ХСИС-ийн сургалтын хөтөлбөрийг сайжруулна
2015-05-23

Монгол Улс Засгийн газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн хооронд хэрэгжиж буй хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн тэргүүн, профессор Урсула Мэннле, Бавари муж улсын Хууль зүйн сайд, Ландтагийн (Парламент) гишүүн, профессор, доктор Винфрид Баусбак тэргүүтэй төлөөлөгчид манайд айлчилж байна.

 

 

Тэднийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хүлээн авч уулзаж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцжээ. Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Ханнс-Зайделийн сангийн хооронд 1995, 1998, 2001 онд байгуулж байсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн гарын үсэг зуржээ. Хамтын ажиллагааны чиглэлд өөрчлөлт ороогүй бөгөөд хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд захиргаа болон эрүүгийн эрх зүйн чиглэлийн хууль тогтоомжийн төсөл боловсруулахад  дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомж боловсруулах, үнэлэхэд шаардагдах судалгаа болон зардлын тооцоолол хийх аргачлалын чиглэлээр чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, Хууль сахиулахын их сургуулийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, багш, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

 

Мөн Хууль зүйн яам, ХБНГУ-ын Бавари муж улсын Хууль зүйн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. 

 

Төлөөлөгчдийн айлчлал ням гаригт өндөрлөнө.

Shuud.mn
Сонин хачин