”Бүсгүйн мэлмий”-г тольдохуй
2015-04-23

Монголд гэрэл зургийн алба үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан эмэгтэй гэрэл зурагчид хамтран “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнг үзэгчдийн хүртээл боллоо. 

 

Үзэсгэлэнд үе үеийн төлөөлөл болсон 13 эмэгтэй гэрэл зурагчин оролцож буйгаараа онцлогтой юм. Өөрөөр хэлбэл, гэрэл зурагчдаас хамгийн анх МУСГЗ цол хүртсэн Ц.Нина агсаны уран бүтээлүүдээс эхлээд ахмад гэрэл зурагчин Б.Улятайхүү, Х.Хашмаа, Д.Цэрэннадмид, С.Туяа мөн өнөө үед уран бүтээлээ туурвиж яваа залуу гэрэл зурагчдын бүтээл та бүхэнд хүрч байна.

 

Гэрэл зурагчид маань хөдөөгийн амьдрал ахуй, соёл урлаг, спорт, зан заншил, хүүхэд, бүсгүйн гоо үзэсгэлэн гэх мэт олон сэдэвтэй бүтээлүүдээ толилуулж байна. 

 

 Үзэсгэлэнгийн нээлийн үеэр гэрэл зурагчдын сэтгэгдлийг сонслоо.

 

Ж.Үермаа: Гэрэл зургийг дараа нь харахад их сайхан


Өнөөдөр сэтгэгдэл их өндөр байна. Хуучин цагт эмэгтэй гэрэл зурагчин маш цөөн байлаа. Одоо харьцангуй нэмэгдсэн байна.

Тухайлбал, хэвлэлийн байгууллагад 8-9 гэрэл зурагчин ажиллаж байна. Би өмнө нь нийслэлийн төв хэвлэл "Улаанбаатар таймс" сонинд нэлээд хэдэн жил ажилласан. Харин одоо чөлөөт уран бүтээлч хийж байна.

Гэрэл зурагчин байх үнэхээр сайхан. Хүний нүдэнд тогтож хараагүй зүйлийг гэрэл зургийн хальсанд буулгаж үлдээдэг. Үйл явдлын гэрэл зургийг  аваад дараа нь буулгаж харахад их сайхан байдаг. Гэрэл зургийг авахдаа үйл явдлаа сайн ойлгож байж авбал, илүү өгүүлэмжтэй зураг хальсанд буудаг.

Миний хавьд хамгийн хайртай гэрэл зураг гэвэл, ач хүүгийнхээ төрхийг хальсанд хамгийн анх буулгаж, авсан гэрэл зураг байдаг.

 

Д.Эрдэнэцэцэг: Гэрэл зургаараа тодорхой нэг өгүүлэмж илэрхийлэх хэрэгтэй

Сэтгэгдэл өндөр байна. Өнөөдрийн үзэсгэлэнд нийт 13 эмэгтэй гэрэл зурагчин оролцож байгаа. Эдгээр гэрэл зурагчдаас би хамгийн залуу нь. Тэгэхээр  энэ мундаг бүсгүйчүүдээс суралцах зүйл их байна. Өнөөдрийн үзэсгэлэнг ийм мундаг эгч нартайгаа гаргаж байгаад үнэхээр баяртай байна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээрээ өгүүлэмж илэрхийлэхийг зорьсон байгаа. 

Өдөр тутмын сонин, мэдээллийн сайтуудын гэрэл зурагчид маань авч байгаа зургаараа тодорхой нэг өгүүлэмж илэрхийлэх хэрэгтэй. Тухайн үйл явдлыг уншигчид маань гэрэл зургаар хүлээж авахдаа илүү дуртай байдаг" гэв.

 

Дашрамд дуулагахад, "Бүсгүйн мэлмий" үзэсгэлэнд нийт 13 уран бүтээлчийн бүтээл тавигдсан бөгөөд энэ сарын 23-26-ны өдрүүдэд “Blue Moon” арт галерейд үргэлжлэх юм байна.

 

Иймд гэрэл зурагт хайртай, дур сонирхолтой уншигч таныг "Бүсгүйн мэлмий" үзэсгэлэнд тухлан саатаж, таалан болгоохыг хүсье.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин