Даамныхан 71 медальтай ирлээ
2015-05-11

 Монгол Улсаа төлөөлөн Ази тивийн Даамын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дөрөвдүгээр сарын 22-нд эх орноосоо мордсон тамирчид маань энэ сарын 9-ны бямба гаригийн 23:55 цагт эх орондоо эргэн ирлээ.

 

Ази тивийн 15 орны 200 гаруй даамчид оюун ухаан, авхаалж самбаагаа сорин оролцсон тус тэмцээн 64 буудалт, 100 буудалт, турк даам гэсэн төрлүүдээр зохион байгуулагджээ.

 

Энэхүү тэмцээнд манай улсаас гурван насны ангилалаар 80 гаруй тамирчид оролцож, 70 гаруй медальтай ирсэн ажээ. Эдгээр тамирчдын дунд манай сайтад өмнө нийтлэгдсэн “Б.Билгүүндарь охиныг зорьсон 1000 км”, “Оюунлаг монгол иргэдийг бүтээх оюуны спортыг дэмжие” цуврал сурвалжлагын эзэд болох Б.Билгүүндарь, С.Гандиймаа, Ө.Агиймаа, Г.Сүхбат багш нар байлаа. Мөн замын зардалд нь нэг сая төгрөг дутаад найзуудаа үдээд нутаг буцах гэж байтал мөнгө нь бүтчихлээ хэмээн мэдээлэгдэж байсан Ч.Дашпунцаг хүү багтжээ.

 

Манай сурвалжлах баг тэднийг эх орондоо ирэх үеэр нь уулзсан юм.

 

Даамын спортын дэд мастер, Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан Г.Сүхбат багш “Бид тэмцээндээ амжилттай сайн оролцоод ирлээ. Оноогоороо Узбекстан, Казакстан, Монгол гээд гуравдугаарт бичигдсэн. Медалийнхаа тоогоор Казакстанаас илүү гарсан ч ганцхан алтын зөрүүгээр чансаагаараа гуравт бичигдчихлээ. Тэмцээнд нийт 80 гаруй хүн оролцож, 100 буудалтын 3 төрөл, 64 буудалтын 3 төрөл, турк даамны төрөлд өрсөлдөөд 20 алт, 24 мөнгө,  27 хүрэл медальтай эх орондоо ирж байна.

 

Өрсөлдөгчдийн хувьд илүү хүчтэй болсон байна. Гэхдээ манай хүүхдүүд энэ удаагийн тэмцээнд амжилтаа ахиулж чадлаа. Бага насны хүүхдүүдийн ангилалд 7, 8 настай хүүхдүүдийг өрсөлдүүлсэн, Ө.Агиймаа энэ удаад ямар нэгэн шагнал аваагүй. Б.Билгүүндарь охины хувьд  турк даамнаас  алтан медаль, С.Гандиймаа үндсэн төрлөөс хүрэл медаль авлаа" гэв.

 

Азийн аваргад өрсөлдөөд ирсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг сонлоо.

 

С.Гандиймаа: “Тажекстан, Узбекстан гээд олон орны тамирчидтай өрсөлдлөө. Өнгөрсөн жилийн тэмцээнээс амжилтаа ахиулж чадсан. Ноднин 4,5-д орж, тусгай байр эзэлж байсан бол энэ жил нэг байраар урагшлуулж, хүрэл медаль хүртлээ.

 

Ө.Агиймаа: “Монголдоо тоглодогоос аймаар байсан. Дараа жил илүү сайн хичээнэ ээ”.

 

Б.Билгүүндарь: “Турк даамны төрөлд нэгдүгээр байр эзэллээ. Дэмжиж тусалсан бүх хүнд баярлалаа”.

 

Ч.Дашпунцаг: “Турк даамны тэмцээнээс алтан медаль хүртлээ”.

 

Энэ үеэр Ч.Дашпунцаг хүүгийн ээж н.Даваасүрэн “Хүүгийн маань замын зардалд нэг сая төгрөг дутсан байсныг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаасивээн тэтгэсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулга 1 сая, Д.Ганбат 200 мянган төгрөгөөр тусалсан. Өөр зөндөө олон хүн мөнгөн тусламж үзүүлсэн. Ивээн тэтгэсэн бүх хүмүүст баярлалаа. Та бүхний хүслийг биелүүлээд хүү маань алтан медальтай эргэн ирлээ. Г.Сүхбат багшдаа маш их баярлалаа” хэмээн талархалаа илэрхийлсэн юм.

 

Оюуны спортод эх орныхоо нэрийн өмнөөс амжилттай өрсөлдөөд ирсэн бусад тамирчдын төлөөлөл болсон нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн сурагчдаас мөн сэтгэгдлийг нь сонссон юм.

 

2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

 

Би Сонгинохайрхан дүүргийн 42 дугаарын сургуулийн 4а ангид сурдаг.

 

Намайг Г.Буяндэлгэр гэдэг.

 

Азийн аваргад 100 буудалт даамын үндсэн төрөл, Турк даамаар өрсөлдөөд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ.

 

Залуучууд насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдсөн

 

Намайг Б.Отгон-Эрдэнэ гэдэг.

 

42 дугаар сургуулийн 9д ангид суралцдаг. Азийн аваргаас 2  алт 1 мөнгө медаль хүртлээ.

 

Би 14-16 насны ангилалд 2 алт, залуучууд насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдсөн.

 

Миний охин нэгдүгээр ангиасаа шатар даам тоглосон

 

Н.Батбаатар: Отгон-Эрдэнэ охины аав “Миний охин нэгдүгээр ангиасаа шатар даам тоглосон. 100 буудалд даамаар хичээлээд 7 жил болж байна.

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн даамын 6 удаагийн аварга, Улсын аврага болж байсан. Ноднин жил Тайландын Банкок хотод болсон Ази тивийнаваргад 4 дүгээр байранд орсон.

 

Энэ жил Узбекстанаас 2 алт, нэг мөнгөн медальтай ирлээ. Баярлаж байна” гэлээ.

 

Энэхүү тэмцээнд Дорноговь аймгийн Ш.Өвгөн, М.Ганбаатар дасгалжуулагчтай даамчид өмнөх жилийн амжилтаа ахиулж, 14 медалийн эзэд болжээ. Ийнхүү манай оюуны спортын залгамж халаа болсон хүүхэд багачууд минь Азийн даамын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ.

 

Шатар, даам гэдэг яах аргагүй оюуны спорт. Цөөхөн хүн амтай манай улсын тамирчид 1 тэрбум гаруй хүнтэй Хятад, Энэтхэг болон100 гаруй сая хүнтэй Япон, Индонез, Бангладеш, Пакистан, 65 сая хүнтэй Солонгосын тамирчдыг ардаа орхин 15 улсаас медалиараа 2-т, чансаагаараа 3-т жагссан байна. Энэ бол монголчууд бидний бахархал.

 

Тэр ч утгаараа Монгол Улсын маань ирээдүйн эзэд болсон эдгээр хүүхдүүдэд зориулсан төрийн бодлого хэрэгтэй байна. Учир нь шатар даамын спортыг сонирхон суралцдаг хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байгаа. Тэдгээр хүүхдүүд оюун ухаанаараа өрсөлдөж, амжилтаараа ялгарч чадсан нь тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болдог. 

 

Гэтэл тэмцээнд явах хүүхдүүдийн зардал гэдэг эцэг эхчүүдийн хувьд хүндхэн асууудал болсоор удлаа. Манай нийтлэлийн эзэн Б.Билгүүндарь охин гэхэд өмнө нь 2013 онд Азийн аварга шалгаруулах тэмцээндамжилттай оролцож, 2014 онд нэг өнжөөд энэ жил дахин өрсөлдөхөөр явсан юм. Түүний зардал дутахад фейсбүүк цахим хуудсаар олон нийтэд мэдээлж, сайн санаат хүмүүсийн тус дэмээр ийнхүү тэмцээндээ яваад ирлээ.

 

Түүн шиг тэмцээнд явах болзолоо хангасан ч зардал мөнгөгүй гэртээ үлдэж байгаа хүүхдүүд  маш олон байдаг тул оюунлаг монголын ирээдүйн төлөө холбогдох байгууллагууд илүү анхаарах цаг нь болжээ.

 

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин