Монголчууд хөгжлийн эрх ашгаар гагнагдана
2015-04-10

Гэрэл зургийг MPA.MN Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы хуралдаанд ажлаа тайлагнаж байна. Тэрбээр “Би нэг жилийн бус Ерөнхийлөгч байх хугацаанд хийсэн ажлуудаасаа дурдъя. Миний сонсгох тайлан  9 хэсгээс бүрдэж байгаа.  Ажлаа аваад Төрийн ордны маршал Х.Чойбалсан гуайн сууж байсан өрөөг Иргэний танхим болгосон.  Иргэд, төрийн бус байгууллага чөлөөтэй саналаа хэлэлцүүлэг өрнүүлдэг болсон, энэ танхимд. Цаашлаад аймаг, дүүрэг, сум бүрт Иргэний танхим байгуулагдсан” хэмээн эхлээд онцолсон юм.

 

 

Иргэдээ оролцуулж хөгжье

 

1.Иргэн хүн байгаа газраа сайхан амьдрах ёстой. Улаанбаатар, төв рүү нүүдэг нүүдэл сүүлийн 2 жил саарсан. Хүн оролцож хийсэн юмандаа дуртай байдаг, эзэн болдог, хөгжил болдог гэдгийг хэлж байгаа юм. Төр нь иргэнээ дэмжиж, иргэн нь бүтээлч байхад оршино.

 

Шууд, төлөөллийн ардчиллыг иргэнээ оролцуулж, шинэчилж, баяжуулж байх хэрэгтэй. Улс орноо иргэдийнхээ оролцоо, санал санаачлагатайгаар яаж авч явах вэ гэдгээ баяжуулах боломжтой. Хөдөө орон нутгийн сумд өөрчлөгдөж, “нүүрээ угаасан” юм шиг болсон. Ирэх сонгуулиудад нэр дэвшигчээсээ “Миний оролцоог яаж баяжуулах, хэрэгжүүлэх вэ?” гэдгийг асууж байх ёстой. Иргэдийн оролцоо маш олон янзаар явж байгаа. Олон нийтийн оролцоот хөгжил буюу хуримтлалын бүлгийг маш сайн дэмжих ёстой.

 

 

ҮАБЗ  шаардлагатай үед 7 хоног бүр хуралдана

 

2.2010 онд Үндэсний аюулгүй байдлын шалгуурыг ҮАБЗ-д оруулж батлуулсан. Үндэсний аюулгүй байдлын асуудлаар 3 удаа хаалттайгаар УИХ-д хэлэлцүүлсэн. ҮАБЗ тусдаа хамтарч ажилладаг.  Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрэлдэхүүнд нь багтдаг. Бид зарим шаардлагатай үед 7 хоног бүр хуралдаж, асуудлаа шийдэж байгаа. Зарим үед зөвлөлийн гишүүн байсан хүмүүсийг оролцуулж хуралддаг. ҮАБЗ-ийн шалгуураар цаг үеийн асуудлаар судалгаа хийдэг. Газар хөдлөлт, орчны бохирдол зэргээр ярьж, тодорхой албан тушаалтнуудад чиглэл өгдөг.

 

 

Энхийг сахиулагчид Монголын брэнд

 

3.Манай Цэрэгжсэн байгууллагууд үүргээ сайн биелүүлж байгаа. Зэвсэгт хүчнээс тухайлж Энхийг сахиулах үйл ажиллагаа, “Хааны эрэлд”-ийг зориуд цохон хэлмээр байна. Энэ нь манай улсын брэнд үйл ажиллагаа. Энэ байдлыг биеэр үзэхээр Суданд очсон. Тэнд очоод харж байхад манай энхийг сахиулагчдын сайн сайхны төлөө хийж хэрэгжүүлж байгаа ажиллагаа бахархах сэтгэл түрүүлж байсан.  Цэргийн их сургууль дээр “Тэмүүжин” сургалтыг багаас нь явуулж байгаа. Аймаг бүрт барилга-инженерийн ангийг байгуулъя. Зэвсэгт хүчний зүгээс энэ ангиараа дамжуулж, энхийн бүтээн байгуулалтад оролцох юм. Энэ ажил урагштай сайн явж байгаа.  Хилийн цэргийн ангиуд, зэвсэгт хүчний зарим ангийг түшиглээд морин суманг байгуулъя.  ҮАБЗ-өөс 200 удаа зөвлөмж, 120 удаа тэмдэглэл гаргасан. Монгол төрийн бодлого уялдаа зохицуулалт явж ирсэн гэдгийг хэлэх нь зөв байх.

