Дуут дохио дуугаргахад хууль бий
2015-05-15

Машин барихаар яах аргагүй улаан хэрүүлч болж байна. Эгнээ хаачихаад хөдөлж ядаад байгаа эсвэл бөөрөлхөж урдуур дайрсан нэгнээс хариугаа авахын тулд цочтол нь дуут дохио дуугаргаж, ардаа орхиж байж бах нь ханадаг. Тэртэй тэргүй таг түгжирчихээд байхад дор бүрнээ бухимдаж дуут дохиогоор уураа гаргаж балбаж нүднэ. За бараг жолооч болгонд байдаг шартай, хортой зан гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Хотын соёлд төдийлөн суралцаж гүйцээгүйгээс авто зам дээр дураараа бэлчдэг явган зорчигчдод сануулга өгч дуут дохиогоо хангинуулах хэрэг ч гарна.

 

Стресс бухимдлаар дүүрэн хотын замд дуут дохиог шаралхуу жолооч нар иймэрхүү байдлаар хэрэглэдэг бол зөвхөн гангарах гэж, гайхуулах гэж орилуулдаг нь ч байна.  Ялангуяа том, бага оврын нийтийн тээврийнхэн чихний хэнгэрэг хагалам дууг байнга шахуу цуурайтуулах нь төвөгтэй. Автобусны зогсоолд ирж зогсохдоо урд талд нь байсан нэгнээ хөөж, дуут дохиогоо огцом дуугаргаснаас болж нярай хүүхдийн тархинд цус харвасан харамсалтай үйл явдал өнгөрсөн онд болж байв. Авто зам руу харсан цонхтой орон сууцны айлууд ч дуут дохионы зовлонг хангалттай мэдэрч байгаа. Зүрх судас, тархи, мэдрэлийн өвчлөлд Улаанбаатарын замд зай замбараагүй чихэлдсэн тээврийн хэрэгслүүдийн өндөр давтамж бүхий дохионы дуу маш их үүрэг гүйцэтгэж байна.

 

Гэхдээ дуут дохиог дураараа хангинуулах нь хуулиар хориотой гэдгийг жолооч та мэдэх үү. Хориотойгоор барахгүй торгуултай, шийтгэлтэй. Замын цагдаагийнхан үүнд дорвитой шалгалт хийдэггүй, арга хэмжээ авдаггүйгээс уураа гаргаж сигналдаад байвал торгуулна гэдгээ жолооч нар төдийлөн мэддэггүй.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд Тусгай дуут дохиог хойшлуулшгүй албан үүрэг гүйцэтгэдэг, шуурхай ажлын болон төрийн үйлчилгээний тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэл хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Мөн энгийн иргэдийн хэрэглэдэг  дуут дохиог хэрхэн хэрэглэх талаар тодорхой тусгасан. Зөвхөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд, суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор дуут дохио хэрэглэнэ. Үүнээс бусад тохиолдолд дуут дохио хэрэглэвэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хэмээн үзэн 5-25 мянган төгрөгөөр торгох хуультай. Тэгэхээр хот суурин доторх замд учир утгагүй сигналдаад байдаг нөхдүүд бүгд торгуулах учиртай.

 

Замын цагдаагийнхан ч хуульд заасан дүрмээ баримталж, арга хэмжээ авч эхлэх цаг болжээ. Уул уурхайгаас бусад салбарт хэрэглэхийг хориглочихсон хийн дохио гэгчийг том оврын автобус, микроныхон хэрэглэж байгаа нь бас л хууль зөрчсөн асуудал. Автобус компаниуд өглөө бүр шалгалт хийдэг гэж өөрсдийгөө хаацайлдаг ч бодит байдал ямар байгааг бид бүгд мэднэ. Үүнээс гадна Монгол Улсад дуут дохио тийм байх ёстой гэсэн стандарт байдаггүй нь хачирхалтай. Харин 7.43 дицбалл буюу хүний намуухан ярих төвшинтэй ижил хэмжээтэй байвал хууль зөрчихгүй гэнэ. Гэвч тийм бага дуу гаргадаг сигнал хаана ч алга. Яалт ч үгүй жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо дуут дохиогоо дураараа орилуулж хэрхэвч болохгүй нь. Уг нь жил бүр тээврийн хэрэгслүүдийг оношлогоонд оруулахдаа үүнийг шалгах ёстой ч машин бүрийн сигналыг шалгана гэдэг бүтэхгүй асуудал гэж албаныхан тайлбарласан байх юм.

 

Тэгвэл машины дуу чимээ нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ. “Өндөр давтамжтай дуу чимээ сонсголын эсүүдэд нөлөөлж сонсгол буурч, дүлийрдэг. Тиймээс автомашины дуут дохио юм уу өөр гэнэтийн хүчтэй дуу чимээ хүний чихэнд хор нөлөөтэй. Нэг удаагийн гэнэтийн хүчтэй дуу чимээнээс болж таг дүлий болох тохиолдол бий.  Хүчтэй дуу чимээнээс үүсэлтэй сонсгол бууралттай хүмүүс ихэвчлэн сонсголын аппарат, мэс заслаар  сэргэнэ. Түүнээс эмийн  эмчилгээгээр сэргэхгүй” гэж Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Чих, хамар, хоолойн их эмч Д.Уранцэцэг ярьсан байна. Түүнээс гадна машины чанга дуу чимээнд байнга байх нь стресс, мэдрэлийн гаралтай өвчлөлд хүргэж байгааг бид анзаардаггүй. Тиймээс жолооч та дуут дохиогоо дураараа орилуулснаар торгууль төлөх, бүр цаашаад хүний эрүүл мэндэд халдсан гэмт хэрэгтэн ч болж мэднэ. Өнөөдрөөс эхлэн дуут дохиог дуугаргахдаа дарахдаа бодоцгооё жолооч нар аа.

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

 

Б.ТӨГС

Shuud.mn
Сонин хачин
soyoltoi irgen:
ehleed autobus nuudiin signal iig solih shaardlaga tawih heregtei bie bienee hundelye mongolchuuda
2015-05-16
Зочин:
Замын цагдаа ажлаа хий. Дээр нь төр ажлаа хий. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй.
2015-05-15
Зочин:
Замын цагдаа ажлаа хиыгээч ээ.
2015-05-15
darga:
500.000 togruguur torgoyo
2015-05-15