Гэмт хэргээс сэргийлж туслах малчдыг бүртгэлжүүлсэн
2015-04-11

Өлзийт хороолол, Туул тосгон, Биокомбинатын орчим гэх мэтчилэн нийслэлийн мал бүхий иргэд амьдардаг нутаг дэвсгэрийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэс харьяалан ажилладаг. Тус хэлтэс малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран өнгөрөгч оны 10 дугаар сараас болон иргэдийн бод малыг бүртгэлжүүлж эхэлсэн. Энэ тухай ХУД дэх цагдаагийн II хэлтсийн Захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Г.Гүррагчаагаас тодруулав.

 

-Танай хэлтэсээс зохион байгуулж байгаа бод малыг бүртгэлжүүлэх ажил хэрхэн явагдаж байна.

-Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу манай хэлтэст харьяалагддаг, малтай иргэд олноор амьдардаг ХУД-ийн 12, 13, 14 дүгээр хорооны малчдын бод малыг бүртгэлжүүлэх ажлыг өнгөрөгч оны 10 дугаар сард эхэлсэн. Өнгөрөгч долоо хоногт бүрэн бүртгэлжүүллээ. Малчдын бод малын зураг, содон шинж тэмдэг, им, тамга, зүс зэргийг тодорхойлон авч, цахим бүртгэлд оруулж байгаа. Энэ нь малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэг гарсан тохиолдолд түргэн шуурхай илрүүлэхэд дөхөм болох юм.

 

-Бүртгэлжүүлэх ажил эхэлснээс хойш танай хэлтэст малын хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн үү?

-Үүнээс хойш мал хулгайлах гэмт хэрэг гараагүй байна.

 

-Ингэснээр малаа алдсан иргэд худал мэдээлэл өгөхөөс бас сэргийлэх юм байна. Тийм үү?

-Тиймээ. Манай зарим малчин хоёр, гурван мал алдчихаад 20, 30-ыг хулгайлуулсан мэт хандах тохиолдол байдаг. Ингэж бүртгэснээр тухайн иргэний малтай юу, хэдэн малтай үхэр, адуутай байсныг мэдэх боломжтой болж байгаа юм. Иргэн бүртгүүлсэн малаа зарах болон өөрийн өмчлөлөөс шилжүүлвэл бүртгэлээс хасуулах ёстой.   

 

-Мөн туслах малчдыг бүртгэлжүүлж байгаа гэж сонслоо. Энэ ямар ач холбогдолтой юм бол.

-Туслах малчдыг давхар бүртгэлжүүлсэн. Мал хулгайлах гэмт хэрэг гарсан тохиолдолд малын эзэн, туслах малчнаа сэжиглэдэг. Зарим тохиолдолд туслах малчин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байсан. Тиймээс тэдний холбогдох материалыг цуглуулан сан үүсгэж байгаа. Энэ нь хулгайн гэмт  хэргээс сэргийлэх, зарим тохиолдолд буруугүйг илрүүлэх, буруутныг шуурхай барих ач холбогдолтой.

 

 Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин