Дэлхийн ур чадварын олимпид есөн төрлөөр өрсөлдөнө
2015-03-17

Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр Дэлхийн ур чадварын байгууллагаас хоёр жил тутамд зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол Улс анх удаа оролцохоор болсон талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “72 улсыг нэгтгэсэн мэргэжилтэй ажилчдын дунд явуулдаг тус тэмцээнийг олон улсад ур чадварын олимп хэмээн нэрлэдэг. 1946 онд байгуулагдсан Дэлхийн ур чадварын байгууллагаас энэ жил 43 дахь удаагийнхаа олимпийг ирэх наймдугаарсарын 11-16-нд Бразилийн Сан-Паула хотод зохион байгуулна. 2014 онд манай улс энэ байгууллагын албан ёсны эрхтэй 69 дэх гишүүн болсон бөгөөд өрөг, хавтанцар наах, цахилгаан, токарь, гагнуур, үсчин, мужаан , гоо засал, тогооч мэргэжлийн ур чадвараар  тус олимпод оролцох юм.

d

Монголчууд спортын олимп, оюуны олимпод тодорхой хэмжээгээр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж чадсан. Тэгвэл энэ зун явах баг маань Монголын алтан гартай, торгон ухаантай мэргэжилтэй ажилчдын ур чадварыг дэлхийд таниулна. Тиймээс энэ тэмцээнд онцгой ач холбогдол өгч байгаа. Монгол Улсын Засгийн газраас ч анхаарч байна. Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогчдод насны хязгаар тавьдаг. Нийтдээ 46 мэргэжлээр дэлхийн шилдэг залуус өрсөлддөг бөгөөд тэдгээрийн дөрвөөс бусдад нь 23-аас доош насныхныг оролцуулдаг. Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад дөрвөн мэргэжилд 25 нас гэсэн хязгаар тавьдаг юм байна.

s

Тэгэхээр хамгийн шилдгүүдээ энэ тэмцээнд явуулж улсынхаа нэрийг дэлхийд гаргах хэрэгтэй хэмээн өнгөрсөн жил “Монгол ур чадвар-2014” үндэсний тэмцээнийг зохион байгуулж мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн нийт суралцагчдын дунд хоёр үе шаттайгаар явуулсан. Эхний шатнаас шалгарсан  250 хүүхдийг нээлттэй өрсөлдүүлж мэргэжил бүр дээр шилдэг хоёр хүүхдийг тодруулан дэлхийн тэмцээнд бэлтгэж эхэлсэн юм. Гэхдээ тэмцээнд нэг мэргэжилд шилдэг нэг л хүн явна. Тиймээс чухам хэн Дэлхийн ур чадварын олимпод  Монгол Улсаа төлөөлөн оролцох вэ гэдгийг энэ долоо хоногт шийдэх юм.

as

Тэмцээнийг мэргэжил тус бүрээр салбар мэргэжлийн холбоод зохион байгуулах бөгөөд эхний тэмцээн маргааш Дархан-Уулаймагт болно. Цахилгааны мэргэжлээр дэлхийн олимпод явахаар бэлтгэж буй хоёр хүүхдийн хэн нь илүү чадвартай вэ гэдгийг Дарханы инженерүүдийн холбооноос томилсон хөндлөнгийн шүүгчдийн баг тодруулна. Өрсөлдөх хүүхдүүдийн хувьд Дэлхийн тэмцээний зарчмаар ажлын даалгавраа авчихсан, тэмцээн зохион байгуулж байгаа газарт шаардлагатай тоног төхөөрөмж, материал хэрэгслийг бэлтгэсэн байгаа.

s

Дарханы дараа 19-нд өрөг угсралт, хавтанцар наалт, токарийн мэргэжлийн шалгаруулалт болно. Эдгээр тэмцээнийг Монголын барилгачдын холбоо, Төмөрлөг машин үйлдвэрлэлийн холбоотой хамтран зохион байгуулах юм. Гуравдугаар сарын 20-нд Монголын зочлох үйлчилгээний холбооноос тогоочийн тэмцээнийг зохион байгуулна. Ой модны сургалт судалгааны хүрээлэнтэй хамтарч 22, 23-нд мужааны, Үсчин, гоо засалчдын холбоотой хамтран 24-нд үсчин, гоо сайхны, 25-нд Материал судлал, гагнуурын нийгэмлэгтэй хамтран гагнуурын мэргэжлийн шалгаруулалтыг явуулахаар төлөвлөсөн. Оролцогчдод мэргэжлийн чадвараас гадна хэлний мэдлэг чухал. Ажлын даалгавраа ойлгохгүй, хийсэн зүйлээ танилцуулж чадахгүй бол амжилт гаргах боломжгүй тул бид хүүхдүүдийн англи хэлний мэдлэгийг сайжруулахад анхаарч байгаа.

й

Тэмцээний бэлтгэл ажилд БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага KOICA болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ байгууллагууд тусалж байна. Энд оролцсоноор мэргэжил эзэмшүүлэх сургалтын түвшингээ тодорхойлох, салбарыг олон улсын стандартын дагуу дэлхийн хөгжингүй улс орнуудын жишигт хүргэн хөгжүүлэх, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, багш нараа сургах замаар Монгол Улсын мэргэжилтэй боловсон хүчнийг хөгжүүлж улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм” гэлээ.

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zzzzz:
odoo boltol oroltsoogui l bgaa yum uu oroltsono geed l barag saryn umnuus l dahin dahin bicheed bh yum
2015-03-17