“Хятад Ромео” ганцхан найз охинтой гэв
2015-05-22

“Хятад Ромео” хэмээн олон улсад танигдаад буй Юань гэгч өчигдөр өгсөн мэдүүлгийнхээ үеэр “Би ганцхан найз охинтой. Бид ирэх сар гэрлэхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь 17 найз охины асуудлаас болж тэр надаас салсан. Би 17 найз охингүй. Яаж тийм олон бүсгүйтэй нэгэн зэрэг уулзах билээ” гэж хэлжээ. Юань үлдсэн 16 бүсгүйг зүгээр л танилууд гэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Түүний мэдэгдлийн дараа найз бүсгүй Ху Фунь гэгч “Бид хуримаа хийхээр төлөвлөж байсан. Миний гэдсэнд түүний хүүхэд бойжиж байна” гэсэн бол Софи гэх бүсгүй “Юань үнэхээр эелдэг. Би түүнд ухаангүй дурласан байсан. Үнэнийг мэдэх хүртлээ хятадын бүх эрчүүд түүн шиг байгаасай хэмээн бурханд залбирдаг байлаа. Үнэхээр харамсалтай байна” гэжээ.

 

Хунань мужийн цагдаагийн газраас мэдээлснээр “Залуугийн жинхэнэ нэрийг Ли Ли гэдэг бөгөөд залилан хийхийн тулд 2009 онд нэрээ өөрчилж, хуурамчаар зарим бичиг баримтыг өөрчилсөн” гэжээ.

 

Тэрбээр өнгөрсөн сарын сүүлээр авто осолд орж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эмнэлгийн ажилчид залуугийн гэр бүлтэй холбогдоход Юанийн найз бүсгүй гэх 17 эмэгтэй эмнэлэгт ирснээр “Хятад Ромео”-гийн дуулиан газар авчээ. Юань 17 найз бүсгүйгээсээ сар болгон санхүүгийн дэмжлэг авч, хуурч мэхэлдэг байсан нь мөрдлөгийн явцад ил болсон билээ. Тэрбээр гурван хүүхдийн эцэг гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин