Бид дайн хүсэхгүй байна
2015-04-06

 

Их Британийн “ВВС” агентлагийн сурвалжлах баг Украины зүүн хязгаарын Донецк, Луганск мужид ажиллаж, мужийн иргэдтэй уулзжээ.

 

 

 

Янукович гол буруутан уу

 

Украины экс Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсан 100 мянган иргэн өнгөрсөн 2013 оны долоодугаар сард Киев хотноо жагсав. Энэхүү жагсаалыг өнөөгийн Ерөнхий сайд Арсений Яценюк, Киев хотын дарга, боксчин Виталий Кличко, “Удар” намын дарга, спикер Александр Турчинков нар эхлүүлсэн юм. Тэд Ерөнхийлөгчөө эдийн засгийн уналт болон “Оросын гар хөл болж байна” гэж буруутгаж, огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулав. Олон сар үргэлжилсэн жагсаал, мөргөлдөөний үеэр нийтдээ 47 жагсагч тэнэсэн суманд оногдож, золгүйгээр амиа алджээ. Эцсээ хүртэл огцрохгүй хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч “Би эргэж ирнэ” гэж хэлээд Орос руу зугтсан юм. Тэрбээр тус улсын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Сочи хотноо амьдарч байна.

 

Янукович эх орноо орхин гарсны дараа оросын талыг баримтлагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн салан тусгаарлагчид Украины Донецк, Луганск, Харьков мужид эрхээ тогтоохыг санаархаж, цэргүүдтэй дайтаж, хотод эрхээ тогтоохыг санаархжээ. Зүүн хязгаарт хямрал үргэлжилж байх хойгуур тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, “Эх орон” намаас нэр дэвшсэн, амттаны хаан гэгддэг Петр Порошенко нийт сонгогчдын 54.7 хувийн санал авч, Ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр сонгогдсон даруйдаа Оростой харилцаагаа муутгаж, АНУ, Их Британи улстай харилцаагаа зузаатгаж, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жое Байданыг эх орондоо хүлээн авч уулзсан юм.

 

Уулзалтаас 21 хоногийн дараа Украины Ерөнхий сайд Арсений Яценюк АНУ-д төрийн айлчлал хийж, Ерөнхийлөгч Барак Обаматай сүүлийн үеийн асуудлаар ярилцаж, эдийн засаг болон зэр зэвсгийн тусламж хүссэн билээ.

 

 

“ВВС” агентлагийн сэтгүүлч: “Украины хямрал эхэлсэн, яагаад өнөөдрийг хүртэл дуусахгүй байгаа нь гурав дахь хүчинтэй шууд холбоотой. Ерөнхийлөгч Обама Украинд 2.5 тэрбум ам.долларын зээл олгохоос гадна 500 сая ам.долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсний дараа зүүн хязгаарын хямрал туйлдаа хүрсэн гэхэд болно. “Нормандын дөрвөл” энэхүү хямралыг зогсоохын тулд Минскийн гэрээ байгуулсан ч үр дүнгээ өгөөгүй. Өнөөдөр зүүн хязгаарт 6000 хүн амиа алдаж, 2.4 сая иргэн дүрвэсэн байна. Дүрвэгсдийн 70 хувь нь Оросын Ростов хотноо байрлах дүрвэгсдийн хуаранд хоног төөрүүлж, олон улсын тусламжийн байгууллагаас ирсэн хүнсний тусламжаар гол зогоож байна” гэв.

 

“ВВС” мэдээ: Януковичийн бага хүү Александр өнгөрсөн сарын 23-нд Байгаль нуурт осолдож, амиа алдсан юм. Осол гараад гурван өдрийн дараа Ерөнхийлөгч хүүгээ Севастополь хотын Гэгээн Никольскийн сүмийн дэргэдэх оршуулгын газар оршуулжээ.

 

 

Украины ард түмэн туйлдаж эхэллээ

 

Сурвалжлах баг энэ сарын 2-4-ны өдрүүдэд Донецк, Луганск мужид ажиллаж, оршин суугчидтай нь уулзсан байна. Сурвалжлах багийн ахлагч, сэтгүүлч Жереми Хоуд твиттертээ “Бид зүүн хязгаарт болж буй хямралын асуудлаар ямар нэгэн эрх баригчтай уулзахаас татгалзаж, оршин суугчидтай шууд уулзахаар зорьсон юм” гэж жиргэжээ.

 

Талх ч авч чадахгүй байна

 

 

Луганск мужийн оршин суугч:

Зүүн хязгаарт болж буй хямралд Засгийн газар буруутай. Тэд хямралыг зогсоохын тулд юу ч хийгээгүй. Зөвхөн ялалт байгуулахыг хүсдэг. Энэ улсад ард түмэн хэрэггүй. Бидний амьдрал өдрөөс өдөрт доошилж, талх ч авч чадахгүйд хүрлээ. Утга учиргүй дайны золиос болж олон хүн амиа алдлаа.

 

 

Сургуулийг минь нураачихсан

 

 

Донецк мужийн оршин суугч /8 настай/

 

Өнгөрсөн сард манай гэр рүү зэвсэгтэй хүмүүс дайрч орж ирсэн. Тэд ямар шалтгаанаар гэрийг минь нурааж, хашааг минь эвдэлж байгаагаа тайлбарлаагүй. Мөн намайг уйлвал аавыг минь буудах болно гэж сүрдүүлсэн. Би сургуульд сурахын хүсч байна. Даанч сургуулийг минь нураачихсан. Би айж байна. Энэ бүх айдас хэзээ дуусах бол.

 

 

Бид соёлт ертөнцөөс холбоо тасарсан

 

 

Донецк мужийн иргэн

 

Армийнхан, салан тусгаарлагчдын хоорондын дайнд энгийн иргэд ихээр өртөж байна. Бид хэдийнэ соёлт ертөнцөөс холбоо тасарсан. Өнгөрсөн оны дундуур цахилгаан, халуун ус тасарсан. Бид аргагүй эрхэнд худгаас ус зөөж байна. Би гэр бүлээ хамгаалахын тулд зэвсэг барьж, унтахдаа орныхоо дэргэд байрлуулж байна. Би ийм амьдралыг хүсэхгүй байна.

 

 

Донецк шорон болсон

 

 

Донецк мужийн иргэн

 

Донецк мужид жинхэнэ дайн болж байна. Өглөө, өдөр, орой гэлтгүй буун дуу гарч, хүмүүс амиа алдаж байна. Сонирхолтой нь энэ мужаас биднийг гаргахгүй, хорьж байна. Үнэнийг хэлэхэд, Донецк муж шорон болж хувирсан.

 

 

Дайн болж байна

 

 

Донецк мужид тулалдаж буй армийн цэрэг

 

Донецкт дайн эсвэл мөргөлдөөний аль нь болж байгааг мэдэхгүй байна. Миний бодлоор энэ мужид дайн болж байна. Олон хүн гэр орноосоо дүрвэж, гудамж, талбай цогцсоор дүүрч, өлсгөлөн газар авч байна. Би гэртээ харихыг хүсч байна.

 

 

Амьдрахыг хүсэхгүй байна

 

 

Луганск мужийн иргэн

 

Луганск ямар сайхан хот байлаа. Замын хажуугаар цэцэг ургасан, хотын төвдөө усан оргилууртай. Одоо энэ бүхнийг хойч үе минь харахгүй өсч байна. Эх орноо бодохоор нулимс минь урсч байна. Би тулааны үеэр 24-хөн настай цэцэг шиг хүүгээ алдсан. Цагдаа нар тэнэсэн суманд оногдсон гэсэн. Би амьдрахыг хүсэхгүй байна.

 

 

Мужийн иргэдтэй “ВВС” агентлагийн сэтгүүлч Наталиа Антелава уулзаж, ярилцжээ. Тэрбээр  “Надтай уулзсан бүх хүний харц уйтгар гунигт автсан байсан. Тэр 8 настай охин намайг уйлуулсан. Украины ирээдүй хэрхэх бол” гэж жиргэжээ.

 

 

Минскийн гэрээ хэрэгжиж байна уу

 

“Нормандын дөрвөл” өнгөрсөн сарын 12-нд Беларусын нийслэл Минск хотноо дахин уулзав. Тэд 16 цагийн турш хэлэлцсний эцэст “Минск 2” гэрээг амжилттай байгуулж чадав. Гэрээ хоёрдугаар сарын 15-наас Украины зүүн хязгаарт бүрэн төгс хэрэгжиж, армийнхан болон салан тусгаарлагчид харилцан зэвсгээсээ татгалзаж, хүнд даацын зэвсэг, техникээ эргүүлэн татсан юм.

 

 

Дайны бэлэн байдалд шилжээд байсан армийнхан зэвсгээсээ татгалзаж, гэрээний заалтын дагуу салан тусгаарлагчдад хяналт тавин ажилласан билээ. Гэрээ хэрэгжиж эхэлсэн эхний гурван өдөр Донецкт 2, Луганскт 3 удаа буун дуу гарсан ч харьцангуй тайван байлаа. Гэрээ хэрэгжээд 14 хоногийн дараа Донецкийн төвд 25-30 насны хоёр эрэгтэй амиа алдсан байдалтай олджээ. Энэхүү хэргийн дараа “Бүгд Найрамдах Донецк” улсын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсөн Александр Захарченко “Минск-2 гэрээ зөрчигдсөн” хэмээн мэдэгдсэн билээ. Гэхдээ түүний мэдэгдлийг Киевийн тал эрс үгүйсгэж, Минск-2 хэрэгжиж байгаа гэж хариу мэдэгдсэн. Мөн удалгүй Орос дээрх гэрээ хэдийнэ хүчингүй болж, олон хүн амиа алдаж байна хэмээн мэдэгдэж, дахин “Нормандын дөрвөл”-ийг уулзах санал гаргасан юм.

 

Гэхдээ салан тусгаарлагч болон Оросын мэдэгдлийг Украин, Герман, Францын удирдлагууд эрс үгүйсгэж байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөл “Минкс 2” бүрэн төгс хэрэгжихгүй байгаа ч зүүн хязгаар харьцангуй тайван болсон гэж мэдэгджээ.  Ирэх сарын 15-нд “Нормандын дөрвөл”-ийн шинжээчид зүүн хязгаарт ажиллахаар болжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Украйнчууд одоо оросыг сонгож эхэллээ. Тэд Америк ЕХ итгэхээ больжээ.
2015-04-06
зочин:
Энэ бол Америкийн хийсэн ажил.
2015-04-06
hehe:
ene bol Putinii hiisen ajil oor yuu ch bish Ukrainchuud orosiig bish hogjil devshiliig songoloo tyyniihee toloo Putinaas shan avlaa
2015-04-06