АСЕМ-ийн бэлгэдэл, цахим хуудсыг танилцуулав
2015-05-05

Ази-Европын Дээд хэмжээний 11 дэх удаагийн чуулга уулзалт ирэх 2016 онд манай улсад зохиогдох юм. Тодруулбал, Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болсон Ази-Европын Дээд хэмжээний 10 дахь удаагийн уулзалт болсон юм. Энэхүү уулзалтын үеэр 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улс 2016 онд эх орондоо хүлээн авч зохион байгуулах болсныг дэлхий нийтэд зарласан билээ.

 

Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөх энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулан ажиллаж байгаа юм. Тэгвэл өнөөдөр  АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын бэлгэдэл лого, www.asem11.mn  цахим хуудсыг алсан ёсоор нээх ёслол МҮОНРТ-ийн байранд боллоо.

 

Уг ёслолыг нээж Гадаад Хэргийг Сайд Л.Пүрэвсүрэн хэлсэн үгэндээ “Миланд болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш хоёр сарын дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах ажлыг удирдах Үндэсний Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулан байгуулуулсан.

 

Бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-11 уулзалтын лого, цахим хуудсыг бүтээх ажил амжилттай хийгдэж өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Логоны уралдаанд бүтээлээ ирүүлсэн бүх оролцогчдод талархал илэрхийлье.

 

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулснаар Монгол Улсын гадаад нэр хүнд улам өсөн бэхжиж, гадаадаас Монгол Улсыг зорих ажил хэргийн хүмүүс, жуулчдын тоо нэмэгдэж, улсын эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм” гэлээ.

 

АСЕМ-11 Дээд хэмжээний уулзалтын бэлгэдлийн уралдааныг 2015 оны гуравдугаар сарын 3-31-ний хооронд орон даяар зарлаж, нийт 22 оролцогчийн 35 бүтээлээс эхний гурван байрыг шалгаруулж, ялагчдын шагналыг гардуулан өгсөн юм.

 

Гуравдугаар байранд Таван богд ХХК-ний дизайнер Б.Одмандал, хоёрдугаар байранд Чөлөөт уран бүтээлч Т.Батхүү, тэргүүн байранд Монголын урчуудын эвлэлийн хорооны зураач С.Алтантуяа тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.

 

Шалгарсан бэлгэдлийг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болон бусад 10 гаруй салбар хуралдаануудын үеэр албан ёсоор байрлуулан ашиглах аж.

 

Мөн дотооддоо АСЕМ-ийн үйл ажиллагааг таниулах, бэлтгэл ажлын явцыг олон нийтэд сурталчлахад мөн давхар хэрэглэх юм байна. Түүнчлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө Монгол улсаас гадаадын улс орнууд руу илгээх албан бичиг, ноот дээрээ уг бэлгэдэлийг байршуулан сурталчилах ажээ.

 

Энэхүү ёслолын ажиллагааны үеэр www.asem11.mn цахим хуудасыг мөн нээсэн. Энэхүү цахим хуудас нь монгол, англи гэсэн хоёр хэлээр АСЕМ-тай холбоотой мэдээллүүдийг байршуулах юм байна. Уг цахим хуудсан дахь мэдээллийг гурван сарын дотор бүх төрлийн мэдээллийг  бүрэн байршуулж дуусах аж.

 

Тухайлбал, АСЕМ-д ирэх зочид төлөөлөгч өөрийн сонгосон зочид буудлын үнэ, ханш, зохион байгуулалтыг судлах боломжоор хангана. Түүнчлэн Монгол улсаа гадаадад, дэлхийн улс орнуудад сурталчилах зорилгоор түүх, соёл урлаг, байгалын тухай сонирходтой мэдээллүүдийг байршуулах ажээ.

 

Дашрамд дуулгахад, Ази-Европын уулзалт /Asia-Europe Meeting/ буюу АСЕМ нь Ази, Европын орнуудын хамтын ажиллагааг харилцан хүндэтгэх, эрх тэгш хамтран ажиллах зарчмын үндсэн дээр өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой 51 орон, хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн интөграцийн томоохон үйл явц ажээ.

 

 АСЕМ-ын үйл ажиллагааны ерөнхий чиглэлийг тодорхойлдог АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт хоёр жил тутам болдог бөгөөд Монгол Улс 2008 оноос энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин