И.К.Азизов: Дайны жилүүдэд монголчууд бидэнтэй хамт байсан
2015-05-08

Эх орны дайн ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизовтай ярилцлаа.

 

 

-Эрхэм Элч   Анх ирж байхдаа Монгол Улс, монголчуудын талаар ямар бодол төсөөлөлтэй бууж байв. Одоо Таны бодолд ямар өөрчлөлт гарав. Ийм асуултаар яриагаа эхэлье?

-Та надад их том асуулт тавилаа. Би хоёр хэсэг болгож хариулья. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Ц.Элбэгдоржид итгэмжлэх жуух бичгээ барьснаас хойш  жил хагас арай болоогүй байна. Ойрын өдрүүдэд яг жил хагас болно. Хоёрдугаарт, миний ажлыг зөвхөн энэ хугацаагаар үнэлж дүгнэхэд бас учир дутагдалтай байх. Миний ажлын үр дүн, үүрэг зорилго бас ч гэж болоогүй байгаа. Гэхдээ энэ хугацаанд бид монгол анд нөхөдтэйгээ хамтран ажилласны дүнд тодорхой амжилтад хүрсэн. Энэ амжилтыг Монголын мэргэжил нэгт нөхөд, түүний дотор Монголын удирдагчидтай хамтарч нэлээд ажлыг амжуулсан гэсэн утгаар хэлж байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард манай улсын ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад айлчлах бэлтгэлийг хан­гах, айлчлалын үеэр хийгдэх гэрээ хэлэл­цээрийн бэлтгэл хангах ажил байсан. Энэ бол бид­ний дайсан байсан ми­литарист Японд Халхын голд цохилт өгсний 75 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд хийгдсэн ажил байсан шүү дээ.

Энэ айлчлалын үеэр хийгдсэн, хэлэгдэж яригдсан зүйл бол манай хоёр улсын харилцааны түүхэнд чухал байр суурь эзлэх ойг тэмдэглэхийн зэрэгцээ өнгөрсөн он жилүүдийн ололт амжилтаа эргэж харах, үнэлж дүгнэх, хамгийн гол нь ирээдүйд хийж гүйцэтгэх ажлынхаа чиглэлийг тодорхойлох зорилготой байснаараа онцлогтой байсан юм шүү. Айлчлалын үеэр нийт 14 баримт бичигт гарын үсэг зурсныг санаж байгаа байх.

Би энэ 14 баримт бичгийн дотроос хоёрын зэрэг баримтыг илүү онцолж боддог. Тэр бол нэгд, бараг хорь шахам жилийн дараа манай орны иргэд харилцан визгүй зорчих болсон явдал. Монголын эрх баригчдын зүгээс анхлан санаачилж хэрэгжүүлсэн визтэй зорчих шийдвэр манай хоёр орны уламжлалт өргөн харилцаатай хүн ардын хувьд тийм ч таатай биш шийдвэр байсан гэж надад эртнээс бодогддог байсан. Энэ шийдвэр манай хоёр орны иргэдийн хувьд харилцааны өргөн боломж, өмнө тогтсон нөхөрсөг харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болсон хэдий ч зарим нэг талаар техникийн шинжтэй бэрхшээлүүд  гарч байсныг нуулгүй хэлэх ёстой. Энэ бол юуны түрүүнд хил гаалийн байгууллагуудын ажиллагаатай холбогдон үүссэн. Хоёр орны иргэдийг хил гаалиар визгүй өнгөрүүлэх энэ ажлын явцад гарсан бэрхшээлийг засаж залруулаад хэвийн, бэрхшээлгүй болгоно гэдэгт итгэж байна. Ингэснээр хоёр орны хүн ардын харилцан зочлох, зорчих энэ үйл явц  илт нэмэгдэнэ гэж найдаж байна. Ингэж хил гаалиар иргэдээ чөлөөтэй хялбаршуулсан маягаар нэвтрүүлэхэд үүссэн бэрхшээл цагаан сарын өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд л үргэлжилсэн. Манай хоёр орон шиг олон жилийн уламжлалт харилцаатай, хил гаалийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны тогтсон уламжлал, туршлагатай хоёр орны хувьд  энэ явдал цаашид бэрхшээл болохгүй,засагдаж, өргөн харилцааны боломжийг нээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Түүнээс гадна хил гаалийн ажиллагаанд орчин үеийн шинэ техник технологи нэвтрүүлээд хүн арддаа илүү төвөггүй үйлчлэх байх гэдэгт итгэж байна. Манай хоёр орны иргэд визгүй зорчих болсон нь манай ч, танай ч орны ард иргэд бизнесийн хүрээнийхний үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нөлөөлсөн шинж богино хугацаанд ажиглагдаж байна. Энэ бол Монгол, Оросын хил орчмын бүс нутгаар хоёр орны бараа бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр их хэмжээгээр үзэгдэх болж, худалдааны сүлжээ ч буй болж байгаагаар илэрч байна гэж би бодож байна.Түүнээс гадна өөр бусад, түүний дотор бизнесийн холбоотой олон асуудлын шийдлийг олох ёстой гэж бодож байна. Энэ бол юуны түрүүнд улс хоорондын томоохон бизнесийн асуудал, тухайлбал өнөөдөр төдийлөн хөндөгдөөгүй байгаа эрчим хүчний үйлдвэрлэлийн асуудал байна. Түүний дараагаар хоёр дахь чиглэл бол машины үйлдвэрлэл. Би энэ чиглэлийг маш их ирээдүйтэй чиглэл гэж хардаг.Монголын ард түмэн, холбогдох байгууллагууд, аж ахуй эрхлэгчид, ялангуяа Монголын төр засаг дэлхийн цэвэр усны асар их нөөц болсон Байгаль нуурыг цэвэр тунгалаг хэвээр байлгахад анхаарна, санаа тавина гэдэгт итгэж байна. Энэ бол зөвхөн Орос, Монголын хүн ардын, бид өөр өөрсдийн улс орны ард түмний талаар эхний ээлжинд бодох ёстой. Учир нь  энэ гайхалтай цэвэр тунгалаг усны нөөц бол ирээдүй хойчийн асуудал. Ядаж намайг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд болчимгүй алхам бүү хийгдээсэй гэж хүсч байна. 

 

-Та дэлхийн цэвэр усны их нөөц болсон Байгаль нуурын тухай яриад байна уу?

-Тийм.

 

-Би энэ асуултыг Танд тавихдаа Ази судлалаар дагнасан мэргэжилтэн, ЗХУ-ОХУ-ын гадаад харилцааны албанд эзэмшсэн чиглэлээрээ дагнан олон жил ажилласан хүний тань хувьд тавьсан юм. XXI зууныг эрчимтэй хөгжлийн хувьд Азийн зуун гэж нэлээд эртнээс ярих болсон. Тийм болов уу гэж ч харагдаж байгаа. Монгол Улс Азийн нэгэн хэсгийн хувьд ямар сэтгэгдэл Танд төрдөг бол?

-Сонирхолтой асуулт тавьсанд баярлалаа. Би энэ асуултад хариулахынхаа өмнө эхний асуултад дутуу орхисон хариултаа үргэлжлүүлье. Энэ бол миний Монгол оронд анх ирэх үеийн сэтгэгдэлтэй холбоотой хариулт л даа. Монгол оронд анх буусан тэр өдрөөс эхлээд би хамгийн сонин, гайхалтай улс оронд хөл тавилаа. Орос, Монголын ард түмэн түүхэн амьдралын хугацаанд олон зүйлээр хэлхэлдэн холбогдсон нөхөрсөг, найрсаг, уламжлалт, төстэй гэмээр амьдралын хэв заншилтай ч гэх үү, тэгээд он жил өнгөрөх тутам баяжигдан шинэчлэгдэж байгаа ийм харилцаатай улс оронд ирлээ гэдгээ мэдэрсэн. Тэр төсөөлөл маань өдрөөс өдөрт улам батжиж байна. Үүнд би их баяртай байгаа. Цаашдаа ч тийм байна гэдэгт эргэлзэхгүй байна.ХХI зуун дахь Азийн байр суурийн талаар тавьсан концепцийн шинжтэй асуултад би аливаад консерватив шинжтэй байр сууринаас олон улсын харилцааны мэргэжилтэй хүмүүсийн төлөөлөгчийн хувьд хариулья. ХХI зуунд Азийг тэргүүлнэ гэж хэлж яриад эхлэхээр хүн төрөлхтний нөгөө хэсгийг өөрийн эрхгүй хойш нь татаж хоёр, гурав дахь байранд оруулж дүгнэж, үнэлж байгаатай адилхан болох учраас ингэж болгоомжтой хандах ч ёстой.

Гэхдээ олон хүн, олон мэргэжилтний хэлж дүгнэж, хүлээж байгаа үр дүн энэ бүс нутгийн хүн ард, улс орноос өөрсдөөс нь хамаарна. Энэ бүс нутагт олон орон түүний дотор танайх, бас манай ОХУ багтаж байгаа шүү дээ. ХХ зууны сүүлийн хагас, ХХI зууны эхний он жилүүдэд Азийн олон улс орнуудын эдийн засгийн эрчимтэй хөгжил ингэж хэлэх үндэслэл болж байна. Түүний дотор танай улсын эдийн засгийн гайхалтай өсөлт, харамсалтай нь маш богинохон, цөөхөн хэдэн жил үргэлжилсэн ч гэсэн үндэс болж байгаа юм. Танай орны эдийн засгийн энэ хэдхэн жил үргэлжилсэн эдийн засгийн эрчимтэй хөгжил улам илүү урт хугацаанд, олон жил үргэлжлэх болов уу гэж найдаж байна.

Би энд Хятадын тухай олон зүйл яриад яахав. Хятад бол 30 гаруй жил маш их эрчимтэй хөгжиж, тэгэхдээ тогтвортойгоор эдийн засаг хэмээх их далайд хөвж байгаа, бүс нутгийн өөр бусад хөлгүүдийг ч араасаа дагуулан чирч байгаа тухай олон зүйл яриад яахав. Түүнээс өмнө Япон гэх богино хугацаанд маш эрчимтэй хөгжсөн бас нэг улс байна. Энэ орны хөгжлийн зам мөр Азийн бусад орнуудыг ижил хурдтай хөгжих, ижил төвшинд хүрэх санаа сэдлийг төрүүлсэн үлгэр жишээ. Түүнээс гадна монголчууд, Монголын эрх баригчдын үлгэр жишээ авах хөгжлийн нэг загвар болоод байгаа жишиг улс орон Өмнөд Солонгос болоод байгааг би сайн мэдэж байна. Өмнөд Солонгос үнэхээр тус бүс нутагт үлгэр жишээ хөгжиж байгаа эдийн засгийн өндөр их боломж нөөцтэй болоод байгаа улс гэдгийг мэдэж байна. Түүнээс гадна Зүүн өмнөд азийн АСЕАН хэмээх олон улсын байгууллагад багтдаг 10 гаруй орныг нэрлэж болно. АСЕАН хэмээх олон улсын байгууллагыг анх таван улс байгуулж байсан бол яваандаа 10 гаруй болж хөгжлийн маш их хурдтай урагшилсан орнууд болсон шүү дээ. Яахав, одоогоор дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа хувь хэмжээ бага мэт харагдаж байж болох юм. Энэ олон орны дотроос сүүлийн арваад жилд онцгой эрч хүчтэй хөгжиж байгаа Вьетнамыг ч нэрлэж болно.

ОХУ хөгжлийн энэ байдлыг онцгой анхааралтай харж, анхааралдаа авч байгаа. Мөн Азид эрчимтэй хөгжлийн бас өөр төв гэж хэлэхээр улс орнууд ч байна. Тухайлбал, Энэтхэг, Пакистан. Дараа нь Азийн бүс нутагт хамаарагдаж байгаа хуучин Османы эзэнт гүрний нутагт хамаарагдаж байсан Дундад Азийн орнууд хийгээд Турк. Ингээд бодох юм бол Азид орчин үеийн улс орны хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар харж анхаарах, бодож эргэцүүлэх зүйл маш их байгаа.

Орос орон хоёр тивийг дамнан оршдог орны хувьд энэ бүхнийг харж судалж, өөрсдөд хэрэгтэйгээ ашиглахыг бодож байна. Энэ бол ядаж хөгжлийн хувьд нэг байран дээрээ зогсохгүй байх гарц ч байх болно гэж үзэж байгаатай холбоотой. Ази тивийн урт удаан, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах нэг хүчин зүйл нь ОХУ байх ёстой гэж бид үзэж байгаа юм. Бидэнд тийм боломж ч байгаа. Энэ хугацаанд олон зүйлийн талаар хуучин баримталж байсан чиг хандлага өөрчлөгдсөн. Тухайлбал, зах зээлийн харилцаа, үнэт зүйлийг тодорхойлогч гол үнэлэмжийн нэг болоод байна шүү дээ. Монголын хувьд асар их өндөр ирээдүй хүлээж байгаа. Ингэж хэлэх үндэс нь өргөн уудам газар нутаг, байгалийн асар их нөөц баялагтай. Өнөөгийн геологи хайгуулын өндөр их боломжтой болоод байгаа үед Монголд цэвэр ус, нефть, байгалийн хий дутагдаад байгаа юм шиг байдалтай байгаа боловч эдгээрийн асар их нөөц Монгол орноос,  ялангуяа өмнөд бүс нутгаас гарч ирэхийг үгүйсгэх аргагүй. Хүн төрөлхтний хувьд тулгамдаад байгаа байгалийн ийм их баялаг нээгдэх юм бол Монгол Улсыг, Монголын ард түмнийг хүлээх ирээдүйг их өөдрөгөөс харахаас өөр яах билээ.Түүнээс гадна  ийм олон малтай улс оронд бас их өөдрөг ирээдүй байх ёстой. Би ойрын ирээдүйд Монгол Улс нэг хүнд ногдох малын тоо толгойгоороо Шинэ Зеландаас ч давж, мах, ХАА-н бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр илүү гарсан орон болно гэхэд эргэлзэхгүй байна. Хөгжлийн гарааны ийм өргөн боломжтой улс орон  өнөөдөр тохиолдоод байгаа саад бэрхшээлийг амжилттай даван туулж, эрчимтэй хөгжлийн замд гарах л ёстой. Өнөөдөр яриад байгаа саад бэрхшээл ямар ч улс оронд байдаг. Манайд ч бий. Эдийн засгийн хөгжлийн саад бэрхшээл дэлхийн ихэнх улс орнуудын хувьд хөгжлийн чиг хандлага болоод Европын холбооны зарим улс орнууд, АНУ-д ч байсан, одоо ч байгаа. Асуудлын гол нь саад бэрхшээлийг урьдчилан харах, тохирох хөгжлийн чиг хандлагаа зөв тодорхойлон даван туулах, богино хугацаанд амжилттай даван туулахад л оршиж байгаа юм.

Монголын улстөрчид, улс төрийн хүрээнийхэн хүрэх зорилгоо зөв тодорхойлж, арга замаа олно гэдэгт би эргэлзэхгүй байна. Олон улсын ерөнхий хөгжлийн чиг хандлага тодорхой байна. Азийн хөгжлийн уур амьсгалын нөлөө их байна. Тийм болохоор харьцангуй өндөр боловсролтой Монголын ард түмэн, сэхээтнүүд, тэр тусмаа ЗХУ-д боловсрол эзэмшсэн сэхээтнүүд хөгжлийн хүрэх зорилгоо зөв тодорхойлж, гарцаа олохгүй бол хачирхалтай явдал болно. Тэгэхгүй гэдэгт бид огт эргэлзэхгүй байна.

 

 

-Таны ярьж байгааг сонсоод байхад ЗХУ-ын гадаад бодлого, өнөөгийн ОХУ-ын гадаад бодлогын Ази дахь хүрээ энэ юм байна гэж санагдаж байна. Үүнийг сүүлийн үед их хүчтэй яригдах болсон БРИКС, Шанхайн хамтын ажиллагааны орнуудын байгууллага зэрэг олон улсын байгууллагын үйл ажиллагаагаар жишээлж, төсөөлж болох уу?

-Таны зөв. Олон улсын эдийн засгийн амьдралд өнөөдөр өрнөж байгаа үйл явдал ОХУ-ыг ийм алхам хийхийг шаардсан. Гэхдээ сүүлийн үед Украинд өрнөж байгаа үйл явдалтай холбоотойгоор эдийн засгийн бодлогоо Ази руу чиглүүллээ гэж хэлж тайлбарлаж байгаа. Тийм биш. Ази руу чиглэсэн эдийн засгийн харилцааны бодлого манай орны хувьд хуучин ч байсан, энэ бол манай уламжлалт харилцааны нэг шат.

Энэ харьцааны идэвхжилтэд өрнөдийн орнуудтай сүүлийн үед буй болоод байгаа үл ойлголцол түлхэц л болсон. Хөгжлийн шинэ шатанд гарах, эрчимжих энэ үйл явцад өмнө буй болсон харилцааны суурь дэвсгэр гол үүрэг гүйцэтгэж байгаа. Харилцааны чиглэл Хятадтай харилцах чиглэл, Монголтой харилцах чиглэл гэх зэргээр өрнөж байна. Би хятад судлаач. Хятад судлалын мэргэжилтний хувьд энэ харилцааг илүү анхааралтай харж, таньж мэдэх гэж илүү хичээж байгаа. Түүнчлэн дээр хэлсэн Зүүн өмнөд Азийн улс орнуудтай харилцах харилцаа ч бас нэг чиглэл болж байгаа. Мөн Дундад Ази, Өмнөд Азийн орнуудтай нягт харилцаатай байдаг орны хувьд  Ази тивийн хөгжлийг бүхэлд нь харилцаа холбоогоор хангах, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх бодлого ОХУ барьсаар байх болно. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Төв Азийн таван улс эрчимтэй хөгжлийн үлгэр жишээ харуулж байгааг энд дурдах ёстой. Энэ бол Азийн бүс нутаг бүхэлдээ хөгжлийн хувьд жигдэрч, үнэхээр эрчимтэй хөгжих ирээдүй байгааг нотлон харуулж байгаа хэрэг юм. Хамгийн ойрын жишээ гэхэд Ази Европын хамтын ажиллагааны манай итгэлтэй, гол нэгэн түнш болох Казахстаныг аваад үз. Казахстан улс өнөөдөр хөгжлийн маш сонирхолтой загвар, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн жишээг харуулан хөгжиж байна. Ингээд бодохоор Монгол Улсын хувьд  баруухан талд нь бас нэгэн эрчимтэй хөгжлийн жишээ болох улс байна шүү дээ.

 

 

-Тийм дээ, хамгийн ойрын жишээ гэхэд л шинэ нийслэл Астанаг нэрлэж болох юм даа?

-Би энд нүдэнд харагдах, гарт баригдах жишээ ярихгүй байна шүү дээ. Газар нутаг, байгалийн баялаг, аж ахуй эрхлэлтийн хувьд танай хоёр орон ижил төстэй шүү дээ. Монголын өнөөдрийн хөгжлийн байдал чиг хандлага ч Казахстаны хувьд анхаарал татаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна.

 

 

-Аугаа их эх орны дайны ялалтын ойд зориулан гаргасан медалийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын ахмад дайчдад саяхан гардуулсан. Чухам ямар хүмүүст, юуны учир ийнхүү шагнах болсон юм бэ? 

-Би хэдэн тодорхой жишээ хэлье. 1941-1945 оны агуу их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн медалийг монголчуудад гардуулах үйл ажиллагаа хэдэн үе шаттайгаар явагдлаа.

Монголын Батлан хамгаалах яамны өгч байгаа мэдээллээр энэ дайнд оролцсон Монгол Улсын 342 иргэн эдүгээ энх тунх байна. Энэ хүмүүс аугаа их эх орны дайнд өөр өөрийн хувь нэмрийг оруулсан. Түүнээс гадна Хятадын умард хэсгийг милитарист Японы эзэрхийллээс чөлөөлөх 1945 оны 8-9 дүгээр сард болсон дайнд оролцсон хүмүүс ч  байгаа. Тэднийг манай улсын ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар ялалтын 70 жилийн ойн медалиар шагнах ёстой. Бид энэ хүмүүсээс өнөөдрийн байдлаар 200 гаруй ахмад дайчинд ялалтын ойн медаль гардуулаад байна. Үлдсэн хүмүүст ойрын хугацаанд хүргэж өгөх ёстой. Би ялалтын ойтой холбогдуулан Элчин сайдын хувьд Монголын телевизүүдээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлэхдээ хүртэл одоогоор ойн медалиа гардаж аваагүй байгаа хүмүүст хандаж холбоо барих утсаа мэдээлсэн. Энэ утсаар өндөр насанд хүрсэн ахмад дайчдын үр хүүхэд, ах дүү нар нь холбоо барьж, хэзээ хаана гардан авахаа хэлж мэдэгдээч гэсэн хүсэлт ч тавьсан. Ахмад дайчид 80-аар тогтохгүй, 90 гарсан, бараг зуу шахсан хүмүүс байгаа. Алс холын сум, аймгаас өөрсдийн биеэр хүрэлцэн ирж, ирж гэдэг дотор би манай улсын консул байрлаж байгаа Эрдэнэт, Дархан хоёрыг оруулж байна, ойн медалиа авахад хэцүү байгаа гэдгийг ойлгож байгаа. Тийм болохоор бид ахмад дайчин аав ээж, бараг ихэнхдээ өвөө эмээ нарт зүй ёсоор олгогдож байгаа ойн медалийг үр хүүхэд нь хүрэлцэн ирж гардан авахад татгалзахгүй, ирж аваасай гэж хүсч байгаа юм. Тэр хүмүүс зохих баталгаа бичиг баримттай л байх ёстой.

 

 

-ОХУ, Оросын ард түмэн хэдхэн хоногийн дараа Аугаа их эх орны дайнд  ялсны 70 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Оросын ард түмний хувьд энэ дайн Аугаа их эх орны дайн  байсан. Энэ бол маргаад байхааргүй үнэн гэдгийг манай үзэгчид ялангуяа ахмад үеийнхэн сайн мэдэж байгаа. Харин залуусын хувьд наанатай цаанатай болоод байна. Тийм болохоор бусад улс орны хувьд, өнөөгийн энэ цаг үеийн хувьд ямар учиртай дайн байсан талаар товчхон тайлбарлаж өгөөч?

-Их ялалтын энэ ойг тэмдэглэх тайлбарлан таниулахад залуу үед ойлгуулж ухааруулах гэхээсээ илүү бас өөр нэг шаардлага гараад байна. Дэлхийн дайн дууссанаас хойш багагүй хугацаа өнгөрч эдүгээ тэр их дайнд оролцсон, их дайны хүнд хүчрийг үүрсэн хүмүүсийн тоо өдрөөс өдөрт хорогдож байна. Одоо бид 80, 90 жилийн ойг тэмдэглэхэд хэд хичнээн хүн нь, хэд хичнээн ахмад дайчид амьд байх нь тодорхойгүй. Тиймээс энэ ойд бүр ч илүү хүндэтгэлтэй хандах ёстой болоод байна шүү дээ. Тийм болохоор л бид энэ ахмад дайчдын оролцсон олон төрлийн ажил үйлсийг Монгол Улсын холбогдох байгууллага, хүмүүстэй хамтран хийхээр төлөвлөж, бас хийж байна. Бид тавдугаар сарын 3-нд УДБЭТ-т нэгдсэн хүндэтгэлийн концерт тоглуулсан. Тавдугаар сарын 8-нд бид ЭСЯ дээрээ их ойтой холбогдуулан хүндэтгэлийн зоог барина. Энэ хүндэтгэлийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй олон хүн хүрэлцэн ирэхээ илэрхийлээд байгаад бид талархалтай байна. Тавдугаар сарын 9-нд бид Чингисийн талбай дээр ёслолын ажиллагаатай холбогдуулан өргөн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. 

Монгол Улсын Зас­гийн газар, БХЯ, Улаанбаатар хотын захиргаа бидний энэ ажиллагааг голлон зохион байгуулж байгаа гэдгийг онцлон хэлж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувьд талархлаа илэрхийлье. Түүнээс гадна тавдугаар сарын 9-ний ялалтын парадад Монгол Улсын цэрэг армийн төлөөлөл оролцохоор болсонд бид их баяртай байгаа.  Жагсаалд оролцох цэргүүд одоо Москвад бэлтгэл сургуулилтаа хийж байна. ОХУ-ын батлан хамгаалах яамны бэлтгэл сургуулилтын талбайд баярын парадад оролцох ОХУ-ын цэрэг дайчидтай хамтарсан бэлтгэл хийгээд долоо илүү хонож байна. Энэ удаагийн ялалтын баярын парад өргөн олныг хамарсан байх нь ойлгомжтой байна. ОХУ-ын цэрэг дайчид гэхэд 15 мянга гаруй хүн оролцоно гэж мэдээлэгдэж байна.  Түүнээс гадна манай улстай нөхөрсөг найрсаг харилцаатай олон орны 1500 гаруй цэрэг дайчид оролцох гэж байна. Энэ парадын үеэр манай орны цэрэг дайчид орчин үеийнхээс гадна дэлхийн хоёрдугаар дайны үеийн хувцас өмсгөлтэй, зэр зэвсэгтэй оролцоно. Дэлхийн II дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн Т-34 танкаас эхлээд түүхт машин техник, зэр зэвсгийг ч харуулах болно. Т-34 танкийн зохих хэсэг Монголын ард түмний хөрөнгө мөнгөөр боссоныг бид мэднэ. Тухайн танкийн цуваа Берлин хүртэл амжилттай байлдсаныг ч бид мэднэ.  Энэ танкийн цувааныхан Монгол Улсын туг далбаа, билэг тэмдгийг Оросоос Европ хүртэл нэр төртэй өргөн мандуулж явсан. Түүнээс гадна энэхүү парадад хамгийн сүүлийн үеийн, шинэ, цэргийн шинжлэх ухааны сор амжилтыг үзүүлсэн техник, зэр зэвсгийг үзүүлнэ гэдгийг та бүхэн лав сонсон байх. Энэ бол шинэ танк төдийгүй цоо шинэ техник. Энэ бол мэргэжлийн хүрээнийхний анхаарлыг их татаж байгаа, ОХУ-ын цэрэг армид шинээр орж ирж байгаа зэр зэвсгүүд байгаа юм. Бид бас тавдугаар сарын 9-ний парадыг Чингисийн талбай дээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран телевизийн өргөн дэлгэцээр харуулахаар төлөвлөж байна. Энэ үеэр цэргийн хээрийн хоолоор дайлах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр хоолыг дэлхийн II дайны үеийн цэргүүдийн идэж байсан хоолтой аль болохоор ижил төстэй байлгахыг хичээх болно. Энэ лав Монголын хүн ардад сонин байх болов уу гэж бодож байна.

Ямар ч байсан Чингисийн талбай дээр зохиогдох үйл ажиллагааг олон янзын бөгөөд өргөн талтай байлгахыг хичээж байна. Харин ОХУ-ын ард иргэд бидний хувьд тавдугаар сарын 9-нд өрнөх гол үйл явдал бол Улаан талбайд болно.

Тавдугаар са­рын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид аугаа  их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн баярт, манай хоёр орны ард түмний хамтын ялалтын ойн баярт оролцохоор Москваг зорьсон. Ерөнхийлөгч өөрийн дагалдан яваа хүмүүсийнхээ хамтаар Улаан талбайд болох ёслолын ажиллагаанд оролцож, Монгол Улсын цэрэг дайчид ёслолын жагсаалд олон орны цэрэг дайчидтай мөр зэрэгцэн хэрхэн алхан өнгөрөхийг үзэх болно. Мөн тавугаар сарын 8-9-нд тэмдэглэн өнгөрүүлж байгаа их ойтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон ОХУын Засгийн газрын өмнөөс зохион байгуулагдах ёслолын бүх ажиллагаанд оролцоно.

Бид нарын хэлж байгаа энэ хүндэтгэлийн ажиллагаанаас өмнө, өөрөөр хэлбэл тавдугаар сарын 8-наас өмнө хоёр Ерөнхийлөгч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ойрын үед хийгдэх шинэчлэл өөрчлөлтийн талаар ярилцахаар төлөвлөж байна. Үүнийг бид хоёр улсын хэлэлцээрийн хэмжээнд үр дүн гарна гэж хүлээж байна. Чухам энэ нөхцөл байдлыг хангах үүднээс сүүлийн хэдэн сар манай ЭСЯ-ынхан бид Монгол Улсын Гадаад харилцааны яам, төр засгийн холбогдох байгууллагуудтай хамтран нэлээд ачаалалтай ажиллалаа. Энэ бол бидний хийх ёстой ажил.

Монголын цэрэг дайчид ОХУ хийгээд олон улсын цэрэг дайчидтай мөр зэрэгцэн Улаан талбай дээгүүр жагсан өнгөрөхийг Монголын ард түмэн хараад баярлан бахдаж, өмнө тогтсон найрсаг ах дүүгийн харилцаагаа эргэн санан, бахархах сэтгэл төрнө гэдэгт итгэж байна.

 

 

-Таны сая хэлсэн хоёр Ерөнхийлөгчийн энэ ажил хэрэгч уулзалтыг өнгөрсөн жилийн есдүгээр сарын айлчлалын үеэрх яриа хэлэлцээрийн үргэлжлэл гэж ойлгож болох уу?

-Олон улсын харилцаа бол тасралтгүй үргэлжилж байдаг үйл явц. Тэгэхээр өнгөрсөн жилийн есдүгээр сарын ажлын уулзалтын шууд үргэлжлэл гэж хэлж болохгүй л дээ. Манай хоёр орны хамтын ажиллагаа  шинэ зүйлээр баяжиж, өөрчлөгдөж шинэчлэгдэж байгаа үйл явц.

Хоёр Ерөнхийлөгчийн уулзалтын энэ удаагийн цар хүрээг өнгөрсөн жилийнхтэй харьцуулж болохгүй л дээ. Хамарч ярих хүрээ ч өнгөрсөн жилийн хүрээнд байхгүй байх. Гэхдээ хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт, дараа нь хоёр орны төр засгийн холбогдох байгууллагуудаар  тодрон ажил хэрэг болдог онцлогтой учраас үр дүнг урдчилан хэлэхэд ч бас хэцүү. Тийм болохоор хэрэгжих ажлын цар хүрээ зөвхөн нэг удаагийн  уулзалтаар гардаггүй онцлогтой. Уулзалтын үр дүнг шууд тухайн өдрийнхөөр хэмжиж болдоггүй талтай. Хэрэв та нар хүсвэл энэ хэлэлцээрийн талаар тусгайлан ярьж болох юм шүү дээ.

 

 

-Уучлаарай.Хоёр орны Ерөнхийлөгч дахин эдийн засгийн хамтын ажиллагааны ойрын төлөвийн талаар ярилцах гэж хэлсэн учраас тодруулсан юм. Ярьж байгаа үндсэн асуултдаа эргэн орьё. Дэлхийн II дайн тухайн үед оршин тогтнож байсан 73 орны 62 -ыг, дэлхийн газар нутгийн 80 хувийг хамарсан алалцаан, олон сая хүний амийг авч одсон гамшиг байсныг нотолсон олон тоо баримт хэлэгддэг. Гэтэл хэт үндсэрхэг үзэлтнүүд толгойгоо өндийлгөн зарим газар нутагт фашизм-нацизмын хувцсаар гоёсон этгээдүүдийн уриа уухай сонсогдох болоод байгаа учраас би асуугаад байна л даа. Энэ дайны ялалт гэж чухам юуг хэлэх вэ. Энэ ялалт чухам хэний ялалт болоод байна вэ?

-Яахав дайнтай холбогдуулаад янз бүрийн юм ярьж болно. Гэхдээ хамгийн гол нь үнэн явдлын баримт. Болсон үнэн явдал юу хэлээд байна вэ?  Дэлхийн II дайны хувь заяа Орос-Германы хил дээр шийдэгдсэн. Бүр Москва орчим, Сталинград, Курскт дэлхийн цаашдын хувь заяа хэрхэн эргэх нь шийдэгдэж байсан. Энэ бол бодит үнэн. Харамсалтай нь дайны хүндийг үүрч гарсан бүхэл бүтэн үеийн хүмүүс үгүй болж, ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаатай холбоотойгоор дэлхийн II дайны үйл явдал хэрхэн өрнөсөн, үр дүн ямар болсныг эргүүлэх гэсэн хандлага гараад байна. Тэгэхдээ энэ үйл явц бидний холбоотон орнуудын зүгээс биш, нэгдсэн бодлого, байр суурьтай орнуудад биш, түүний дотор Монгол оронд бүр биш, буруугаар эргүүлэх гуйвуулах хандлага гараад байгаа нь харамсалтай. Болж өнгөрсөн үйл явдлыг бүдэгрүүлэх, буруугаар тайлбарлах, хөшөө дурсгалыг буртаглах явдал гараад байгаа нь харамсалтай. Энэ үйл явцад орчин үеийн харилцаа холбооны хэрэгсэл түүний дотор интернэт ашиглан элдвээр гуйвуулах ажиллагаа явагдаж байна. Эхлээд харахад энд ямар нэгэн улсын төрийн бодлого, үзэл хандлага байхгүй юм шиг бодогдохоор байгаа боловч бодит байдалд энэ нь тийм биш байна. Ядаж л энэ мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээ тодорхой улс орнуудын хүрээ хяналтад оршиж байгаа.

Би бол ямагт бодит болсон үйл явдлын баримтанд тулгуурлах ёстой гэж хэлдэг. Одоо ч тэгж хэлмээр байна. Тухайлбал, зургаадугаар сарын 23-нд Монгол Улс тухайн үеийн ЗХУ-ын талд байна гэдгээ зарлан тунхагласан.

 

 

-Та 1941 оныг хэлж байна уу?

-Тэгэлгүй яахав, 1941 оны зургаадугаар сарын 23. Аугаа их эх орны дайн эхэлж, үргэлжилсэн он жилүүдэд монголчууд, Монгол Улс  ОХУ-тай хамт байсан. Тухайн үеийн нэрээр БНМАУ, Монголын ард түмэн ЗХУ-ОХУ-ын талд баттай зогсож байсныг би өнөөдөр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайдын хувьд хэлж байна. Монгол Улсын, монгол түмний илгээсэн ноосоор Зөвлөлтийн дайчдын таван хүний нэг нь шинель болгон өмсч байсан юм. Монголоос илгээсэн хүнсний мах хэмжээний хувьд дэлхийн хамгийн баян орон гэгддэг АНУ-аас илгээсэн махан консервтэй жингийн хувьд адилхан байсан юм. Монголоос илгээсэн адуу туулах чадвартай, зам голдоггүй, нэмэлт илүү их зүйл шаарддаггүй, чирэх техник тоног төхөөрөмжийн үүрэг гүйцэтгэсэн юм.

-Эрхэм хүндэт Элчин сайд аа. Энэ их ажлынхаа зав чөлөөгөөр цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Тохирсон ёсоор ойрын үед дахин уулзахын ерөөл тавин энэ удаагийн ярилцлагаа өндөрлөе.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Н.ПҮРЭВДАГВА

/Орчуулагч/

Shuud.mn
Сонин хачин
Ирсэн:
Энэ элчин сайд харин монголчуудтай ойлголцохоор бодолтой товарш бна. Хуучин элчин сайдууд нэг л томорсон дээрэлхэх байдалтай ярьдаг хумуус бсан шиг санах юм.Уг нь тусгаар улс гэдгийг минь бодолцоод,ах дуу шиг бсан аа санаад, ижил тэгш харилцах нь чухал юм.
2015-05-08
Зочин:
Orosuudtaigaa saixan nairsag xaritsaad, yadaj l benzinee modoo xyamdxan avaad baixad Mongolchuud bid ene tor zasgaas neex ix um xusexguigeer bololtsootoi amidraad baix um san daa
2015-05-08