдвэр), уурхайн үндсэн хөрөнгө гэсэн гуравхан зүйлийг өөр хооронд нь ялгаж салгаж ойлгож чаддаггүй тэнэг, хөлдүү болох нь тэдний баталсан “ашигт малтмалын тухай” хуулиас нь тод томруун харагддаг.
2015-03-17
иргэн:
ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд америкуудын зохиосон үлгэр юм. энэ үлгэрийг ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-03-17