Цэц Үндсэн хуулийг дордуулж байна
2015-04-30

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр “Үндсэн хуулийн тайлбарлах онол, арга зүй” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг төрийн ордонд зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын хуульч гишүүд, эрх зүйн мэргэжилтнүүд, судлаачид, Улсын дээд шүүхийн гишүүд болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэгчээр Хууль сахиулах их сургуулийн захирал, доктор Н.Гантулга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Д.Гангабаатар, Удирдлагын академийн багш, доктор Ч.Энхбаатар, Д.Сүнжид нар оролцсон юм.

 

Энэ үеэр “Хууль тайлбарлахад баримтлах зарчим, дүрмүүд”, “Үндсэн хуулийн зарчим тайлбарлах онол, арга зүй: Шүүхийн шийдвэрийг харьцуулсан анализ”, “Үндсэн хуулийг тайлбарлах онолын зарим асуудлууд”, “ХБНГУ-ын хууль тайлбарлах субьект, арга зүй”, “Үндсэн хуулийг тайлбарлахад хувь тэнцүүлэх зарчмыг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

 

Тухайлбал, МУИС-ийн багш О.Мөнхсайхан “1992 оны Үндсэн хууль бол сайн хууль. Зарим талаар АНУ-ын Үндсэн хуулиас ч илүү. Харин Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн хувьд уг хуулийг тайлбарлахдаа хэтэрхий үг үсгээр хөөцөлдөж, хуулийн үзэл санаа, агуулгыг орхигдуулж байгаагаас бол ардчилсан шинэ Үндсэн хуулийн гол үнэт зүйл болсон хүний эрхийн асуудлыг дордуулахад хүргэж байна” гэсэн юм.

 

Хэлэлцүүлгийг удирдсан УИХ-ын гишүүн Д.Лүнджээжанцан “Үндсэн хуулийг өөрчлөх тухай асуудал хөндөгдөж яригдаж байгаа үед энэ сэдвээр ийм өргөн хэмжээний хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрдэмтэд судлаачид, тэр дундаа Монгол Улсын хууль болон Үндсэн хуулийг тайлбарлах эрх бүхий субьектүүд болох Улсын дээд шүүх, Цэцийн гишүүд оролцож байгаа нь сайшаалтай хэрэг” гээд энд тавигдсан илтгэлүүд, хэлэлцүүлгийн явцад гарсан санал, санаачилгыг олон нийтэд хүргэх, хэлэлцүүлгийг цаашид үргэлжлүүлэн үр дүнд хүргэхэд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Боль:
Н.Гантулга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Д.Гангабаатар, Удирдлагын академийн багш, доктор Ч.Энхбаатар, Д.Сүнжид гэж сонсоогүй л хүмүүс байна. Эд Үндсэн хуулийг хэзээ мэддэг болчихсон юм бэ? Дандаа Тэмүүжингийн хамтрагчид байна. Энэ хурал чинь Тэмүүжин, Лүндэндорж нарын захиалгаар хийсэн, Цэц рүүгээ дайрсан л ажил байна даа.
2015-04-30
Амарсанаад:
ӨӨ алдчихдаг юм байна. Цэцийнхнийг оролцуулахгүй бага хурал хийгээд, Цэцийг муутгаал дууслаа. Энэ Сүнжид гэгч чинь ХЗЯ-д дарга хийхдээ Тэмүүжинтэй нийлж өчнөөн үндсэн хууль зөрчсөн хуулийн төсөл боловсруулж, УИХ-аар батлуулчихсан биз дээ. Ийм хүн Үндсэн хуулийг тайлбарлах тухай ярина гэдэг онигоо шиг л юм. Лүндэндоржийн захиалгат хурал юм байх даа. Цэцийн дарга Амарсанаа та ямар нэг юм аргаар эдгээр луйварчдыг зогсоохгүй бол Цэцийн нэр хүндэд халдаж, дураараа авирлаж эхэллээ шүү.
2015-04-30