Любиц аав болох гэж байжээ
2015-03-31

 

Альпийн нуруунд осолдсон Германы “Airbus A-320” онгоцыг санаатайгаар сүйрүүлж, 150 хүний аминд хүрсэн хэрэгт буруутгагдаад байгаа Германы “Germanwings” компанийн хоёрдугаар нисгэгч Андрес Любицийг тун удахгүй аав болох гэж байсныг “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр 2008 оноос эхлэн Кэтрин Гольдах хэмээн англи хэлний багш бүсгүйтэй үерхэх болжээ. Тэд 2011 оноос эхлэн хамтран амьдарсан ба бүсгүй таван сартай жирэмсэн гэнэ. Гэхдээ осол гарахаас 15 хоногийн өмнө Кэтрин, Андресээс салж, хүүхдээ түүний нэрээр овоглохоос татгалзаж, харилцаагаа тасалсан байна.

 

Кэтрин түүнээс салсан шалтгаанаа “Тэрээр өдөр бүр тааварлахын аргагүй байдаг байсан. Үнэхээр тогтворгүй зантай. Би түүнд итгэдэг байсан ч Андрес өөр бүсгүйтэй уулздаг байсан нь илчлэгдсэн. Түүний тогтворгүй зан, хууралтаас болж би Андресээс салахаар шийдсэн. Үнэнийг хэлэхэд, салалт Андрест хүчтэй нөлөөлсөн байж болзошгүй. Гэхдээ түүнийг онгоц сүйрүүлсэн гэдэг итгэхгүй байна” гэж Германы “Bild am Sonntag” сонинд ярьжээ.

 

Андрес зургаан жилийн турш сэтгэл гутралын эмчилгээ хийлгэж байсан нь тогтоогдсон байна. Мөн өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн “Germanwings” компанийн онгоцны үйлчлэгч 25 настай Мариа гэх бүсгүйтэй уулздаг байсан нь тогтоогдсон юм. Мариа түүнтэй гэрлэхээр төлөвлөж байснаа нэгэн ярилцлагынхаа үеэр дурьдсан билээ.


Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин