Татварын ачаалал буурсан
2015-05-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, татварын эрхзүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар  мэдээлэл хийлээ.

 

-Далд эдийн засгийг ил болгоно. Иргэн төлсөн татварынхаа 20 хувийг урамшуулал хэлбэрээр авна. Хуулийг ижил тэгш үйлчлүүлнэ. Манай улс 25 улстай давхар татварын хэлэлцээ байгуулсны дийлэнх нь 2000 оноос өмнө хийгдсэн. Шилжилтийн эдийн засгийн үед хөрөнгө оруулах зорилгоор байгуулсан давхар татварын хэлэлцээг өнөөдөр шинэчлэх шаардлагатай байна.

 

Уул уурхайн татварын орчинг тодорхой болгох хэрэгтэй. Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг цэгцэлнэ. Ингэхдээ уул уурхайн татварыг нэмэгдүүлэхгүй. Бизнес эрхлэгчийн харилцаа дотоодод төдийгүй гадаадад үүсэн өргөжиж байна. Энэ нь цахимаар зохицуулагдаж байгаа. Тиймээс энэ асуудлаар хууль тусгана. Татварын алба хүний хүчин зүйлээс хамаарсан бус бүртгэл мэдээллээр зохицуулагдана.

 

Татварын маргаан таслах асуудлыг нэг шатлалтай болгоно. Татварын хариуцлага, торгуулийн харилцааг шинэчлэх цаг болсон. Татвараа нуун дарагдуулсан этгээдэд татвараа тайлагнасан боловч хугацаанд нь төлөөгүй этгээдээс бага хариуцлага ногдуулж байна.  Зүй бус энэ харилцааг зохицуулна. Татварын тогтолцоо нь улс орны хөгжил, хувь хүний өмчийг хамгаалаад зогсохгүй нийгмийн өмчийн тусгал байх ёстой гэсэн юм. Ерөнхий сайд мэдээлэл хийснийхээ дараа гишүүдийн асуултад хариулж байна.

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:

-Монгол Улсын тухайд Азийн бүс нутагтаа татварын ачааллаараа ямар түвшинд байгаа вэ? Өөрчлөлтөөр ачаалал нь буурах уу? Улсын төсвийн орлогод ямар өөрчлөлт гарах вэ?  Өв залгамжлалын болон бэлэглэлийн татварыг УИХ-д өргөн барьсан уу. Гадаадын хөрөнгө оруулалтын ногдол ашигаас 20 хувийг авдаг. Энэ нөхцөлд аж ахуйн  нэгжээ татвар төлөгчөөр бүртгүүлдэггүй хандлага байх шиг байна. Үүнийг хэрхэн зохицуулсан бэ?

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Бид ойролцоо эдийн засагтай улсууд дотор дундаж түвшинд байгаа. Татварын харилцаа тогтмол буурсан.

 

 

Сангийн сайд Ж.Эрдэнэбат:

-Манай улсын хувьд татварын ачаалал сүүлийн жилд байнга буурч ирсэн. Энэ нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого барьж ирсэн. Татварын ачаалал 25 хувьтай байна. Төсвийн орлого эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үед өссөн. Сүүлийн жилд 8.7 дахин өссөн байдаг.

Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин