А.Угтахбаяр: Иргэд мал хулгайлах гэмт хэрэгтэй эвлэрчихэж
2015-05-05

Төв аймгийн Сэргэлэн сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад А.Учрахбаяртай ярилцлаа.

 

 -Сэргэлэн сум эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдал хүнд сумдын тоонд ордог. Гэмт хэргийн илрүүлэлт ямар байна вэ?

-Манай сумыг Замын-Үүд, Өмнөговийг зорьсон хатуу хучилттай зам дайрч өнгөрдөг, Хонхор буюу БЗД-ийн 11 дүгээр хороотой хиллэдэг учраас хөл хөдөлгөөн ихтэй. Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын журам зөрчих болон малын хулгайн гэмт хэргийн гаралт ихтэй. Өнгөрсөн жил Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нийт мал хулгайлах гэмт хэргийн 20 хувь манай суманд гарсан. Аймгийн  цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагтай хамтарч ажилласны дүнд мал хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн 2 бүлгийг баривчилсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар өнгөрсөн онд болон энэ онд үйлдэгдсэн гэмт хэргүүдийг нөхөн илрүүлээд байдал харьцангуй тайван байна. Гэхдээ таны хэлсэнчлэн нөхцөл байдал хүнд сумын тоонд ордог.

 

 

-Мал хулгайлах гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж, урьдчилан сэргийлж байна вэ?

-Үнэндээ манай иргэд энэ гэмт хэрэгт дөжирчихөж. Малаа хулгайд алдчихаад цагдаад бүртгүүлэхгүй байна. Уг гэмт хэрэгтэй тэмцэхэд цагдаагаас гадна иргэн бүрийн оролцоо чухал. Сайн хамтарч ажиллаж чадвал мал хулгайлах гэмт хэргийг бууруулах боломж бий.

 

 

-Ер нь цагдаа, иргэдтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Малаа хулгайд алдсан иргэд цагдаатай ойр дотно хамтарч ажилладаг. Алдсан хүн арван тамтай гэдэг шиг энэ яадаг бол тэр ч ба гээд шалгуулаад, мэдээлэл өгөөд байдаг. Харин малаа хулгайд алдаагүй хүн бол хажуугаар нь цустай машин, малын хулгайчид өнгөрсөн ч хэлдэггүй. Бүр сүүлд нь хэрэг илрээд ингэж, тэгж байж гээд ярихаар өө тийм байсан шүү гэж хэлдэг хүмүүс бий. Гэхдээ хүн бүр ийм биш. Цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллаж, мэдээлэл өгдөг хүмүүс бий. Тэдний мэдээллийн ачаар гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлдэг. Тухайн хүмүүсийг урамшуулах тухай асуудал Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу яригддаг.

 

 

-Мэдээлэл өгсөн иргэнийг хэрхэн урамшуулдаг юм бэ?

-Улс орны эдийн засгийн асуудалтай холбоотойгоор мөнгө төлбөр 50 мянга орчим төгрөг болоод байна. Өөрөөр хэлбэл үнэн бодитой мэдээлэл өгсөн хүнийг 50 мянган төгрөгөөр урамшуулж байгаа гэсэн үг. Урьд нь бол өгсөн мэдээллийнх нь батлагдсан эсэхийг  нягтлаад батлагдсан бол хичнээн төгрөгийн хохирол учирсан гэдгээс нь шалтгаалаад мэдээлэл өгсөн  хүнд урамшуулал олгодог байсан.

 

 

-Хүмүүсийн амарч, зугаалдаг улирал ирлээ. Энэ цагаар танай сумын нутаг дахь “Ээж хад”-ыг зоригсод олширдог.

-Тиймээ. Энэхүү дурсгалт газрыг зорих хүний хөл хөдөлгөөн ихсэж байна. Үүнийг дагаад гэмт хэрэг, зөрчил ихэсдэг. Хүмүүс шуурга, бороо, шөнө, өдөр харгалзахгүйгээр “Ээж хад”-ыг зорьж гараад шаварт суучихлаа, шуурганд төөрчихлөө, амь насаа алдах гээд байна гэсэн дуудлага олширдог. Мөн өөрийн хайхрамжгүй байдлаасаа болж машин, тэрэгнээсээ эд зүйлээ алдаж, хаяж үрэгдүүлдэг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэн хүмүүстэй маргалдаж бусдын эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг олноор үйлдэгдэх магадлалтай.

 

 

-Тэгвэл гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, үүнээс урьдчилан сэргийлэхээр юу хийж байгаа вэ?

-Хүмүүс тэрхүү дурсгалт газар сүсэглэх гэж ирдэг. Ингэхдээ зарим нь ёс суртахуунгүй аашилж, архи дарс уун гэмт хэрэг, зөрчилд холбогддог. Үүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр Төв аймгийн цагдаагийн газрын Хэв журмын тасгийн дарга н.Лхагвасүрэн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Н.Доржбалжид нартай хамтран төлөвлөгөө боловсруулж байна.

 

 

Б.Хүлэг  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
andad ajliin amjilt hvsie
2015-07-06
Зочин:
mundag zaluu bn gemt heregtei temtseh ajild ni amjilt husie
2015-06-01
zochin:
Sn tuluuluch shu ajild ni amjilt
2015-05-08