Н.Жанцанноров: Боловсрол, мэдрэмж, ухаан гурваар “зодож” уран бүтээл хийж байна
2015-05-01

Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровтой ярилцлаа. Тэрбээр энэ сарын 7-ны өдөр СТӨ-нд “22 жилийн дараа” тоглолтоо хийх гэж байгаа юм.

 

 

-Юуны өмнө танд нийт уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргье. Тун удахгүй таны “22 жилийн дараа” тоглолт болох нь ээ. Энэ тоглолтынхоо тухай манай уншигчдад дэлгэрэнгүй сонирхуулахгүй юу?

 

 

-Тоглолтын бэлтгэл хангагдаж байна. Би 22 жилийн өмнө концерт тоглож байсан. Би ч юу байхав, миний бүтээлүүдийг тоглосон л доо. Тэр үед Дуурийн театрын том том алдартай дуучид нийтийн дууг үндэсний хөгжимтэйгээ дуулдаггүй байлаа. Зөвхөн симфонитой дууриа л дуулдаг, тогтсон дэг жаягтай байсан.

 

 

1990 онд юу болсныг бид мэдэж байгаа. Харин 1993 онд соёл урлагийн салбараа яаж сэргээх үү гэсэн асуудал тулгарсан.

 

Өөрөөр хэлбэл, Европын соёлыг дагах уу, үндэсний соёлоо дангаар нь авч явах уу гэдгийг шийдэх шаардлага гарсан. Энэ асуудал “Морин хуурын чуулга” болон “Мандухай сэцэн хатан” уран сайхны кино зэрэгт гарч ирсэн.

 

Тухайн үед би дуурийн театрын дуучдын хоолойд, үндэсний найрал хөгжим дээр дуулах нийтийн дуу хийсэн. Үүнээс гадна өөр нэг асуудал тулгарсан. Тэр нь Дуурийн театрын удирдаач Ардын дуу бүжгийн чуулгыг удирддаггүй, Ардын дуу бүжгийн чуулгын удирдаач Дуурийн театрын хөгжмийг удирддаггүй байлаа. Тус тусдаа байв. Тэнд ажиллаж байсан Ардын жүжигчин Ж.Чулуун, С.Сүндэд, МУГЖ Б.Батчулуун, М.Булган багш гэх мэт багш нараар ардын найрал хөгжмийг удирдуулаад, дуурийн дуучдаар дуулуулсан.

 

 

 “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино 1992 онд гарсан байсан. Тэр киноны хөгжмийг симфони найрал хөгжимд зориулан бичсэн боловч тухайн үеийн урлагийн томчууд үндэсний найрал хөгжимөөр тоглох ёстой гэж үзсэн.

 

 

Харин 1993 оны концертоор дуучдынхаа дууны завсраар  “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийг эгшиглүүлж байсан удаатай. Тэгэхээр энэ бол уран бүтээлийн тайлан гэхээсээ илүүтэй үндэсний соёлын сэргэн мандалд хувь нэмэр  оруулсан зүйл. Тэр тоглолтод Хөдөлмөрийн баатар Пүрэвдорж, МУГЖ Уртнасан, Долгор, дөрөвдүгээр курсын оюутан Түвшинтөгс /МУГЖ/ нар оролцож дуулж байлаа. Харин үндэсний найрал хөгжмийг Дуурийн театрын удирдаач Ж.Чулуун багш удирдаж байлаа. Концертын зорилго нь үндэсний хөгжмийг, сонгодог урлагийн дуучинтай хослуулах байсан юм.

 

 

-1993 оны тоглолтод ямар дуунууд дуулагдаж байсан бэ. Тэр дуунууд энэ удаагийн тоглолтод дуулагдах уу?

 

-Тийм. Эргээд харахад, тухайн тоглолтод орсон дуунуудын бараг 90 хувийг хүмүүс дуулдаг болсон байна. Манай залуу дуучид клип хийгээд л дуулсан байх юм. Жишээлбэл, “Бурхан бумбын орон” дууг анх Ардын жүжигчин Уртнасан өөрөө эхэлж дуулаад, өөрийн шавь Түвшинтөгсөөр дуулуулсан. Мөн “Усны шувууд”-ыг Энхтайван дуулсан. Харин өнөөдөр бүх дуурийн дуучид дуулж байна. “Мөнхрөх ч биш дээ хоёулаа” дууг Эрдэнэцэцэг дуулж, араас нь Жавхлан, Баясгалан дуулж нэрд гарсан шүү дээ. Тэгэхээр энэ дуунууд ямар нэг хэмжээгээр хүмүүст хүрсэн гэсэн үг.

 

Мөн миний шавь доктор Энхцэцэг гэж МҮОНРТ-д ажилладаг хүн бий л дээ. Тэр “Багшаа таны 1993 оны концерт Үндэсний телевизийн алтан санд бүтнээрээ байна. Үзээч” гэсэн. Тэр тоглолтыг Лувсаншарав гуай нээж үг хэлж байна. Тэр үгэндээ намайг “Өсч яваа залуу хөгжмийн зохиолч” гэж байна. Өссөн үү, үгүй юу бүү мэд шүү дээ /инээв/.

 

 

Бичлэгийг цаашид үзэхэд тухайн үеийн Ерөнхийлөгч Б.Багабанди, Н.Энхбаяр, Шаравжамц, Ц.Нямдорж нар цэл залуу  сайхнаараа үзэгчдийн суудалд, харин МУГЖ Эрдэнэбат, Түвшинтөгс нар жаахан хүүхдүүд байна. Үнэхээр сайхан. Тийм биз дээ? Тэгээд л энэ тоглолтыг яг тэр хэвээр нь дахин тоглох хэрэгтэй юм байна гэж үзсэн.

 

 

-Тэгвэл энэ тоглолтод “ховор” хүмүүс оролцох бололтой?

 

-Энэ удаагийн тоглолтыг тэр том дуучид маань үзэгчдийн суудлаас үзнэ. Харин тэдний шавь, энэ цагийн шилдэг залуу дуучид 1993 оны дуунуудыг дахин амьдруулна.

 

Жишээлбэл, Уртнасангийн шавь “Бурхан бумбын орон”, “Учирнаа л гэдэг” дууг дуулна. Шавийнхаа хэрхэн дуулсныг зөвхөн Уртнасан л шүүнэ. Тэгэхээр энэ хүүхэд энэ хорвоогийн хамгийн том шалгалтад орох гэж байна.

 

 

Тоглолт маань хоёр концерт зэрэг явна. Нэг нь том экран дээр Уртнасан нэг бадаг дуулахад, түүний шавь үргэлжлүүлэн дуулна. Энэ тоглолтод ганцхан ардын задгай хоолойтой дуучинг чимэг болгон оруулж байгаа. Тэр нь МУГЖ С.Эрдэнэцэцэг. Түүний дууг СТА Д.Үүрийнтуяа дуулна.

 

 

-Тоглолтод дуунаас гадна ямар аяз орох вэ?

 

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны аяз, эгшгүүд орно.

 

 

-Залуу дуучид маань 22 жилийн өмнөх өнгө аясаар дуулах уу. Эсвэл шинэчилсэн үү?

 

-Үгүй. Энд гурван асуудал гарна. Тухайн дуучин гурван үндсэн зорилго тавина.

Нэгдүгээрт, өмнөх дуучнаас дор дуулахгүй юм шүү гэнэ. Хоёрдугаарт, өмнөх дуучин шиг дуулах юм шүү гэсэн зорилго тавина. Гуравдугаарт, гэхдээ би бол өмнөх дуучин биш гэсэн өөрийн онцлогоо илэрхийлнэ. Учир нь тухайн дууг өмнөх дуучнаас тэс ондоо дуулвал, хүмүүс хүлээж авахгүй. Мөн өмнөх дуучнаас тухайн дууг дор дуулж болохгүй. Ийм л асуудал гараад байгаа /инээв/.

 

 

-Сонирхолтой тоглолт болох нь. Чухам ямар учраас уг тоглолтыг дахин тоглохоор болсон юм бэ?

 

-Өнөөдөр манай улсад хүн болгоны хийх ёстой нэг ажил байна. Энэ бол үндэсний нягтралын асуудал. Эрх мэдэлтнүүд “Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үгийг хэлдэг. Дараагийн эрх мэдэлтэн уг үгийн утгийг алдуулахгүй хэрнээ өөр өөрийн үгээр тоть шиг давтсаар л байгаа. Энэ үгийг ард түмэн нь бодитоор хүлээж авдаггүй. Тэгэхээр энд хэн нэгэн эрх мэдэлтнүүд биш гэдэг нь ойлгогдож байгаа юм. Мэдээж тэд манлайлах ёстой, тэд үлгэр жишээ ч байх ёстой. Гэхдээ хүн бүр үүнийг хийхгүй бол үндэсний нягтралгүй болж байгаа юм.

 

 

-Үндэсний нягтрал ямар үүрэгтэй юм бэ?

-Энэ хэдхэн казакуудаа эс тооцвол, монгол моно үндэстнээс бүрэлдсэн улс шүү дээ. Ийм моно үндэстэн үндэсний нягтрал, үзэл санааны нягтралгүйгээр хичнээн ч мөнгө, хичнээн ч нүүрс байгаад хэзээ ч хөгжихгүй. Энэ асуудал шийдэгдэхгүй.

 

Тэгэхээр манай энэ концерт ахмад дуучин, ийм дуу дуулж байж, өсч яваа ийм дуучин байна, ингэж дуулдаг юм гэдгийг харуулна.

 

 

-Таны бодлоор урлаг гэж юу вэ. Урлагаар юуг илэрхийлж болох вэ?

 

-Урлаг бол цэнгэл, жаргал гэж хүмүүс ойлгодог. Үнэндээ тийм биш. Урлаг бол улс төр, нийгэм, ухамсар, соёл, хүний нийгмийн их том асуудал. Тийм учраас хөгжмийн зохиолч хүн нэг сайхан хүүхэн харахаараа л сайхан дуу хийдэг гэсэн ойлголт хэрхэвч байлгаж болохгүй. Сайхан хүүхэн харж болно, гэхдээ сайхан хүүхэнд гоё дуу хийх биш. Тэр сэтгэлд сайхан санагдсан зүйлийг илэрхийлэх ёстой.

 

Өөрөөр хэлбэл, дуу бол сонсох гэж байгаа хүнийхээ хүсэл, сэтгэлийн илэрхийлэл юм. Тэгэхээр би  чинь дуулж чадахгүй. Тухайн сэтгэлийн илэрхийллийг гаргаж, сэдрээдэг нь дуучин хүн байхгүй юу. Тийм учраас дуучин хүн, үзэгч хоёр нэг бүхэл зүйл. Дуучин хүн хэдий чинээ сонсогчийн дүрд орно, төдий чинээ амжилтад хүрнэ.

 

 

 -Өнөөдөр V сарын 1. Энэ өдөр МУГЖ Д.Б.Банзрагч гуай таны нэгэн дууг дуулж, анх удаа олны сонорыг мялааж байсан гэдэг. Энэ тухай дурсахгүй юу?

 

 

-Би “Урангоо” гэдэг дуу хийж, МУГЖ Д.Банзрагч гуай надаас авч бичүүлсэн юм. Тухайн үед V сарын 1-нд “Майн баяр” гэж болдог байлаа. “Майн баяр”-аар талбай дээр бүх нийтийн жагсаал хийдэг. Уг жагсаалын ард оюутнуудыг өдөржин жагсаагаад цэцэг бариулдаг байлаа. Үүрээр очоод, бүх жагсаал тарсан хойно бид нар тардаг. Ёстой аймаар /инээв/.

 

Тэгээд жагсаалын дараа талбай дээр цагаан хоолойгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дуунуудыг тавьдаг байхгүй юу. Тэгсэн чинь  миний нөгөө “Урангоо”-г Д.Банзрагч гуай дуулж байна. Сонсоод чичирч билээ. Тэр үед л анх удаа би битүү баярлах ч гэх юм уу, их сайхан мэдрэмж төрөөд “Миний дууг дуулж байна” гэж хашгирмаар санагдаж билээ. Тэглээ гээд хашгирч чаддаггүй /инээв/.

 

 

-Та нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа “надаас шинэ юм хүлээгээд хэрэггүй” гэж хэлсэн байсан. Яагаад тэгж хэлсэн юм бэ?

 

-Тэрнийг би жаахан адарч хэлсэн байж магадгүй. Ер нь бол энэ үнэн. Надаас шинэ юм хүлээгээд хэрэггүй. Үүнтэй холбогдуулан нэг юм хэлмээр байна.  Хүн хэзээ ч хуучин байж болохгүй. Хэдий залуу настай ч хуучин хүн байна. Нас нь өндөр ч шинэ хүн байна.Хүнд хөгшин, залуу нас л гэж байхаас хуучин, шинэ хүн гэж байж болдоггүй. Би бол өөрийгөө үргэлж шинэ байгаа гэж боддог. Гэхдээ ийм замбараагүй олон ноот бичсэн хүн бүгдийг авъяасаараа хийх боломж байхгүй. Авъяас гэдэг чинь хязгаартай. Хүний авъяас эхний 10, 20 жил л үргэлжилдэг. Одоо бол боловсрол, мэдрэмж, ухаан гурваар “зодож” уран бүтээл хийж байна. Ингэж “зодож” байж авъяасаа сэрээж байгаа юм.

 

 

- Ер нь хөгжим бичихийн учир утга юу юм бэ?

 

-Хүний сэтгэлийн хөдөлгөж чадахгүй юм бол хоёр ноот холбож яах юм бэ. Хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд хүнээ таньж, мэдэх хэрэгтэй. Тэр хүн юу боддог, юу мөрөөддөг, юунд тэмүүлдэг, юунд бухимддаг зэргийг мэдэх ёстой. Тэгэхээр тэр хүнээ мэдэхгүй юм бол чи дуу бичих ямар ч боломж байхгүй. Хэрэв хүнийг мэдэх гэж байгаа бол тэр нийгмийг мэдэх ёстой, тэр хүний мянга мянган жилийн генийн уламжлалыг мэдэхгүй ч, мэдрэх ёстой.

 

Манай хөгжмийн зохиолчдыг “яаж эртний Монголын хөгжмийг бичдэг юм бэ” гэж хүмүүс асуудаг. Бид нар өнөөдрийн хүн бол 13, 14 дүгээр зууны хүний явж ирсэн замын нэг үр дүн. Тиймээс өнөөдрийн хүнийг урагшлуулж, эсвэл хойшлуулж бод гэж хэлдэг. Тэглээ гээд уран бүтээлчдийг хөөрүү, популист гэж боддогоо болих хэрэгтэй.

 

 

-Зарим уран бүтээлч гарын таван хуруунд багтах цөөн дажгүй уран бүтээл хийчихээд биеэ тоодог.  Магадгүй тэдний энэ байдал ийм нэр хоч зүүхэд хүргэдэг байх л даа?

 

-Тийм. Ганц нэг гайгүй уран бүтээл хийхээр хүмүүст танигдаад ирдэг. Ингэхээрээ надаас өөр мундаг хөгжмийн зохиолч байхгүй болж, гээд л боддог. Тэр уран бүтээл чинь тухайн хүний зөвхөн авъяасаар гарч ирсэн зүйл шүү дээ. Хэрэв нийгмийн мэдрэмжээр авъяасаа цэнэглэж өгөхгүй бол тэр чинь тэгээд л дуусна. Нэг балга юм уугаад л дуусна. Тэгэхээр уран бүтээлч, улстөрч хэнбугай нь ч бай үүнийг бодох ёстой.

 

 

-Та залгамж үеэ хэрхэн бэлдэж байна вэ?

 

-Өө, асуудал байхгүй. Бид бэлдсэн. Надаас хойш агуу хөгжмийн зохиолчид гарч ирнэ. Миний шавь Өлзийбаяр Италид хөгжмийн зохиолчдын уралдаанд оролцоод, гуравдугаар байр эзэллэж байна. Орост уралдаанд оролцоод хоёрдугаар байр эзлэж байна. Хөгжмийн зохиолоороо дэлхийд танигдаж байна.

 

Мөн манай Сансаргэрэлтэх АНУ-д сурч, ажиллаж байна. Ямар ч асуудал байхгүй. Хамгийн гол нь монгол хүн аминчхан биш. Надаас бусад нь надаас доргүй байж, би сайн байна, би сайхан амьдрана гэж бодож чадах хэрэгтэй. Ийм хүнд асуудал байхгүй. Тэгж байж сайн Ерөнхийлөгчийг ч бэлдэж болно. Сайн хөгжмийн зохиолчыг ч бэлдэж болно.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
???:
Jantsannoroviin buh hugjim ni neg ayalguutai ijil yum shig sanagdaad bdag. Hun jaahan muutai hun ni jijig yum shig sanagddag.
2015-05-02
ard:
aguu,aguu hvn shvv.tand ajiliin amjilt,ervvl enhiig hvsen erooe.zaluustaa ih zviliig zaaj surgaalaa hairllaj baigaarai.manai zaluuchuud chadbarlag shvv
2015-05-02
nutag:
taniaraa uvrin hangaihan baharhaj yvdag shuu ajlin ih amjilt amidralin sain saihan buhnig husie
2015-05-01
Зочин:
agu hun amjilt husie baritssan neg ni hun unemjihed hetsu um bicheh ym
2015-05-01
Зочин:
Ёстой мундаг шүү. Дуу бүхэн нь хит болдог. Амжилт хүсье.
2015-05-01
NARAA:
BURHANGUI GAZAR BUMBA GEGCHEER ENE NEG UVGEN ARAIL .DENDEJ BNAA ZALUUDAA HUCHINGIIN HERGT ASUDALTAI UVERHANGAID YVJ BAISNIIGNE MANAI AAV YRIDAG YUM
2015-05-01