Зээл хүссэн иргэд батлан даагчтай боллоо
2015-04-07

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч болон нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих зорилгоор банкаар дамжуулан жижиг зээл олгодог. Гэтэл зээл хүссэн иргэд, аж ахуйн нэгж барьцаа хөрөнгөгүйн улмаас банкны шалгуурт бүдэрч санхүүгийн дэмжлэг авах боломжгүй болдог юм. Энэ байдлыг өөрчилж, иргэнд ээлтэйгээр зохицуулах боломжийг нээсэн “Багцын батлан даалтын гэрээ”-нд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Амартөгс, Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга Б.Нямаа, Төрийн банкны ерөнхий захирал Д.Батсайхан нар гарын үсэг зурлаа.   

 

 

Монгол Улсын Засгийн газар болон Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2011 онд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамны хооронд энэ оны нэгдүгээр сарын 26-нд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Уг санамж бичгийг хэрэгжүүлэх зорилгоор “Багцын батлан даалтын гэрээ”-г байгуулж буй бөгөөд Багцын батлан даалт хэмээх санхүүгийн шинэ арга хэрэгслийг нэвтрүүлснээр  жижиг зээл авах хүсэлтэй ч барьцаа хөрөнгийн дутагдлаас шалтгаалан авч чадахгүй байсан иргэдэд санхүүгийн боломжийг нээж өгч байгааг гарын үсэг зурсан талууд онцолж байв. Мөн зээл авах гэж буй иргэдийн зүгээс батлан даалт хүссэн нэмэлт өргөдөл материал бүрдүүлж, батлан даагчийн шийдвэрийг хүлээн хугацаа алдах зэргээр учирдаг хүндрэл чирэгдлийг арилгах ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, уг гэрээг байгуулснаар банк тухайн зээлдэгчид зээл олгохоор шийдвэрээ гаргамагц түүнд батлан даалт гаргуулах боломж автоматаар үүсэх боломж бүрдэх аж.

 

 

Батлан даалт гаргах хэмжээний хувьд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл хүсч буй малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд олгодог 5,0 сая төгрөгийн зээлийн 80 хувь буюу 4,0 сая хүртэл төгрөг, нөхөрлөл хоршоо байгуулах иргэдийн авч болох 10 сая төгрөгийн зээлд 8,0 сая хүртэл төгрөг байхаар тогтоожээ. Зээлдэгч батлан даалт гаргуулсны шимтгэлд батлан даасан дүнгийн 1,0 хувьтай тэнцэх төгрөгийг төлнө.  Тодруулбал 8,0 сая төгрөгийн батлан даалт гаргуулсан тохиолдолд 80 мянган төгрөгийн шимтгэл төлнө гэсэн үг юм байна.

Shuud.mn
Сонин хачин