Амар амгалан ханын шүүгээнд чинь байгаа
2015-05-10

Амар амгалан ханын шүүгээнд чинь байгаа 

 

Хэн нэгэн хүүгээ гадаад оронд үдэхээр догдолж байгаа. Хээр талд онд мэнд орсон төл малаа харж нэг малчин налайн суугаа. Шинэ хүнтэй болсон аав өлгий авахаар цаг гаргаж“шоопин” хийж яваа. Завсраар нь бас соосог авч нөөцөлж байгаа. Маажгий гуталтай хийж явж магадгүй. Гэхдээ шал тоохгүй яаруу яваа. Хүн болсны хэрэг бүтлээ гэсэн хөөр баяраар сэтгэлийн маажгий нь  тэгширчихсэн яваа.

Үг зөрж туньсан хос эргэж сайдахаар хуучин газраа болзсон байгаа. Цэцэг авах ч хэрэггүйг хоёулаа мэднэ. Бие биенээ санан үгүйлэхийн зайд “би чамд хайртай” гэж хэлэх цаг нь ирсэн. Чи би гэсэн хоёр эргийн дээрээс бие биесийн зүг гүүр барих хүсэл нь яг зүрхэн дээр нь цэцэглэчихсэн хөөрч байгаа.   

 

Төрсөн өдрөөр нөхдөөрөө хүрээлүүлж хэн нэгэн баярлаж  байгаа. Нас нэмлээ гэж уйтгарлахгүйн тулд баяр найр  зарлаагүй. Хаалга тогших найзуудаа бөөнөөр нь нэг харж жоохон халааж өгөөд баахан дуулуулж инээлдэх гэж хэдэн нөхдөө цуглуулсан байгаа.

 

Ногоо соёолох талд адуу тургилж унага нь тонгочиж цаахна нь шилбүүр барьсан жоохон хүү унах хүлгээ шинжиж зогсоо. Адуугаа “ёотон” бензтэй  зэрэгцэхээр ойр газар галзуу давхина гэж итгэж байгаа.

 

Жирийн амьдрал жирийн биш сайхан гэдгийг мэдрэх гэж хол ч явах хэрэггүй.  Хотын хонхроо хүн  ихтэй гэж ад үзэх ч хэрэггүй. Хэн нэгэнтэй сайхан зүйл ярих гэж утас шүүрэх хэрэггүй. Хаа нэгтээгээс дотно зочин хүлээдэг шигээ  амар амгалан өөрөө ирнэ гэж хүлээх хэрэггүй. Агуу том сэтгэл зүйн ботиудад мөнгө зарах хэрэггүй ээ.

 

Цэцэг  атаархам туузан лентээр гоёсон үеэ дурс Бүсгүйчүүд. Хэн нэгнийг шохоорхож харсан гуниггүй нүдээ олж хар. Толийтол самнасан сурагч халимагандаа нар наадуулж гүйж явснаа сана Эрчүүд. Хар цай савалж гараад өдөржин тоглодог халтар бага насаа дурс.

 

Оройн хоолондоо нам цохиулж орныхоо өмнө бүхлээрээ тасарч аавын халуун алганд хацраа илбүүлж зүүдэндээ инээдэг байснаа сана. Аав чинь хажууд чинь дахиад ирэх шиг болно. Гартаа заавал зургийг нь атгах хэрэггүй. Ганц тагш юм уух гэх хэрэггүй. Тархиа хүчилж мэдрэлээ албадах хэрэггүй. Тэнгэр ээж аав чинь чамайг дээрээс харж сайн явааг чинь сонсохоор чимээлж байдаг. Тэд дороо тодроод ирнэ.  Зүгээр л дурсаж бай

 

Тэглээ ч амар амгаланг түрхэн зуурч та олохгүй л гэнэ.

Ганц өдөр мөнгөгүй амьдарч болохыг нотлох гэж биш ганц өдөр мөнгө бодохгүй байж болохыг харах гэж хичээгээд үзэж болно. Амар амгаланг мэдрэхэд ямар нэг төлбөр хэрэггүй. Агуу их гэгээрлийн тухай ч бодох албагүй.

 

Амар амгалан тэгээд хаана байна.

 

Хуучин муусайн юмаа хийгээд мартсан хананы шүүгээнд чинь зүгээр л хэвтэж байгаа гэнэ. Тэр шүүгээ тархины чинь давчуу нэг буланд байгаа. Дутуу дарсан цоож хаалганд нь савлаж харагдана.Түлхүүр нь хамт зоолттой байгаа. Онгойлго.

 

Он солигдох бүрт хойш нь шидээд байсан олон зүйлсийн сайн муу дурсамж тэнд их байгаа. Амар амгалан хөөрхий бараг л хамгийн доор нь дарагдсан байгаа. Гаргаж ирж тоосыг нь сэгсрээд болоо. Амар амгаланг гаднаас хайх хэрэггүй гэдэг үнэн байна.

Гол зүйлийг нь орхиж. Амар амгаланг шүүгээнээсэ гаргаж авахдаа тархиндаа шүглэсэн “Би”-гийн бардамналаа атаархал хорсолтой нь давхарлаж скочдоод таагүй бодлуудтайгаа хамт тэнд нь хаячихаарай. Тэгээд цоожлоорой. Түлхүүрийг нь хаашаа ч хамаагүй шидчих. Тэд ер нь танд дахиж хэрэг болохгүй л байвал сайн.  

 

Гэгээрсэн  Буддагийн сургаалиас уншсанаа хар үгээр тоймлов.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Saihan Bichsen baina amar amgalang hvn ooroo ooroosoo l olno bi gesen bardamnal ataa horsol tusgui zvil bi tvvniigee haylaa hvn yur ni setgel tsagaan hvnd har muu yum sanahgui hudal helj hvn huurahgui yabbal amidrald hvn alzahgui bie setgeleeree ariun yabah dendvv saihan mongo horongo aldar ner hvnd chuhal bolobch etssiin etsest setgeliin amar amgalan hamgiin chuhal zvil mon sain vils bvhen delgereh boltugai
2015-05-12
Зочин:
Дараа нь нэг нь амар амгаланг хайж байна гээд өнөө скочдоод шидчихснийг чинь олоод авна даа яая даа байз
2015-05-10
taiga:
Ok
2015-05-10