Шүүгчид сануулахаас, огцруулах хүртэл хариуцлага тооцдог
2015-04-27

Шүүгчийг хэн шүүдэг вэ, тэдэнд хэн хариуцлага тооцдог юм гэсэн асуулт олны дунд байдаг. Тэгвэл шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйг шүүхийн Ёс зүйн хороо сахин хамгаалдаг.

 

Харин шүүгчийн гаргасан шийдвэр, хууль хэрэглээний асуудлыг шат шатны шүүхэд хянаж, Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэр эцсийнх болдог. Энэ бол өөр асуудал.

 

Шүүгчийн сахилга, хариуцлага, ёс зүйн талаар авч үзье. Энэ оны эхний улиралд Шүүхийн ёс зүйн хороонд давхардсан тоогоор нийт 72 шүүгчид холбогдох 58 гомдол иржээ. Шүүгч зохисгүй байдал гаргасан, хувийн ашиг сонирхлын үүднээс нэг талд үйлчилсэн, хууль буруу хэрэглэсэн, хэргийн хөдөлгөөний удирдлагатай холбоотой болон бусад төрлийн гомдол хүлээн авсан байна. Эдгээрээс дөрөвт сахилгын хэрэг үүсгэж, 41-т сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, гурван гомдлыг дахин шалгуулахаар буцаажээ.

 

Сахилгын хэрэг үүсгэсэн дөрвөн шүүгчид сануулах арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар шүүгчид цалин бууруулах, огцруулах зэрэг хариуцлага тооцоогүй байгаа аж.

 

Хуулийн шаардлага хангаагүй гомдлуудад сахилгын хэрэг үүсгэхээс татгалздаг. Мөн иргэний зүгээс гаргасан гомдол хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтад үндэслэсэн учраас шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн хоёр тогтоолыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Шүүхийн ёс зүйн хороонд иргэдээс шүүгчтэй холбоотой гомдол цөөнгүй ирдэг байна. Тус хорооны зүгээс ирсэн гомдол бүрийг хурлаар хэлэлцэн хэрэг үүсгэх эсэхийг шийддэг. Шүүгчийн ёс зүй, сахилга, хариуцлагын зөрчлийг авч үзээд сануулахаас шүүгчийг огцруулах хүртэл арга хэмжээ авдаг хуультай. Иргэний хуульд заасан эрхийг эдлүүлээгүй, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчил гарсан шүүгчдэд зохих арга хэмжээг авч байжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр сахилгын хэргийн 10 магадлал, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаар хянагдсан сахилгын хэргийн гурван гомдол хянагджээ.

 

Ёс зүйн хороонд ирдэг гомдлын дийлэнх хувь нь шүүхийн шийдвэртэй холбоотой ирдэг. Энэ нь тус хорооны чиг үүрэгт хамааралгүй учир татгалздаг. Зарим тохиолдолд харьяалал андуурагдаж ирсэн гомдлуудыг цагдаагийн байгууллага, АТГ-т шилжүүлдэг гэдгийг Шүүхийн ёс зүйн хорооны дарга О.Алтангэрэл онцолж байсан.

 

Б.Хүлэг  

Shuud.mn
Сонин хачин