 

 

Хуулиас ядарсан иргэд биш задарсан албан тушаалтан зугтдаг

 

4.Хууль, шүүх бодлогыг хэрэгжүүлэх хуулийн засаглалтай улс болох чиглэлээр ажиллалаа. Шүүх эрх мэдлийн шинэчлэлээр хөтөлбөр боловсруулан ажиллалаа. Алдарт хуульч Чимид гуай, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, хуульч П.Цагаан, н.Баярцэцэг гээд олон хүн ажилласан. Шүүх, эрх мэдлийн шинэчлэлийн үйл ажиллагаа талдаа ч ороогүй байгаа.  Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй 6 хууль өргөн барьсаныг тухайн үеийн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн парламент гурвхан сарын дотор баталж өгсөн.  Шүүхийн захиргаа шүүн таслах үйл ажиллагаа хоёр шинэчлэлээр тусгаарлагдсан. Шүүх байгууллагад ажиллаж байгаа шүүгчид өрсөлдөөнтэй болсон.

 

Монголд албан тушаалтны биш хуулийн засаглал тогтооход оршиж байгаа юм. Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг ч албан тушаалтнууд илүү эрх мэдэлтэй байна.

 

Шилэн дансны тухай хуулийг би санаалчилсан. Хүмүүсийн мөнгийг хэрхэн зарцуулж байна вэ гэдгийг хяналттай, ил тод байлгахаар ярьж байна. Шилэн дансны хуулиар зарцуулалт ил тод болсон. Хуулиндаа нийцүүлэх чиглэлд өнөөдөр дээрээсээ аваад анхан шатны төсөв захиран зарцуулагч нар орсон. Энэ бол хуулиас гарч байгаа үр дүн. Энэ хяналт улам сайжраасай гэж бодож байгаа. УИХ-ын гишүүн, сайд, аймгийн дарга зэрэг төсвийн захиран зарцуулдаг этгээд Шилэн дансны хууль зөрчсөн гэж ажлаасаа чөлөөлөгдвөл  энэ хуулийг сайн хэрэгжиж байна гэж бодно. Үүнд холбогдох байгууллага хяналтаа тавьж байгаа болов уу гэж бодож байна.

 

Хууль дуудахад ирэхгүй этгээд байдаг байсан. Хуулиас ядарсан иргэд зугтдаггүй, задарсан албан тушаалтнууд зугтдаг. Хууль завхруулж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой.  

 

Монголын авлигийн түвшин сүүлийн дөрвөн жилд 120 дээр байсан бол  40 орноор дээшилж  80 дээр очсон байна.  Одоо албан тушаалтнуудын хэлж байгаагаар АТГ хамгийн хэцүү газар болоод байна гэж байна.

 

Монгол Монголоо, бүтээгчдээ дэмжих чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчидтэй жил бүр уулзах боллоо.  Бизнес эрхлэгчдээс гаргаж байгаа бүтээлч чанарыг дэмжсэн. Өрсөлдөх чадварын судалгааг гаргадаг болсон. Өрсөлдөх чадварын судалгааг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч, 60 оронтой харьцуулж гаргах гэж байна. Өрсөлдөх чадвар бол аливаа улсын оршин тогтнох үндэс юм.

 

Мөн аймгийн Засаг дарга бүр энэ судалгааг хийлгэж байгаа. Бусадтай өөрсдийгөө харьцуулж хардаг хэмжүүртэй болсон. Бусадтай харьцуулж чадвал бид урагш ахиж чадна.

 

 

Авьяастай, амбицтай шинэ үеэ дэмжье

 

5.Жил бүрийн нэгдүгээр сард үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаа. Үйлдвэрлэл гэдэг бол улсын нэр хүндтэй холбоотой асуудал. Ямар бүтээгдэхүүн бусдад нийлүүлж байгаагаар нь бусад улстай өрсөлдөх чадварыг нь дүгнэдэг. Үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй, нэмүү өртгөө нутагтаа хийж чадаагүй болохоор хямралд өртөөд байна. Үйлдвэрлэлийн соёл Монголд хамгийн их дутагдаж байна.

 

Мэдээллийн технологийн ачаар  бүтээгдэхүүн түгээх нь хүн амын тоо, газар нутгийн хэмжээнээс үл хамаарна. Тиймээс би шийдлийн Засгийн газар байгуулагдахад энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яам байгуулах саналыг тавьсан.  Өнөөдөр Монголд авъяастай, амбицтай шинэ үе төрөн гарч байна. Шинэ үеийнхээ авъяасыг дэмжих хэрэгтэй.  Дотооддоо төрийн худалдан авах чадварыг дэмжих хэрэгтэй. Бүтээх чиглэл рүү бид явах боломжтой.  Бүтээлч, хамтач чанараараа бид бусдаас ялгарна.

 

Монгол Улс  газар нутаг, иргэдийнхээ идэвх оролцооноос шалтгаалаад дэлхий дээрх санал санаачлагаас хоцроод байдаг юм. Байгаль орчин, ногоон хөгжил, цөлжилтийн асуудлаар идэвхтэй байр суурьтай болсон. НҮБ-ын уур  амьсгалын асуудлаар дээд хэмжээний уулзалтад оролцож, энэ үйл ажиллагааг эрчимжүүлж чадсан. Өөрийн улсад тулгамдаж байгаа асуудлыг дэлхийн анхаарлын төвд татаж чадсан.  Байгаль орчинд бидний хамтаараа гаргаж байгаа ажил үнэлэгдэж байдаг. Ус бол дэлхий дээр ирээдүйд хамгийн тулгамдсан асуудал. Монгол Улс “Усны түншлэл”-ийн гишүүн орон болж чадсан. Усны, Авлигын эсрэг, Ухаалаг төрийн  үйл ажиллагаанд Монгол Улс болсон.

 

Бид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр олон улсад нэгдэн орсон. Энэ чиглэлээр судалгаа хийдэг олон улсын баг бий болсон.  “Мод тарих өдөр”-ийн санаачлага ажил хэрэг болсоор байна. Усны, мод тарих асуудал бол зөвхөн Ерөнхийлөгч байх хугацаанд бус миний амьдарлын хугацааны мөрдлөг юм.

 

Улаанбаатар хотод  Үндэсний цэцэрлэгт хүрлээн байгуулах зарлигийг гаргаж хэрэгжүүллээ. Энэ ажиллагаа аймаг бүрт бий болж байна. Мөн хууль бус модны хулгайтай тэмцэж байна. Нөгөөтэйгүүр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг зогсоох шийдвэрийг УИХ-аар гаруулсан. Ашигт малтмалын лиценз цүнхний лиценз болсон байлаа. Ашигт малтмалын лиценз авсан хүн санхүүгийн, техник технологийн, боловсон хүчний чадавхитай байх ёстой.

 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үндэсний хороо байгуулан ажиллуулсан. Засгийн газар энэ ажлыг хариуцан хийж байгаа. Улаанбаатарын ойролцоо хийн түлш үйлдвэрийг байгуулах хэрэгтэй. Үүнд хөрөнгө зарцуулах хэрэгтэй юм. Энэ чиглэлээр бид олон улсын байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй.

 

 

Түүхээрээ хойч үеэ хүмүүжүүлье

 

6.Монгол хүн Монголын түүх, уламжлал, шинэчлэлийн чиглэлээр хийсэн ажлаа танилцуулъя.  Монгол Улс олон үндэстэн ястны өвөрмөц ёс заншил зэрэгцэн оршдог. Саяхан манай казак иргэд Наурызын баяраа тэмдэглэдэг. А.Бакей гишүүний санаачлагаар Алтай таван богдоо төрийн тахилгатай уул болгосон.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Би үүнийг баримтлан ажилладаг. Монголын түүх урт удаан уламжлалтай гэдэгт итгэдэг. Монголын тулгар төрийн түүхийн тэгш ойг 10 жил тутам тэмдэглэж байхаар болсон. Энэ бол уламжлал болсон. 2011 онд мөн нэг түүхэн ойг сэргээн тэмдэглэсэн нь Тусгаар тогтнолоо тунхагласан өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 29-нд тэмдэглэхээр болсон. Түүхээ эргэн дурсах, үүгээрээ хойч үеэ хүмүүжүүлэх ёстой.

 

Монголчууд түүхэн бахархах өдөртэй байхаар болсон. Монгол бахархлын өдрийг их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд жил бүр тэмдэглэж  байхаар болсон.

 

2011 оноос эхлэн Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааныг заахаар болсон. Одоо 1-5 дугаар ангид орохоор болсон, энэ хичээл. Нэгдүгээр ангиас нь эхлээд монгол хүн болгож, монголын түүхээ заах хэрэгтэй.

 

Монгол бичгийг сэргээн хэрэглэхээр болсон. Монгол бичгийн гайхамшгийг илтгэдэг шилдэг бичлэгийн үзэсгэлэн жил бүр гарч байгаа. Монгол хэлний цахим тайлбар толь мөн гарч байгаа. Бид бүх гадаад үгийг монголчлох гэж оролдох хэрэггүй байх. Гэхдээ Монголоор хэлж болохыг “визийг нэвтрэг, рестораныг зоог, кофе-боргош, хүүхдийн идэх дуртай шоколадыг боргол, Ipad-хавтан” гэж дуудаж сурцгаая.

 

Монголын уламжлал язгуур урлаг гайхамшигтай. Хүчийг дуурайдаг гэдэг. Охид бүсгүйчүүдийн гоёл зүүсгэлээс эхлээд цэрэг баатруудын хуяг дуулгыг хүртэл дуурайх гэж оролдсоор ирсэн. Гэвч энэ нь Монголдоо л үлдсэн. Бид язгуур урлагаа дэмжих хэрэгтэй. Дээр нь бид сонгодог урлагаа ч орхигдуулаагүй.

 

Монгол судлалыг дэмжих явдал чухал. Өөрийгөө хүндэтгэдэг бүхэн гадаад улс орон явж байгаа судлалыг дэмжих хэрэгтэй. Монгол судлаачдын их хурлыг бид улс орондоо авсан байна. Дэлхийн нэртэй сургууль, хэн нэгэн биднийг судалж байна гэдэг гайхалтай. Биднийг судалж байгаа судлаачдыг дэмжиж, тэтгэдэг байх хэрэгтэй.

 

Монголын өв дэлхийгээр нэг тарсан байдаг. Ватиканд очихдоо Монголын хаадын захидлыг эх хувиар нь хэвлэн авчирсан байгаа.

 

 

Гадаад бодлого холоос биш хаяанаас  эхэлдэг

 

7.Аливаа улс орны гадаад бодлого гэдэг бол тухайн улсын дотоод бодлоготой нягт уялддаг. Нэг зоосны хоёр тал. Бид дотоод байдлаа гадагшаа очоод гоёж гоодож ярих хэрэггүй. Тийм учраас бид дотоод бодлогодоо ч анхаарах хэрэгтэй Монголын жинг нэмэх бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын нэрийг сайнаар гаргах чиглэлд ажилласан. Үүнд Монголын гадаад бодлого холоос биш хаяанаасаа эхэлдэг. Тиймээс ч БНХАУ, ОХУ-тай харилцах харьцаагаа гадаад бодлогын эхлэх цэг гэдэг. Энэ чиглэлд олон хүний хүчин чармайлт болсон. Улс төрийн өндөр дээд хэмжээний яриа хэлэлцээ тогтмолжиж, хоёр хөрштэйгээ стратегийн өндөр дээд түвшинд харьцаж чадлаа. 2014 он бол хоёр хөрштэйгээ харьцах түүхэн дэвшилтэт жил болсон. Монгол Улсын санаачлагаар Гурван улсын уулзалт анх удаа болсон.

 

Бидэнд хэлж ярьсандаа байж хэрэгжүүлж чаддаг байх шаардлагатай. Европын хамтын ажиллагааны 52 дахь гишүүн болж, Японтой эдийн засгийн түнш болсон. Монгол Улсын цөмийн зэвсэггүй статусыг олон улсаар баталгаажуулсан.

 

Манай улсын санал  санаачлагыг гадаад улс итгэж чаддаг боллоо. Манай гадаад бодлого олон улсад үнэлэгдэж чаддаг болсон. Бид Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалсан. Ингэхдээ Ардчилсан орнуудын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ажиллагааг идэвхжүүлж, урьд өмнө байгаагүй цоо шинэ ажил хийж хэрэгжүүлсэн юм.  Өнгөрсөн зургаан жилд НҮБ-ын 30 улстай дипломат харьцаатай тогтоолоо. Одоо бидэнд НҮБ-ын  гишүүн 14 улстай диломат харьцаа тогтоох үлдээд байна. Энэ хэрээр бидний харилцаа ч өргөжих юм.

 

 

 

Санаачлагатай ажиллая

 

8.Олон түмнээс гаргасан санал санаачлагыг төрийн зүгээс дэмжих зорилгоор ажиллалаа. Дэлхийн, олимпийн наадамд шагнаж урамшуулах санаачлагыг дэмжиж, хэрэгжүүлж байна. Энэ үйл ажиллагаа залуу үеийг  ч идэвхтэй дэмжиж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрч байна. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх чиглэлээр зарлиг гарган хөгжүүлж байна. Жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд бүх дунд сургуулиудад Үндсэн хуулийн хичээл заадаг болгосон.   Олуулаа болох санаачлага гаргалаа. Монгол Улсын иргэд өргөн уудам газар нутагтаа тэлж амьдрах ёстой. Монголын төрийн далбааг дээдлэх өдөртэй болох санаачлага гишүүн С.Бямбацогт нараас гарч байлаа. Тиймээс жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбаагаа дээдлэх өдөртэй болголоо.

 

Иргэддээ хүрч үйлчлэх бол төрийн үүрэг. Идэр есийн хүйтэнд цаатан иргэд дээрээ очиж байлаа. Иргэдээ гарч байгаа санал санаачлагууд зөвхөн Улаанбаатар хотоос биш хөдөө орон нутаг малчдаас ч ирдэг. Малчдыг үнэмлэхжүүлж, тариаланчдыг дэмжсэн. Эхчүүд эмэгтэйчүүдийн чиглэлээр гаргасан санал санаачлагуудыг ч дэмжиж ажилласан.

 

Цэргийн хүмүүжил хүний амьдрал чухал хэрэг болдог. Оюутны холбооны санаачлагаар “Оюутан цэрэг” хөтөлбөр явуулж эхэллээ. Төр сүм хийдийн харьцааны асуудал Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрхлэх хүрээний харьцаанд ордог. Тиймээс  үйл ажиллагааг зохицуулан ажиллаж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөөд ажлын өрөөнд орж ирэхэд миний ширээн дээр хоёр цаас байсан. Уучлах, цаазлах гэсэн хоёр зүйл байлаа. Би уучлах дээр нь гарын үсэг зурсан. Ингээд Монгол Улсыг цаазын ялгүй улс байхаар зарлигдсан. Иргэнээ цаазлахгүй насаар нь хорих шийдвэр гаргасан. Мөн Архи биш сүү өргөж амьдрах “Архигүй- Монгол” байхаар уриалж, зарлиг гаргасан.  2005 онд 20 спиртийн үйлдвэр байсан, одоо 9 спиртийн үйлдвэр байдаг юм байна. Мөн 132 архины үйлдвэр хаалга барьж, таван аймаг архи, спиртийн үйлдвэргүйгээр хөгжиж байна. Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлахгүй. Энэ талаар байр сууриа НҮБ-ын ассамблейн индэр дээрээс байр сууриа илэрхийлж байлаа.

 

 

Ганцаараа тодрох гээд хэрэггүй

 

9.Ерөнхийлөгчөөр ажиллаад 40 хууль санаачилж өргөн барьсанаар 23 хууль нь батлагдсан. 9 хуулийн төсөл хүлээгдэж байна. УИХ-ын гаргасан шийдвэрт таван удаа хориг тавьж байлаа. Хориг гэдэг бол ажил. Засгийн газарт чиглэл өгсөн 31 зарлиг гаргасан. Цаашид явж ирсэн бодлогоо эрчимжүүлнэ. Дээрээс нь нэмж хийх ажлаа төлөвлөсөн.

 

Иргэний оролцооны чиглэлээр хийгдсэн ажлыг хуульчилж өгөх ёстой. Орон нутгийн хөгжлийн санд хуваарилсан мөнгийг хүний тоонд харьцуулж хуваарилахыг санал болгодог. Өмнөх жилийнх нь төсвийг дараа жил нь бууруулдаггүй байх зарчим барья. Нийтийн сонсголын хууль батлагдахаар хүлээгдэж байна. Хүний эрхийг бэхжүүлэх чиглэлд хийх ажил их байна. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг батална. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай хуулийг хамгийн түрүүн батлах хэрэгтэй. Бизнесмэн алдаа гаргавал шийтгэлээ хүлээдэг, улстөрчид алдаа гаргавал ард түмэн шийтгүүлж, төлдгийг зогсооно. Эрүүгийн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслүүдээ шинэчлэн батлах хэрэгтэй. Авлигатай тэмцэх хуульд ч өөрчлөлт оруулаач гэдэг. Энэ нь шинэчилсэн хуульд орсон байгаа. Бүтээхийн тулд монголчуудаа нэгдэж, хамтарч ажиллая. Нэгдэж, хамтарч ажиллаж чадахгүй болчих вий гэж санаа зовдог хүмүүс байна. Монгол хүн монгол хүнээ дэмжих үйл ажиллагаанд суурилах ёстой. Монголчуудын эрх ашиг хөгжлийн эрх ашгаар гагнагдана.  Байгаль орчны чиглэлээр олон санал, санаачлага гарч байгаа. Монголын шинэ төр, шинэ имиджийг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол хариуцлагатай, бүтээлч улс гэдэг дээр нэгдэх ёстой. Улсаа бодож ажиллах хэрэгтэй. Ганцаараа тодрох гэж зүтгэх хэрэггүй. Ганцаараа биш олуулаа хамтарч байж шийдвэрлэдэг болох юм. Манайх сэтгэлгээний залхууралд орсон. Аливаа асуудлыг шийдэхэд 6 шат дамждаг. Эхлээд боддог, дараа нь асуудлаа хэрхэн шийдэхээ боддог, гарцаа олдог, дараа нь шийдвэрлүүлдэг, тэгээд хэрэгжүүлдэг байх хэрэгтэй.

 

Улс төрийн намууд Монголын хөгжилд тус хүргэдэг байх ёстой. Хариуцлагын асуудал байхгүй болсон. Улс төрийн орчноо эрүүлжүүлээд явж болно. Бид шийдэх хэрэгтэй. Хөгжлийн зорилт хэрэгжилт хяналт гээд байгаа. Энэ хуулийн талаар төсөл өргөн барьсан гээд л байна. Үнэхээр зорилт нь намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт уялдаж ордог байх ёстой. Үүн дээр бид хяналтын механизмаа бодох ёстой.

 

Дэлхий орчин, амьдрал цоо шинээр өөрчлөгдлөө. 1990 онд нэг телевиз, 6 сонинтой орныг өөрчлөх асуудал амархан байлаа. Одоо бүх зүйл шинэчлэгдэж, өөрчлөгдсөн. Бидний хүүхдүүд ямар үед амьдарч байна вэ? Мэдээллийн орчин дэлхийг бүрэн өөрчиллөө. Хот руу ярих гэж сумын төвийн шуудан, ээжтэйгээ холбоо барихаар хажуу айл руу ордог байсан түүхийг огт мэдэхгүй шинэ үе төрлөө.

 

Тиймээс хүнээ боловсруулъя. Нэг ам.доллараар  худалдах бүтээгдэхүүнээ борлуулахын тулд  хүн бүртэй уулзаад явах хэрэггүй боллоо. Бид өөрсддөө гутрах гомдох хэрэггүй. Аль ч улс оронд хөгжил хэрэгтэй.

 

Ард түмэн, дэлхий өөрчлөгдсөнийг бид мэдэхгүй байна. Одоо бид яаж ажиллах вэ? Хэдхэн сарын дараа ардчилсан хувьсгалын 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Бид ололтоос гадна олон сорил тулгарч байна. Шинэ төр, засгаа эмхлээд анхны төр засаа есдүгээр сарын 23-нд хуралдуулж байлаа. Хүн төрөлхтөний түүхэнд нийгмийн онцгой нөхцөл байдалд бид амьдарч байна. Хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, тэр гишүүн, энэ нам болохгүй байна гэдэг бол гал зуухны юм. Бид томоор харах юм бол үйл ажиллагаа шинэчлэх, өөрчлөх олон ажил хүлээгдэж байгаа шүү. Ямар нэг нам эвсэл, үзэл бодлыг бид ялгаварлахгүй.

 

 

Н.Энхбат

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Eronhiilogch bitgii goe tom amtai hudlaa hoshrogruulad bai.ta 25jil tord ahillasan.odoo ta sain duraar ogtsroochee.bodit yvdal ajilaa hiij chadahgui.zugeer ordondoo saihan hevtej hool idej oor bhgui.ard tumniig huurdag,amaaraa hudlaa goe yrij shouddono.iim eronhiilogch bj bolohgui ee
2015-04-11
Uhaalag tur:
Uhaalag tur zasagtaa ard tumen itgej naidaj baina.
2015-04-11