А.Долгор: Урлаг гэдэг чинь олон нийтийн хэл
2015-05-01

Ялалтын баярыг тохиолдуулан маргааш Орос, Монгол, Хятадын алдартай гурван дуучны тоглолт болох гэж байгаа билээ. Тоглолтыг УИХ-ын гишүүн Д.Арвины үүсгэн байгуулсан "Монголын Их хатдын хүндэтгэлийн цогцолбор өргөө" ТББ зохион байгуулж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Г.Баярсайхан, Д.Ганбат, сайд Р.Жигжид нар дэмжин ажиллаж буй тухай бид мэдээлсэн билээ. Уг тоглолтод Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, Хятадын кино жүжигчин, дуучин Ли Линг Юу, Оросын алдарт дуучин Цыганова Виктория Юрьевна нар ая дуугаа өргөх юм. Уг тоглолт үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй болох юм байна. Тоглолтод Улсын филармони, Морин хуурын чуулга, Баянмонгол чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Мөн МУГЖ Б.Сарантуяа, азийн ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ нар оролцох юм байна.

 

Тоглолтын талаар Монгол Улсын ардын жүжигчин А.Долгортой цөөн хором ярилцлаа.

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргье. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна. Үнэ төлбөргүй тоглолт хийж болсон талаар манай уншигчдад дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Баярлалаа. Тоглолтын бэлтгэл хангагдаад дууссан. Дайны үед манай гурван улс сэтгэл зүрхээрээ зовж зүдэрч байсан. Мөн бидний өвөг дээдэс энэ дайнд хойд хөршөө ялалт байгуулахын төлөө чин сэтгэлээрээ адуу мал, хоол хүнс, хувцсаар дэмжлэг үзүүлэх цуваа явуулж, эх орон даяараа хөдөлгөөн өрнүүлж байсан. Дэлхийн хоёрдугаар дайн маш олон хүний амь насыг авч одсон шүү дээ. Энэ аймшигт дайныг Оросын ард түмэн нухчин дарсан түүхтэй. Ийм баярын өдөр удахгүй тохиох гэж байна. Тийм учраас бид зүгээр сууж болохгүй шүү дээ. Ялалтын түүхт 70 жилийн ойг тохиолдуулан "Монголын Их хатдын хүндэтгэлийн цогцолбор өргөө" ТББ-ын захирал Д.Арвин гишүүн энэ тоглолтыг зохион байгуулж байгаа юм.

 

-Хөрш орны дуучид маань ямар сэдвээр дуулдаг вэ?

 

-ОХУ-ын дуучин Цыганова Виктория Юрьевна нь дайны, цэрэг эх орны дуунуудыг их сайхан дуулдаг. Энэ дуунуудаараа олонд танигдсан, алдартай дуучин байгаа юм. Цыганова Виктория Юрьевна энэ тоглолтод цэрэг эх орны сэдэвтэй дуугаа дуулна. Харин Хятадын кино жүжигчин, дуучин Ли Линг Юу бид хоёр эх орон, аав ээж, нутгийн тухай дуунуудыг дуулна. Энэ тоглолт маань орлогын бус тоглолт гэдэг утгаараа тоглогдоно. Чингисийн талбай дээрх дэлгэцээр шууд олон түмэнд хүрнэ. Миний мэдэхийн Орос, Монгол, Хятад гурван хөрш улсын эмэгтэй дуучид хамтарч тоглолт хийж байсныг мэдэхгүй юм байна.

 

 

-Тоглолтын нэр  “Эх дэлхийн дуулал” гэсэн. Яагаад ингэж нэрлэсэн юм бэ?

 

-Эмэгтэй хүн, эхчүүд бид нар энхтайваныг хүсч байна гэдэг утгаар энэ нэрийг өгсөн юм билээ. Тоглолтын нэрээрээ нэрлэсэн уриатай. Тоглолт маань цаашид уламжлал болгон зохион байгуулагдаж байх төлөвлөгөөтэй.

 

 

-Тоглолтод хамт оролцох дуучидтай өмнө нь хамтарч дуулж байв уу?

 

Үгүй. Ли Линг Юутай анх удаа өчигдөр л уулзлаа. Харин Цыганова Виктория Юрьевнаг бол мэднэ. Урлаг гэдэг чинь олон нийтийн хэл. Тэгэхээр ойлголцоод дуулчих байх /инээв/.

 

-Дуучид маань өөр өөрсдийн хэлээр дуулах уу?

 

-Найм найман дуу дуулна. Мөн хоёр дуучин маань монгол дуу бэлдэж ирж байгаа. Надтай хамт дуулна гээд байгаа /инээв/. Ли Линг Юу "Миний ардын сэтгэл цагаан" дууг Цэргийн дуу бүжгийн чуулгын эмэгтэй дуучдын хамт монгол хэлээр дуулж сонирхуулна. Харин Цыганова "Хайрыг хайрла" жүжгийн дууг Морин хуурын чуулгатай хамтран дуулна.

 

 

Б.Дэжид

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин