Улаанбурханаар 2-9 сартай хүүхдүүд өвчилж байна
2015-04-07

Улаанбурхан өвчний тохиолдол манай улсад дахин бүртгэгдэж, дэгдэлт хэлбэрээр тархаад байгаа талаар өмнө мэдээлж байсан. Улаанбурханы идэвхтэй тандалт судалгаа хийгдэж байгаа ба ХӨСҮТ-өөс ирүүлсэн мэдээгээр энэ сарын 2-ны байдлаар 419 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 123 нь лабораториор батлагдсан байна.

 

Бүртгэгдсэн тохиолдлууд нь 2 сартайгаас  39 насны хүмүүс байгаа ба 2-9 сартай хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. Одоогоор Улаанбаатар хотын төвийн дүүргүүд, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дорноговь, Орхон аймгаас уг өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгджээ.

 

Мөн Улаанбаатар хот болон зарим аймагт халууралт тууралттай хам шинжийн сэжигтэй тохиолдол бүртгэгдэж эхэлсэнтэй холбогдуулан авах арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор ЭМС-ын сайдын Албан даалгавар гаргаж, аймаг, нийслэлийн ЭМГ-т хүргүүлээд байна.

 

ХӨСҮТ-ийн клиникийн тасагт улаанбурхан өвчний улмаас 92 өвчтөн эмчлэгдэж  байгаа аж. “Улаан бурхан өвчний эмнэл зүй, сэргийлэлтийн менежмент” сэдэвт сургалтад нийслэлийн хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн болон өрхийн 500 гаруй эмч нарыг хамруулж, эмнэлзүй, оношлогоо, эмчилгээ, тандалт, сэргийлэлт, халдвар хяналт, мэдээ мэдээллийн талаар хичээл заасан байна.

 

Түүнчлэн Улаан бурхан өвчний дэгдэлт гарсантай холбогдуулан халдвартын клиникийн сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг, яаралтай тусламжийн тасгуудад эмч, сувилагчийг нэмэлтээр ажиллуулж байна. Улаан бурхан өвчний үед нэн шаардлагатай эм болон нэмэлт дархлаажуулалтанд шаардлагатай вакцины захиалга хийгдсэн байна.

 

Мөн өнөөгийн дэгдэлт гарч байгаа нөхцөлд өвчтөнтэй хавьтахаас зайлсхийх, нэмэлт дархлаажуулалт хийх, амны хаалт зүүх, гарын ариун цэвэр сахих, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Тэжээлийн дутагдал ба сульдаа мэтийн суурь өвчнийг эмчлүүлэх, халуурах, биеэр тууралт гарах шинж тэмдэг дээр нэмээд (ханиах, нус гоожих, нүдний салс улайх шинжийн аль нэг нь) илэрвэл сэжигтэй гэж үзэн харъяа эмнэлэгтээ яаралтай хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин