Баялгийн сан байгуулах асуудлыг хэлэлцэв
2015-05-12

 

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран өнөөдөр  Баялгийн сан байгуулах тухай уулзалт  хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлгийн эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хөтөлбөрийн талаар танилцуулаад Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ хүрээнд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байна гэлээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал энэхүү арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурал Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байна. Олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсын нийт газар нутгийн 15 хувь нь геологи судалгааны ажилд хамрагдсан тоо бий. Монгол Улсад ашигт малтмалын 6000 гаруй ордыг илрүүлээд байгаагийн 400 гаруйнх нь нөөц тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар үүний 200 гаруй орд нь ашиглагдаж байна гэсэн тооцоо гарсан. Энэ тоо юу харуулж байна вэ гэвэл Монгол Улс байгалийн асар их баялагтай. Үүнийгээ судалж амжаагүй байгааг харуулж байна. Түүнчлэн Монгол Улсад байгалийн баялаг дээрээ тулгуурлан хөгжих гарц харагдаж байна. Харин байгалийн баялагтаа эзэн ёсоор хандаж, нийт ард түмний эрх ашиг, сонирхолд нийцүүлэн удирдан чиглүүлэх нь том зорилт юм. Тиймээс үүнийг хуульчилж, гол гол субектуудын харилцааг зохицуулах нь чухал байна гээд энэ хүрээнд бусад орны туршлага, ололт амжилт, алдаа, сургамжийг ярилцаж, харилцан санал солилцон, мэдээлэл авах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна гэлээ. Энэхүү хэлэлцүүлгийг  Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал удирдан явуулсан юм.

 

Төрийн ордонд болсон тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч Андрю Бауэр Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавьлаа. Мөн  хуулийн төслийн гол заалтуудад судалгаа хийж зөвлөмж хүргүүлсэн юм. Зөвлөмжид Хүний хөгжил санг шууд Ирээдүйн өв санд багтаах, Сангийн өгөөжийн 5 жилийн дунджийн 4 хувийг төсөвт шилжүүлэх талаар судлах саналыг тусгажээ. Ингэснээр Монгол Улсын иргэдэд Ирээдүйн өв сангийн үр шимийг нэн даруй хүртээж эхэлнэ гэж үзэж байгаа аж. Энэ нь санг хамгаалахад дэмжлэг болж, ашигт малтмалын орлогоос илүүтэйгээр зарцуулах боломжийг хангана. Мөн зөвлөмжид Ирээдүйн өв сан зээл авахыг шууд хориглох, УИХ-аар жил тутам Ирээдүйн өв сангийн зарцуулалт болон хөрөнгө оруулалтын мандатыг баталдаг болох талаар судлан үзэх зэрэг багтжээ.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр нар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус уулзалт ярилцлагад Улсын Их Хурлын гишүүн С.Оюун, Ирээдүйн өв сангийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Канадын Элчин сайдын яамны төлөөлөгчид, бодлогын шинжээчид, судлаачид болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
dsaf:
dampuurchihaad yun san ve
2015-05-12