“Гэр бүлээрээ цусаа бэлэглэе” аян өрнүүлнэ
2015-05-11

1994 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг НҮБ-ын ерөнхий ассамблей “Гэр бүлийн өдөр” болгон зарласнаас хойш дэлхий даяар тэмдэглэж ирсэн билээ. Монгол улс энэхүү арга хэмжээнд нэгдэж Олон улсын гэр бүлийн өдрийг 11 дэх удаагаа тэмдэглэх гэж байна. Нийгмийн хамгийн жижиг хэсэг боловч хамгийн чухал үндэс суурь нь болсон гэр бүлийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой бөгөөд жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

 

Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс энэ өдрийг 14 салбар, өсвөр үеийн 8 төв, эмэгтэйчүүдийн 2 эмнэлгээрээ дамжуулан гэр бүлийн хөгжил, эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих, нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг боловсрол олгох олон үйл ажиллагааг зохион байгуулсаар ирсэн аж. Тус нийгэмлэгийнхэн энэ сарын 11-15-ны өдрүүдэд улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл нь гэр бүл гэдгийг сануулах зорилгоор “Эрүүл гэр бүл – Эрүүл ирээдүй” уриатай долоо хоногийн аяныг зохион байгуулж байна.

 

Аяны хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, нийслэлийн “Өргөө” амаржих газар, БГД-ийн засаг даргын тамгийн газар, ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны алба болон их дээд сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

 

“Эрүүл гэр бүл – Эрүүл ирээдүй” аяны үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

• Даваа гарагт-Нээлттэй хаалганы өдөр. МГБССН-ийн харъяа “Гэр бүл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн үйл ажиллагааг сурталчлах, охид эмэгтэйчүүдэд зориулан бүх жирэмслэхээс хамгаалах аргуудын үйлчилгээний үнийг 20% хямдруулах, үнэ төлбөргүй зөвлөгөө, ХДХВ/ДОХ-ын шинжилгээ өгөх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.

 

• Мягмар гарагт ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын Тандалт судалгааны албаны байранд  Олон Улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Гэр бүл төлөвлөлт ба ХДХВ” сэдэвт сургалт, уулзалт зохион байгуулна.

 

• Лхагва гарагт Нийгэмлэгийн дэргэдэх залуучуудын зөвлөл, сайн дурын клубаас оюутан сурагчдын дунд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдээлэл олгож, “I Decide” буюу “Өөрийнхөө ирээдүйг би өөрөө шийднэ” компанит ажлыг өрнүүлнэ.

 

• Пүрэв гарагт Хуучнаар нэгдүгээр төрөх буюу “Өргөө” амаржих газрынхантай хамтран жирэмсэн ээжүүд болон аавуудын дунд “Би удахгүй аав, ээж болно” сэдэвт өдөрлөг зохионо.

 

• Баасан гарагт Цус сэлбэлт судлалын Үндэсний төвтэй хамтран тус төвийн байранд “Гэр бүлээрээ цусаа бэлэглэе” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Мөн энэ өдөр Баянгол дүүргийн ЗДТГ, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Залуу гэр бүл” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

 

Түүнчлэн нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа нийгмийн ажилтнуудын дунд “Ногоон цай” арга хэмжээ зохион байгуулж, нийгэмлэгийн үйл ажиллагааг нийт хүн амд хүргэх, нийгэмлэгт шинэ гишүүн элсүүлэх үйл ажиллагаа зэргийг зохион байгуулах аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин