Хөрөнгө оруулагчид Замын-Үүдэд чууллаа
2015-04-27

Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Замын-Үүд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын чуулган-2015” арга хэмжээг энэ сарын 25-нд зохион байгууллаа.

 

Чуулга, уулзалтад гадаад, дотоодын нийт 100 орчим хөрөнгө оруулагч оролцож, татварын орчин, УИХ-аас баталсан Чөлөөт бүсийн тухай хуулиар ямар давуу талууд бий болсон,  Монгол Улсын Засгийн газар чөлөөт бүсийг хөгжүүлэхэд  ямар бодлого барьж байгаа талаар  цогц мэдээллийг авлаа. Мөн бизнес эрхлэгчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахаар зэхэж байгаа төслүүдээ танилцуулсан байна. Тэдгээр нь тээвэр ложистик, худалдааны цогцолбор төв, гурил, тэжээлийн үйлдвэрлэл зэрэг хүнс хөдөө аж ахуйн салбарт хамаарах төслүүд байв.

 

Чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнх, БХБЯ, БНХАУ-ын Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гуо Ган, Эрээн хотын дарга Лю Чин нарын тэргүүтэй бизнес эрхлэгчид, бусад  албаны хүмүүс оролцлоо.

 

Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах ажлыг эхлүүлж, 900 га талбайг хамруулахаар болсон юм. Ингэхдээ дэд бүтцийг барьж байгуулахад улсын төсвөөс 6.4 тэрбум, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр 58.8 сая ам.долларыг тус бүр зарцуулжээ. “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн эхний ээлжийн бүтээн байгуулалтын хүрээнд дулаан, цахилгаан, усан хангамж, ариутгах татуургын систем бүрэн шинэчлэгдэхийн зэрэгцээ “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн нийт 900 га талбайн 30.9 хувь нь дэд бүтцэд бүрэн хамрагдах юм. Төслийн ажлыг  ирэх долдугаар сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаагаа энэ үеэр дуулгасан юм.

 

Замын-Үүд чөлөөт бүсийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэнээр хөрөнгө оруулагчид ажлаа эхлэх таатай суурь нөхцөл бүрдсэн байна. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд  чөлөөт бүс “саалиа бэлдэхээр саваа зэхжээ”. Тиймээс чэнэ удаад Аж үйлдвэрийн яам, Замын-Үүд чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг урьж, хууль, эрх зүйн орчин, цаашид ямар бодлогоор чөлөөт бүсийг хөгжүүлэхээр зэхэж байгаагаа танилцуулж, бизнес эрхлэгчдэд олгож буй боломжуудыг дуулгасан нь онцгой ач холбогдолтой байсан юм. Үндсэндээ Замын-Үүд чөлөөт бүсэд ажил эхлэхэд бэлэн болжээ.

 

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат: Ирэх зургадугаар сард төслийн сонгон шалгаруулалт дуусна

-Нийт хөрөнгө оруулах сонирхолтой бизнес эрхлэгчдийг урьж, нээлттэй чуулга, уулзалтыг зохион байгууллаа. Хөрөнгө оруулагчдад хүлээлт үүссэн байсан нь чуулга, уулзалтын үеэр мэдрэгдэж байна. Бид яагаад Замын-Үүдэд чуулга, уулзалтыг зохион байгуулсан юм гэхээр бодит байдлыг харуулахыг зорилоо. Дэд бүтцийн хувьд ямар ажлууд хийгдсэн юм, хөрөнгө оруулалтыг хэзээ, яаж эхлүүлэх вэ гээд бизнес эрхлэгчдийн  асуултад хариулт өгсөн чуулга уулзалт боллоо. Замын-Үүд чөлөөт бүсийн нийт 900 га газрын 1/3 нь дэд бүтцийг шийдвэрлэсэн.

 

Өөрөөр хэлбэл, цаг хугацаа, дэд бүтцийн хувьд хөрөнгө оруулалтын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон байна. Төслийн сонгон шалгаруулалтаар газрын асуудлыг шийдвэрлэх журмаа танилцууллаа. Алтанбулагт нэг муу жишээ тогтсон шүү дээ. Тэнд яагаад ажил яваагүй юм гэхээр ямар ч дэд бүтэцгүй газрыг дуудлага худалдаагаар зарсан нь алдаа байсан. Хөрөнгө оруулагчдыг хуурч болохгүй.

 

Харин Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хувьд хөрөнгө оруулалт эхлэхэд бэлэн болсон. Ирэх зургадугаар сард  төслийн сонгон шалгаруулалт дуусна, долдугаар сараас ажил эхлэх бүрэн боломжийг олгоно.

 

БХБЯ-ы газрын дарга М.Батбаяр: Дэд бүтцийг бүрэн шийдвэрлэсэн

 

Чөлөөт бүсийн асуудлаар бид маш олон жил ярьсан. Монгол Улсын хөгжлийн нэгэн чухал хөшүүрэг болох чөлөөт бүсийн талаархи яриа өнөөдөр ажил хэрэг болж байна. Замын-Үүд эдийн чөлөөт бүсийн ажил эхлэхэд үндсэндээ бэлэн болсон. Чөлөөт бүсийн эзэмшлийн 900 га газар бүхий маш том хот сүндэрлэнэ. Үүнийг дагасан мэргэжлийн суурь судалгаа, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гээд олон ажил хийгдсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийн эх үүсвэрээр дулааны цахилгаан станц, ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж дэд бүтцийг шийдвэрлэлээ. Нийт 10 гаруй км автозам тавигдлаа.  

 

ӨМӨЗО-ы Худалдааны танхимын орлогч дарга Гоу Ган: Хятадын талын бизнес эрхлэгчид хөрөнгө оруулахад бэлэн байгаа

 

-Монгол, Хятад улс хамтарч экспорт хийх ёстой. Түүнээс биш өөр хоорондоо бараа, таваараа наймаалцах асуудал биш. Монгол Улсын түүхий эд, Хятадын шинэ технологид тулгуурласан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг гуравдагч зах зээлд экспортод гаргах хүсэлтэй байгаа. Замын-Үүд, Эрээнийг уялдуулан хөгжүүлэх  ёстой. Тиймээс эхний ээлжинд Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад бэлэн байна.

 

Хөрөнгө оруулагчдын анхны чуулга уулзалтыг зохион байгуулсан нь цаг үеэ олсон алхам боллоо. Хууль эрх зүйн хүрээнд хөрөнгө оруулагчдад  таатай нөхцөл бүрдүүлсэнд баяртай байна. Хятадын талын хөрөнгө оруулагчид Замын-Үүд чөлөөт бүсэд хөрөнгө оруулахад бэлэн байна. Гагцхүү хууль эрх зүйн орчин тогтвортой, дэд бүтцийн хувьд найдвартай байх ёстой.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин