Цасан шуурганаар 30 мянга гаруй мал хорогджээ
2015-04-09

Дөрөвдүгээр сарын эхний өдрүүдэд есөн аймгийн 51 суманд их хэмжээний цас орж, шуурсан. Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэний мэдээлэл тухайн орон нутгийн онцгой байдлын албадад ирсэн байна. Үүнээс малтайгаа шуурганд уруудсан 90 малчин  болон хөдөө орон нутагт зорчиж явсан иргэдийг эсэн мэнд олсон юм. Харин Өвөрхангай аймгийн Өлзийт, Төв аймгийн Эрдэнэсант, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд тус бүр нэг буюу нийт гурван иргэн нас барсан олдсон байна.  

 

Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тн өвс, Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тн өвс, 10 тн тэжээл, 3 тн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн аж.

 

Тэгвэл  Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” 262949 утсаар аймгуудтай холбогдож, цасан шуурганы үеээр хорогдсон малын тухай мэдээллийг өнөөдөр ч авсаар байгаа юм байна. Хамгийн сүүлийн мэдээгээр цасан шуурганы үеэр Булган аймагт 17000, Төв аймагт 14351,  одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн байна. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байгаа аж.

 

Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийг багийг ажиллуулж байна.

 

Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр 10-нд баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар, 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 10,11-нд баруун болон говийн нутгаар секундэд 12-14 метр, 12,13-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

 

Тиймээс малчид, ард иргэдийг цаг агаарын мэдээг тогтмол цагтаа авч, малдаа явахдаа дулаан хувцастай явах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, 12, 13-ны өдрүүдэд малаа бэлчээрт гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин