Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 44 хувьд байна
2015-04-23

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулсан баталлаа. Хуралдааны эхэнд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хуулийн төслийг танилцуулсны дараагаар гишүүд Засгийн газарт асуулт тавьсан юм. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин "Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй гэж байсан. Яагаад одоо нэмэх гээд байна вэ?" гэсэн асуулт тавилаа. Үүнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

 

-Үр ашигтай төслийг санхүүжүүлэхээр яригдаж байгаа. Түүнээс бус "Чингис бонд" шиг шууд өр тавих гэж байгаа асуудал биш. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ий 44 хувьтай буюу нэрлэсэн үнээрээ 13 их наяд төгрөг байна. Төсвийн алдагдлаа санхүүжүүлэх хүрээнд 36 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Засгийн газар өр тавихгүй, үйл ажиллагааныхаа зардлыг хэмнэх чиглэлээр ажиллаж байна. 460 тэрбум төгрөгийн 430 тэрбум төгрөгийг өмнөх жилийн алдагдлаас үүдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 9 их наяд, төлбөрийн тэнцлийн алдагдал 4 их наяд хүрч байна. Тийм учраас эдийн засгаа сэргээхэд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Бидний тавьсан асуудал  аль нэг улс төрийн намын байр суурь биш. Улсын хэмжээний асуудал ярьж байна. Монгол Улсын зээл өнөөдөр нэг ч хоног алдалгүй төлөгдөж байгаа. Салбар бүр дээр асуудлаа ярьдаг болъё. Бүгдээрээ асуудлыг, хөгжлийг  томоор харж явах цаг болжээ.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин