АСЕАН-ы яриа хэлэлцээрийн түнш болно
2015-04-21

Ази, Африкийн Бандунгийн бага хурлын 60 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ сарын 20-нд Жакарта хотноо АСЕАН-ы Нарийн бичгийн даргын газарт зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньтэй уулзсан байна.

 

Монгол Улс тус байгууллагын “Яриа хэлэлцээний түнш” болох хүсэлтээ илэрхийлсэн захидлыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн энэ үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Миньд гардуулж өгчээ. Улмаар хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг тодорхойлох хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар санал дэвшүүлжээ. Түүнчлэн тэрээр АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн даргыг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.

 

АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Луонг Минь урилгыг хүлээн авч буйгаа илэрхийлж, Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлж, бүхий л талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотлов.

 

Зүүн Өмнөд Азийн 10 орныг нэгтгэсэн улс төр, эдийн засгийн томоохон нэгтгэл болох АСЕАН нь гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутгийн интеграцчлалд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. АСЕАН + 3 (БНХАУ, БНСУ, Япон), АСЕАН + Энэтхэг зэрэг хамтын ажиллагааны яриа хэлэлцээний механизмыг амжилттай хэрэгжүүлж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин