”Аюулгүй утас”-уудыг хүлээлгэн өгөв
2015-04-15

Хууль Зүйн Яам,  Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд ТББ, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байр хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод туслах “Аюулгүй утас” аяныг өнгөрөгч гуравдугаар сарын 9-ний өдрөөс энэ сарын 12-ныг хүртэл зохион байгуулжээ.

 

Гэр бүлийн хүчирхийллийн олон тохиолдлуудад хүчирхийлэгч этгээд хамгийн түрүүнд хохирогчийн гар утас болон холбоо барих хэрэгслийг устгадаг болох нь тогтоогдсон байна. Ингэснээр тухайн хүчирхийлэлд өртөж байгаа хүн эмнэлэг, цагдаагийн болон бусад тусламжийг авах хугацаа оройтоход хүргэдэг аж. Тиймээс тухайн аянаар хүмүүст хадгалагдаж байдаг, хэрэглэгддэггүй гар утсыг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод хүргэхэд чиглэгджээ.

 

Ингэснээр хохирогчдыг дахин хүчирхийлэлд өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цаг алдалгүй тусламж дуудах, амь насаа авархад нь туслах юм байна. Аяны хүрээнд олон нийтээс хандиваар цугларсан энэхүү гар утаснуудыг цэнэглэгчийн хамт Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа Түр хамгаалах байранд  хүлээлгэн өгөв.

 

Энэхүү аян нь дахин зохион байгуулагдах аж. Тэр үед иргэд, олон нийтийг идэвхтэй оролцож гэр бүлийн хүчирхийллийн эсрэг өөрийн хувь нэмрээ оруулахыг уриаллаа.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин