Загварын настнууд
2015-03-31

Оросын “www.izuminki.com” сайтад нийтлэгдсэн дэлхийн хамгийн хөгшин загвар өмсөгчдийн мэдээллийг хүргэж байна.

 

 

Дафна Селфи

 

Их Британийн үлгэр жишээч загвар өмсөгч хэмээх тодотголтой Дафна Селфи өдгөө 87 настай ч загварын тайзнаа алхсаар байна. Тэрбээр 1928 онд Лондон хотноо мэндэлсэн, эцэг Жосеф Селфи нь загвар зохион бүтээгч байжээ. Дафна Селфи 11 настайгаасаа загвар өмссөн ба “Vogue” сэтгүүлд зургаа авахуулсан анхны Британи загвар өмсөгч гэнэ. Дафна 1955 онд өөрийн менежер Жим Смиттэй хуримаа хийсэн ба нэг хүүтэй. Тэрбээр Британийн “ELLE” сэтгүүлд “Хэрвээ би загварын тайзыг сонгоогүй бол гэрийн авгай болох байсан. Эмэгтэй хүн золиос гаргахгүйгээр амжилтад хүрэхгүй” гэж ярьжээ.

Дафна 70 гаруй жил загвар өмсөхдөө 8000 гаруй загварын шоу 4500 орчим сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн байна. 2011 онд тэрбээр “Залуу насаа хадгалах нууц” хэмээх номоо гаргасан юм. Номын эхний хуудаст “Дафна Селфи миний бие 90 нас хүрэхээрээ загварын тайзаа орхих болно” гэж бичсэн байна. Тэрбээр “Chanel” брэндтэй 10 гаруй жилийн турш хамтран ажиллажээ.

 

 

Кармен Дель Орефис

 

Загварын хатан хаан гэгддэг Кармен Дель Орефис 83 нас хүрсэн ч дэлхийн шилдэг брэндүүдтэй гэрээ байгуулж, сурталчилгаанд нь тоглосоор байна. Тэрбээр хамгийн сүүлд Австралийн “Harper's Bazaar” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ.  Кармен 1944 он буюу 13 настайгаасаа загвар өмсөж эхэлжээ. Тэрбээр дэлхийн шилдэг гэх тодотголтой бүх брэндтэй хамтран ажилласан ба хамгийн сүүлд 2014 онд “LV” брэндтэй 100 сая ам.долларын гэрээ байгуулсан юм.

Герман үндэстэн ч төрсөн цагаасаа АНУ-д суурьших болжээ. Гурван удаа гэрлэж байсан ба 34 насандаа анхныхаа хүүхдийг төрүүлсэн байна. Хэдий 80 насыг давсан ч яг л 50 гаруй настай мэт харагддаг түүний гоо сайхны нууц нь ус гэнэ. Тэрбээр өдөрт 4-5 литр буцалсан ус ууж, 2-3 удаа хүйтэн шүршүүрт ордог тухайгаа “New Face” сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ.

Түүнийг дуучин Мадонна, Леди Гагаас үзэсгэлэнтэй, залуухан харагддаг гэж хэвлэлүүд бичдэг. Тэрбээр энэ жилийн Нью Йоркийн загварын долоо хоногт оролцсон юм. Өдгөө Лос Анжелес хотноо “Мөнхийн гоо үзэсгэлэн” гэх загварын агентлагийн тэргүүнээр ажиллаж байна.  Загвар өмсөгч Синди Кроуфордыг түүний шавь гэдэг.

 

 

Синди Жосеф

 

Австралийн загвар өмсөгч Синди Жосефийг загварыхан Цагаан сувд хэмээн нэрлэдэг. Тэрбээр 65 настай ч түүний арьс яг л залуу охидын адил тунгалаг учир ийнхүү нэрлэх болжээ. 1961 оноос эхлэн загвар өмссөн ба өнөөдрийг хүртэл “D&G” брэндтэй хамтран ажиллаж байна. Түүний охиныг Лаура гэдэг бөгөөд ээжийнхээ адилаар загвар өмсөгч юм. 2011 оны “D&G” зуны коллекцийн танилцуулгын үеэр ээж, охин хоёр хамтдаа нэг тайзнаа алхжээ.  

Синди Жосеф Австрали улсын иргэн бөгөөд АНУ болон Германд илүү алдаршсан байна. Тэрбээр 2009 оноос  Америкийн “TV 13”, Германы “Sky” телевизтэй хамтран ирээдүйн загвар өмсөгчдөд зориулан “Биеэ хэрхэн зөв авч явах вэ” гэх видео хичээл зааж эхэлжээ. Синди өдөрт 2-5 удаа инстаграмдаа өөрийнхөө зургийг байршуулж, хүүхнүүдийг настайгаа тэмцэхийг уриалдаг гэнэ.

 

 

Жаклин Мэрдок

 

“Lanvin Paris” брэнд 2012 онд 80 настай Жаклин Мэрдоктой хамтран ажиллах гэрээ байгуулж, олныг алмайруулсан билээ. Түүний тоглосон сурталчилгаанууд амжилт эвдэж, нас бол тоо гэдгийг залуу үеийнхэнд жинхэнэ утгаар нь харуулсан байна. Жаклиний аав америк бол ээж нь бразил юм.

Жаклан арьсныхаа өнгөнөөс болж 20-30 насандаа үйлдвэрийн оёдолчноор ажиллаж байжээ. Тэрбээр 1970 онд санамсаргүй байдлаар “Gucci” сурталчилгаанд тоглож, анхны алхмаа хийсэн байна. Энэхүү сурталчилгааны дараа тус брэндийн удирдлагууд түүнтэй 150 хоног хамтран ажиллах санал тавьжээ. Түүний арьс нь бусад охидоос содон учир тэрбээр хурдан хугацаанд алдаршиж, удалгүй “Gucci” брэндтэй гурван жил хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Жаклан “Gucci” брэндтэй 11 жил хамтран ажилласан байна. Мөн “Armani”, “Dior” брэндтэй хамтран ажиллаж байсан аж.

 

 

Когдо Жеки

 

64 настай Когдо Жеки өнгөрсөн онд “Prada” брэндтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэрбээр хоолны хатуу дэглэм барьдгаараа алдаршсан нэгэн. “Сайхан харагдахын тулд эмэгтэй хүн өдөрт хоёр алим идэхэд л хангалттай” гэх дүрмийг зохиосон хүн. Энэхүү дүрэм өнөөдрийг хүртэл загвар өмсөгчдийн дунд өргөн хэрэглэгддэг. Энэхүү дэглэмээс болж жилд 15-20 охин амиа алддаг байна.  

Когдо сүүлийн 20 гаруй жилийн турш дээрх дэглэмийг барьж байгаа ба 7-10 хоногт нэг удаа махан хоол иддэг гэнэ. Өнгөрсөн онд Парисын долоо хоногт оролцжээ. Тэрбээр энэ оны эхээр “Эрвээхэй шиг нас минь” гэх загварын номоо худалдаанд гаргасан юм.

 

 

Ван Дэшунь

 

Хятадын загварын долоо хоногт 79 настай Ван Дэшунь загвар өмсч байна. Ван хэдий 80 хүрэх гэж байгаа ч 55-60 настай мэт харагддаг байна. Тэрбээр 2010 оноос эхлэн загвар өмссөн ба мэргэжлийн жүжигчин юм.

Ван хятадын 50 гаруй уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээжээ. Сүүлд жүжигчин Жеки Чан, Жет Ли нарын хамтран тоглосон “Хориотой хот” кинонд хааны дүрийг бүтээжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ хятад яасан үрчийж хорчийдоггүй этгээд вэ.Энэний биеэ авч явдаг туршлагаас манай сэтгүлчид олж тавимаар юм.
2015-03-31