Д.Ганхуяг гишүүн тойрогтоо ажиллав
2015-03-30

 

УИХ-ы хаврын чуулган тун удахгүй эхлэнэ. Чуулган завсарласан хугацаанд гишүүд чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон хэлэлцэж буй хуулийн төслүүд, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд мэдээлэл өгч, тойргийнхоо сонгогчидтой санал солилцох уулзалтуудыг зохион байгуулж байгаа.

 

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Налайх дүүргийн VII хороо, Баянзүрх дүүргийн 28 хорооны иргэдтэй хэсэгчилсэн уулзалтуудыг хийжээ. Уулзалтын үеэр намрын чуулганаар баталсан хуулиудын талаар товч мэдээлэл өгч мөн тус дүүргийн хэмжээнд хийгдсэн болон хийх ажлынхаа талаар танилцуулсан байна. Тэрбээр 2014 онд тус дүүрэгт 201,8 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлын хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлсэн байна.

 

Иргэдийн зүгээс сургууль,цэцэрлэгийн хүрэлцээ муу, нэг ангид хэтэрхий олон хүүхэд сурч байгаа тул сандал ширээ хангалтгүй, цалин тэтгэвэр нэмсэн нэртэй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад нэмэгддэг зэрэг шүүмжлэлүүд хэлсэн аж. Мөн эрүүлжүүлэх байрыг Эрүүл мэндийн нэгдлийн Хүлээн авахтай нэгтгэсэн нь иргэдийг хохироосон шийдвэр болсон. Эмнэлгийн байгууллагаас иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авах бус элдэв хэл ам хийсэн, согтуу хүмүүсийн дунд очдог болсон. Түүнчлэн  архинаас болж олон хүн амь насаа алдаж байгаа учир архины хяналтын хуулийг яаралтай баталж өгөхийг хүссэн байна.

 

Харин залуучуудын зүгээс жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа залуусыг төрөөс бодлогоор  дэмжиж, бараа бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг нээж өгөх улмаар татвар, гаалийн хүнд суртлыг арилгах талаар анхаарахыг сануулжээ. Мөн энэ үеэр дүүргийн удирдлагууд иргэдэд ажлаа танилцуулж тайлагнадаггүй учир УИХ-ын гишүүдээс хог, СӨХ, орон сууцны лифт, дээврийн засвар зэрэг жижиг зүйлүүдийг асууж цаг алдаж байна хэмээн иргэд шүүмжилсэн байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин