Түүхэн уулзалт
2015-04-13

 

Олон улсын анхаарлыг татаад байсан Обама, Кастро нарын уулзалтыг “www.aljazeera.com” агентлаг түүхэн уулзалт хэмээн тодорхойлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Кубын тэргүүн Раул Кастро нар өнгөрсөн долоо хоногт Панама улсад зохион байгуулагдсан Америк тивийн орнуудын чуулга уулзалтын үеэр уулзжээ. Хагас зуун жилийн дараа АНУ, Кубын удирдлагууд анх удаагаа хэлэлцээрийн ширээний ард сууж, уулзсан юм. Обама, Кастро нар анх удаагаа уулзаж байгаа нь энэ биш юм. Тэд 2013 онд таалал төгссөн Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, хүний эрхийн төлөө тэмцэгч Нельсон Манделаг сүүлчийн замд нь үдэх ёслолд оролцох үеэрээ уулзсан билээ. Обама ёслолын үеэр Раул Кастротой гар барьж, мэндчилсэн юм.

 

Товлогдоогүй гэнэтийн уулзалтаас өмнө 54 жилийн хугацаанд хоёр улсын удирдлагууд ганц ч удаа уулзаж, гар бариагүй. Обама, Кастро нарын гэнэтийн уулзалт, хоёр улсын таагүй харилцаанд цэг тавих үндэс болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй билээ. Уулзалтаас 21 хоногийн дараа тэд анх удаагаа утсаар ярьж, дайсагнасан, хүйтэн харилцаандаа цэг тавих асуудлаар ярилцав. 50 гаруй жил бол тийм ч богинохон хугацаа биш. Хоёр улс нэг нэгэнгүйгээрээ 54 жил оршин тогтнож, энэ хугацаанд төрсөн хүүхдүүд нь АНУ-Кубын харилцааг мэдэхгүй өссөн. АНУ-ын удирдлагууд Обамагийн дайчин занг өндрөөр үнэлж, шинэлэг алхамд дэмжлэг үзүүлж Куба улстай харилцаагаа сэргээх, цаашлаад дипломат харилцаанд тогтсон сэвээ арилгах зорилго тавив.

 

Эхний алхам. АНУ эхэлж буулт хийв. Кубын эсрэг хэрэгжүүлж буй эдийн засгийн хориг  арга хэмжээгээ сулруулахаар боллоо. Мөн АНУ-д амьдарч, ажиллаж буй гадаад иргэдэд зориулж, цагаачлалын хуулиндаа өөрчлөлт оруулахаар болжээ. Обамагийн санаачилсан цагаачлалын хуулийн дагуу тус улсад 10 дээшгүй жил ажиллаж, амьдарсан, хүүхэд нь АНУ-д төрсөн 5.5 сая иргэн тус улсад амьдрах, цагаач гэх нэрнээсээ салахаар болсон юм. Мөн Кубын бараа, бүтээгдэхүүнийг АНУ-д зах зээлд нэвтрүүлэхээр болсон билээ.

 

 

Обама жилийн хугацаанд Раул Кастротой хэд хэдэн удаа бие төлөөлөгч болон утсаар холбогдож, хоёр улсыг холбосон гүүрээ дахин барих санал тавьсан юм. Ерөнхийлөгчийн бодож, боловсруулсан бүхэн биеллээ олж 2014 оны арванхоёрдугаар сарын сүүлийн мөчид хоёр улсын удирдлагууд Үндэсний телевизээрээ дамжуулан АНУ-Кубын дипломат харилцаа дахин сэргэж буйг мэдэгдэж, виз, худалдаа, аялал жуучлал, боловсрол, эрүүл мэндийн салбарт тавьсан хоригуудаа цуцалж буйгаа мэдэгдсэн билээ.

 

Хоёр улсын төрийн тэргүүний мэдэгдлийн дараа АНУ виз болон худалдааны салбарт хэрэгжүүлж буй хоригоо цуцалсан бол Куба визний хоригоо цуцлахаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийн дараа АНУ-ын Конгресст суудалтай “Арчилсан”, “Бүгд Найрамдах”, “Эх орон” намын удирдлагууд Куба улсад анх удаагаа ажлын айчлал хийлээ.

 

Обама энэхүү ажлын айлчлалын тухай “AFP” агентлагт “Кубад АНУ-ын төлөөлөгчид очно гэж хэзээ ч зүүдэлж байсангүй. Би Засаг барих хугацаандаа миний өмнөх Ерөнхийлөгчийн хийж, эхлүүлж чадаагүй ажлыг хийлээ” гэж ярьжээ. Хоёр улсын харилцаа сайжирсаны баталгаа болж улс төрийн шалтгаанаар Кубад баригдаж, улмаар хоригдох ял сонссон АНУ-ын 53 иргэн энэ оны эхээр суллагдаж, эх орондоо ирсэн билээ.

 

Олон улсын анхаарлыг төвд зүй ёсоор ороод байсан Обама, Кастро нарын уулзалт, хэлэлцэх асуудал хэрхэх бол гэсэн асуулт олны дунд байв. Тэд Америк тивийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж буй хурлын танхимд уулзацгаажээ. Уулзалтын эхэнд тэд дипломат харилцааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв. Обама “Би энэхүү уулзалтын түүхэн уулзалт гэж хэлмээр байна. Бид одоо өнгөрснөө мартаж, зөвхөн ирээдүйгээ ярилцахыг минь зөвшөөрнө үү” гэсэн бол Кастро “Тантай санал нэгдэж байна. Гэхдээ бидний мартахыг хүссэн тэр өдрийг мартахад нэлээдгүй хугацааг зарцуулах болно” гэж хэлжээ.

 

Обамагийн мартахыг хүссэн, Кастрагийн мартахад нэлээдгүй хугацаа зарцуулах тэр өдөр рүү буцацгаая. 1950 оны үед Куба улсад социалист хувьсгал гарснаар АНУ-тай харилцаа муудсан юм. Тус улс Кубад виз болон худалдааны хориг тавьснаар хоёр улсын бүх харилцаа зогссон билээ. Обама хоёр дахь удаагаа сонгогдох үедээ Куба улстай харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулах болно хэмээн мэдэгдсэн.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
teste
2015-04-13